Х.Баттулга: Монгол малгүй, малчингүй болох нь

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Монгол малгүй, малчингүй болох нь

Х.Баттулга: Монгол малгүй, малчингүй болох нь

Мал аж ахуйн салбарын хөгжил, бүтээмжийн хөдөлгөгч хүч болсон  малчид өнөөдөр Төрийн ордонд чуулж байна. Тодруулбал, “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, мал аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэн, мэргэжилтнүүд зэрэг 150 гаруй төлөөлөгч, 700 гаруй малчид оролцож байна.

Энэ үеэр малчид мал маллах уламжлалт арга ухаан, туршлагаа хуваалцах, тулгамдаж  буй асуудлаа хэлэлцэн, шийдэхэд тус зөвлөгөөний зорилго оршиж байгаа юм.

 ХХААХҮ-ийн сайд  Б.Батзориг  “Цаашид мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхийн тулд зах зээлд гаргах түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарч, малчин, өрх бүр үндэсний үйлдвэрлэгчийн баталгааны тэмдгээ ашигладаг байх, дэвшилтэт техник, технологи, инновацийг нэвтрүүлэх, цахим технологийн дэвшлийг ашиглан малчдыг мэдээллээр байнга хангах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай” гэдгийг  дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  “Би хөдөө аж ахуйн салбарыг хариуцсан сайдаар ажиллаж байхдаа дэлхийд алдартай “Зара” брэндийн арьс, ширний бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг хийдэг баг бүрэлдэхүүнтэй хамтраад арьс, шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г гаргуулсан. Тодорхой түвшинд ярилцаж, хэлэлцээд Монголын 8-10 сая ширхэг арьсыг боловсруулаад, тэдний бүтээгдэхүүн болгож дэлхий даяар борлуулах ТЭЗҮ боловсруулсан юм. Гэвч, газар олголт гэх мэт жижиг сажиг асуудал дээр одоог хүртэл гацчихаад байгаа юм. Өчигдөр бид салбарын сайдтай нь арьс, шир боловсруулах хэд, хэдэн үйлдвэрээр орсон. Өнөөгийн түвшин, дэлхийн түвшин хоёрын харьцаа асар холдсон байна. Арьс, шир боловсруулж байгаа хүмүүс бор зүрхээрээ л явж байна. Тэдэнд зориулсан бодлого, тэдэнд зориулсан зээл гэж алга. Салбарын сайд нь хамт явсан учраас дорвитой алхмуудыг бодож олох хэрэгтэй байна.  Долоо хоногийн өмнө салбарын сайдтай нь уулзаад маш энгийн шийдлүүдийг олсон. Цөлжиж байгаа говио усжуулах, бэлчээршүүлэх ажлаа бодохгүй бол мал дагасан малчид, дэлхийн хамгийн сүүлийн нүүдэлчин улс маань малгүй, малчингүй болох нь” гэв.

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл  2017 оны эхэнд 3,5  их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 10,3 хувь, ХАА-н үйлдвэрлэлд 84.2 хувийг эзэлж байна. Малын тоо 66.2 саяд хүрч, мал аж ахуйгаас 343.7 мянган тонн мах, 891.5 сая литр сүү, 14 сая ширхэг арьс шир, 29,1 мянган тонн ноос, 9,5 мянган тонн ноолуур бэлтгэжээ.

Сэлэнгэ аймгийн малчин О.Сүхбат:

Манай улс малын тооны араас хөөцөлдөхөө болимоор байна. Мянгат малчин гэдгийг өөр өнцгөөс хардаг болмоор байна. Чанартай, цөөн тооны, ашиг шим өндөртэй малыг үржүүлэх нь чухал байтал тоог чухалчлаад олон жил боллоо.  Газар тариалангийн  бүс нутаг болох Сэлэнгэ аймагт эрчимжсэн мал аж ахуйг анхаарахгүй бол орхигдож байна. Жилийн дөрвөн улиралд нүүдэллэх  нутаггүй ч боллоо.  Энэ чиглэлд төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах, арьс шир, ноос ноосон бүтээгдэхүүнийг малчдын гар дээрээс зөв зохистой авах талаар төр бодлого боловсруулахгүй бол ченж нэртэй хэсэг бүлэг хүмүүсийн гараар орж байна. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэсэн шиг малчид бид ирсэнд нь л  малын бүтээгдэхүүнээ өгдөг. Энэ асуудлаар  зөвлөгөөнөөс шийдэл гарах байх гэдэгт найдаж байна.

Завхан аймгийн Тэлмэн сумын малчин Б.Шаравсамбуу:

Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал  орхигдож байна. Малыг зөвхөн мах төдийгөөр хардаг. Малаас гардаг дайвар бүтээгдэхүүнүүдийг хогийн хонхор руу хаядаг боллоо. Малчид залхуудаа биш нэг хонины цувдайг зарахын  тулд 500 төгрөгөөр Улаанбаатар руу зардал гардаг. Ийм болохоор л дайвар бүтээгдэхүүнүүдийг хаяхад хүрч байна. Энэ талд төр засаг анхаарч малаас гардаг бүхий л түүхий эдийг үнэд оруулмаар байна.

Өнгөрсөн жилийн малчдын зөвлөгөөнөөр малын эрүүл мэнд , монгол малын удам зүйг хамгаалах тухай  асуудлуудыг авч хэлэлцсэний үр дүнд УИХ-аас Малын генетик нөөцийн тухай хууль, Малын эрүүл мэндийн тухай хууль батлуулан ирэх зургаадугаар сарын 1-нээс хэрэгжих болсон. Тэгвэл энэ жилийн зөвлөгөөнөөр бэлчээрийн төлбөрийн асуудлыг ухаалгаар шийдэх гарцыг олоход чиглэгдэж байна.

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөн  мал аж ахуйн салбарын суурь хуулиудын тайлбарыг малчдад таниулах арга хэмжээгээр үргэлжилж байна.  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж