ГХЯ: Хойд Солонгос, АНУ-ын удирдагчдын уулзалтыг анхааралтай ажиглаж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

ГХЯ: Хойд Солонгос, АНУ-ын удирдагчдын уулзалтыг анхааралтай ажиглаж байна

ГХЯ: Хойд Солонгос, АНУ-ын удирдагчдын уулзалтыг анхааралтай ажиглаж байна

Гадаад харилцааны яамнаас хэвлэлийн бага хурал зарлаж, ГССХГ-ын дарга хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг цаг үеийн асуудлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр мэдээллийн эхэнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д ажлын айлчлал амжилттай хийж байгаа талаар онцлов. Гадаад харилцааны сайд нарын хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу өндөр түвшинд хөгжиж, яриа хэлэлцээ бүхий л салбарт идэвхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна.  Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцжээ.

Энэ удаагийн Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн айлчлал нь найрсаг, дулаан уур амьсгалд болж, Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэв.

Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын улсын иргэдийг Казакстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан асуудал үүссэн. Энэ асуудлаар яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Олон улсын Иргэний нисэхийн байгууллага болон НҮБ-аас 2016 онд гадаадад зорчиж буй иргэдийн паспортыг гараар сунгах нь эргээд олон улсын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг тухай мэдээлж улмаар иргэдийн гадаад паспортыг сунгахгүй байх шийдвэр тогтоол гаргасан байдаг. Үүний дагуу манай улс 2018 оны нэгдүгээр сарын 3-наас эхлэн иргэдийн гадаад паспортын сунгалт хийхийг зогсоосон. Үүнээс өмнө сунгалт хийлгэсэн иргэдийн гадаад паспорт хүчинтэй хэвээр байна. Дээрх хугацаанаас хойш тухайн иргэний  паспортын хугацаа нь дууссан бол шинээр дахин паспорт авна.  Казакстан улсаас сунгалттай паспорт манай улсын иргэдийг буцаасан хоёр тохиолдол гарсан. Тиймээс цаашид манай улсын иргэд  Казакстан, Израиль, Өмнөд Африк, Их Британи улс руу сунгалттай паспорттай зорчихгүй байхыг анхааруулж байгаа. Ойрын өдрүүдэд Элчин сайдын яамдаар дамжуулан тухайн улсын хил гаалийн газруудаас  тодорхой мэдээллийг авахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл  иргэд сунгалттай паспорттай зорчих хүчинтэй эсэхийг баталгаажуулна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ зохион байгуулагдах Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний  уулзалтад оролцох хүсэлтээ өгсөн ч хариу нь одоогоор ирээгүй тухай сонссон. Айлчлалын тов гарсан болов уу?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний  уулзалт ирэх зургаадугаар сарын 9-10 ны өдрүүдэд БНХАУ-д болно. Тус уулзалтад Ерөнхийлөгч оролцохоор төлөвлөж байна. Уулзалтад оролцох эсэх талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгөх байх.

-Хойд Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг  Монгол Улсад зохион байгуулах талаар хэвлэлүүд бичиж байсан. Энэ талаар  манай улсад албан ёсны хүсэлт ирсэн болов уу?

-Хүсэлт бол ирээгүй. Хойд Солонгос, АНУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг  анхааралтай ажиглаж байна. Цаашлаад тус бүс нутаг цөмийн зэвсэггүй, энх тайван  улс болоосой гэж бодож байна.

-Гадаад улс оронд манай улсын хэчнээн иргэн  хар тамхины хэрэг холбогдоод байгаа вэ?

-Одоогийн байдлаар Хятадад манай улсын 27 иргэн хар тамхины хэргээр  холбогдсон. Хар тамхи тээвэрлэх, зөөвөрлөх нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог учраас байнгын хараа хяналт тавигддаг асуудал. Сүүлийн үед манай улсын иргэд хар тамхины хэрэгт холбогдож байгаа иргэд  гадаадад зорчих үедээ сонор сэрэмжтэй байж санамсаргүй байдлаар бусдын тээшийг авч явахгүй байхыг яамны зүгээс анхааруулж байна.

-Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар цаашид  аль улсад  айлчлал хийхээр төлөвлөж байна вэ?

-АНУ-д айлчлах  хийхээр төлөвлөж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлсэн олон талт үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа.

-Монгол Улсын иргэд өнөөдөр энгийн паспортаар 16 оронд, албаны болон дипломат паспортаар дэлхийн 29 оронд визгүй зорчиж байна. Гадаад харилцааны яам АНУ-ын Элчин сайдын яаманд монголчуудыг тус улсад урт хугацааны гэрээгээр ажиллуулах хүсэлт тавьсны дүнд ирэх АНУ-ын Элчин сайдын яам монголчуудад хөдөлмөр эрхлэх боломжтой  H2 виз олгох асуудал яригдсан. Энэ асуудал өнөөдөр хэр ажил хэрэг болж байна вэ?

-Гадаад хэргийн яамны зүгээс  АНУ-ын холбогдох газруудад  H2 визний талаар илүү нарийвчилсан мэдээллийг авахаар тодруулж байгаа.  Одоогоор энэ төрлийн H2 визэнд хамрагдсан иргэн байхгүй.

Ш.АДЪЯАМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж