Хүн амын бодлогын тухай хуулийн улмаас хүчээр засуулж, үр удмаа үлдээх чадвараа алдсан иргэд Засгийн газрынхаа эсрэг шүүхэд зарга мэдүүлжээ. Тэд Японы засгийн газрыг хүний эрхийг хурцаар зөрчсөн хуулийнхаа өмнөөс уучлал гуйж, нөхөн төлбөр олгохыг шаардан хохирогчдын хөдөлгөөнийг үүсгэжээ. Япон улсад 1948-1996 оны хооронд хэрэгжиж байсан хуулийн хүрээнд 16500 хүн хүчээр засуулсан гэж эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна.
Шүүхэд гомдол гаргасан хохирогчдын нэг 75 настай эрэгтэй “Бусад хохирогчид ч олны өмнө гарч, олон жил шаналсан сэтгэлийн эмзэглэлээ тайлаасай. Засгийн газар миний амьдралыг булааж авснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйхыг хүсч байна” гэжээ. Тэрбээр өсвөр насандаа засуулсан ба эхнэрээ 2013 онд нас барах хүртэл энэ үнэнийг нууж явсан байна. Тэрбээр Японы засгийн газраас 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилжээ.
Хүн амын бодлогын тухай хууль нь эмчийн магадалгаагаар хөгжлийн бэрхшээлд хүргэх удамшлын өвчинтэй нь тогтоогдсон хүмүүсийг хүчээр засахыг зөвшөөрдөг байв. Ингэснээр эрүүл, хүчирхэг хойч ирээдүйг бий болгохыг зорьж байжээ. Одоогоор тус улсад 8500 орчим хохирогч эсэн мэнд байгаа гэж өмгөөлөгчдийн зүгээс мэдээлсэн ч олонх нь нийтэд гарахаас татгалзаж байгаа аж. Хамгийн анх өнгөрсөн нэгдүгээр сард 60 настай эмэгтэй Засгийн газрын эсрэг зарга үүсгэж 11 сая иен буюу ойролцоогоор 100 мянган ам.доллар нэхэмжилжээ. Тэрбээр 15 настай байхдаа хоёр өндгөвчөө авхуулсан аж.
Японы зарим хууль тогтоогчид өнгөрсөн гуравдугаар сараас хойш хохирогчдод нөхөн төлбөр олгох хуулийн төслийг санаачлан хэлэлцэж эхэлжээ. Гэвч хохирогчид хууль хэрэгжиж эхлэх хугацааг хүлээж чадахгүй гэж мэдэгджээ. Японоос гадна Герман, Швед улсад үүнтэй ижил хууль хэрэгжиж байсан ба засгийн газраас нь хохирогчдоос уучлал гуйж, нөхөн төлбөр өгчээ.
Эх сурвалж: Agence France Press
Б.ТУЯА