АНУ Европын холбооны нөхөрлөл төгсөв

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

АНУ Европын холбооны нөхөрлөл төгсөв

АНУ Европын холбооны нөхөрлөл төгсөв

Бизнесмен Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болсноор дэлхийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, олон шинэ нөхцөл байдал үүсээд байна. Дональд Трамп АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих бодлогыг баримталж, Нэгдсэн улсад хохиролтой гэж үзсэн хэд хэдэн гэрээг цуцлаад байна. Тухайлбал, тэрбээр Европын холбоотнуудын анхааруулгыг үл хайхран Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс АНУ-ыг гаргасан. Харин АНУ гэрээнээс гарсан ч  Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг авч үлдэх ашиг сонирхол Европын холбоонд байна. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон пүрэв гаригт Европын холбоо Ирантай бизнес эрхэлдэг компаниудын эрх ашгийг АНУ-ын хоригоос хамгаалахаа мэдэгджээ. АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс гарснаар ирэх долдугаар сард Тегераны эсрэг эдийн засгийн хориг сэргэх нөхцөл байдал үүссэн юм. Энэ нь Иран улстай бизнесийн харилцаатай Европын компаниудын эрх ашгийг хөндөх болоод байна. Европын холбооноос  Ирантай эдийн засгийн харилцаагаа улам сайжруулах газрын тос, байгалийн хий, шатахуун зэрэг түүхий эдийн нийлүүлэлтийг нь тасалдуулахгүй байх, банкны системийн үр ашигт шилжүүлгийг ашиглах, далайн, агаарын, газрын, төмөр замын тээврийн салбарт нь хамтран ажилласан хэвээр байх бодлого барьж байна.

Үүний зэрэгцээ Дональд Трамп өнгөрсөн гуравдугаар сард ган, хөнгөн цагаанд  10-25 хувийн гаалийн татвар ногдуулсан юм. Ингэхдээ  Европын холбооны 28 орныг ирэх зургадугаар сарын 1 хүртэл татварын шинэ тарифаас түр чөлөөлсөн аж. Харин Европын холбоо АНУ-ын талд хандан шинэ тарифаас тодорхой заасан хугацаа эсвэл ямар нэгэн нөхцөлгүйгээр чөлөөлөгдөхийг хүсчээ. Балканы хойгийн орнуудын чуулга уулзалтад цугласан Европын холбооны төрийн тэргүүнүүд цуглах үеэр Францын ерөнхийлөгч дээрх санааг илэрхийлжээ. АНУ-аас гаалийн тарифын шинэ журмаа эргэж харахгүй бол Европын холбооноос 2.8 тэрбум еврогийн өртөг бүхий АНУ-ын бараа бүтээгдэхүүнд татварыг нэмэгдүүлэх аж.  Европын холбоо нь Атлантын далай дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлийг сайжруулах болон Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг шинэчлэхээр ажиллаж эхэлсэн гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгдэв.

Үүний зэрэгцээ ОХУ-аас Герман улс руу байгалийн хий дамжуулах  хийн хоолойн хоёрдугаар төслийг АНУ-аас хүчтэй эсэргүүцэж байна. Хийн хоолойгоор халхлан ОХУ нь Балтын тэнгист шинэ тагнах, чагнах технологийг байршуулж байгаа тухай АНУ-ын тагнуулын агентлаг анхааруулжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын эрчим хүчний асуудал хариуцсан орлогч Сандра Оудкирк Берлин хотноо хэвлэлийн хурлын үеэр Герман улс Оросоос байгалийн хий хоолой татах төсөл бол муу сонголт гэж мэдэгджээ. Оросын Газпром болон Барууны компаниудын консорциум хамтран байгалийн хоолой барих хоёрдугаар төслийн ажлыг эхлүүлсэн аж. “Газпром” компани ОХУ-ыг Германтай шууд холбосон анхны хийн хоолойг 2011 онд нээсэн. Хөрш орнууд эсэргүүцэж, техникийн саад бэрхшээлтэй тулгарсан ч Балтийн тэнгисийн доогуур тавьсан 1226 км урт хийн хоолойн төсөл амжилттай болж, өдгөө хоёрдугаар төсөл эхэлжээ.  Нөгөө талаар 12.1 тэрбум ам.доллараар бүтэж буй байгалийн хий дамжуулах хоолой Европыг  Оросын эрчим хүчнээс хараат болгоно гэдэг түгшүүр төрүүлж байгаа юм. Оросын эрчим хүчний “Газпром” Европын холбооны хийн хэрэглээний дөрөвний нэг хувийг нийлүүлдэг билээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж