Тэмцэгчдэд “эзлэгдсэн” Сүхбаатарын талбай

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Тэмцэгчдэд “эзлэгдсэн” Сүхбаатарын талбай

Тэмцэгчдэд “эзлэгдсэн” Сүхбаатарын талбай

Өнгөрсөн даваа гаригаас эхлэн тэмцэгчдэд “эзлэгдсэн” Сүхбаатарын талбай өнөөдөр амсхийх завгүй өнжих нь.  Талбайн төв хэсэгт яг одоо Гэр хороолол хөдөлгөөнийхөн хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж суулт зарласан бол нөгөө хэсэгт нь эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавин, жагсаж байна.

Улаан дарцагтай нь хотын экс дарга Э.Бат-Үүлээр удирдуулсан Гэр хороолол хөдөлгөөнийхөн бол хөх хантаазтай нь эмч, сувилагчид юм.

Тэмцэгчдийн эцсийн бай эрх баригчдыг л буулгаж авах байдаг. Аль ч нам Засгийн эрхэнд гарсан сөрсөн базаа нь жагсаал, цуглаан байсаар ирснийг иргэд ч андахгүй болсон.  Гол нь тавьж байгаа шаардлага нь хэсэг бүлэг хүний эрх ашгийг хамгаалахад чиглэж байна уу, олон нийтийн эрх ашгийг хамгаалахад хандаж байгаа юу гэдэгт л оршдог. Гэр хороолол хөдөлгөөнийхөн иргэдийн хашааны газрыг байрны урьдчилгаанд тооцож авах шийдвэрийг хотоос гаргасныг эсэргүүцэж буй. 

Ардчилсан нам хотыг удирдаж байхдаа иргэдийн хашааны газрыг байраар сольсон. Харин энэ удаад зөвхөн байрны урьдчилгаа болж хувирсан нь хөдөлгөөн байгуулахад хүргэжээ.

Уг нь хотын дарга С.Батболд тэдэнд “урилга” илгээж, талууд хэлэлцээрийн ширээний ард суусан ч тэмцэл зогсоогүй нь ойлголцолд хүрч чадсангүй ээ гэж харж болохоор буй.

Харин эмч, багш нарын тэмцэл цалингаа нэмүүлэхэд чиглэж байна.  Эмч нарын сарын дундаж цалин 500.000-600.000 төгрөг тул  50 хувиар нэмэхийг шаардаж байна. Багш нарын хувьд цалингаа 1.6 сая төгрөгт хүргэхийг шаардсан хэвээр байгаа.

Гэвч Засгийн газрын хувьд Олон улсын валютын сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тул эмч, багш нарын шаардлагыг хүлээн авах боломжгүй нь нэгэнтээ тодорхой болсон. Харин зургаан сар тэсвэл 2019 оноос төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой болно.

Гол нь Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шийдвэр гаргахтай зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь эргээд инфляцыг хөөрөгдөж, төгрөгийг үнэгүйдүүлдэг тул энэ бүхний бэлтгэлийг ч хангах шаардлага тулгарч буй. Өөрөөр хэлбэл, эдийн засагт шок үүсгэхгүйгээр цалингийн нэмэгдлийг шийдвэрлэх гарц хайх хэрэгтэй болж байгаа хэрэг юм. Энэ бол цалингийн нэмэгдлийг хөдөлмөрийн бүтээмжтэй уях явдал гэдгийг хаа, хаанаа анхаарчихад илүүдэхгүй биз ээ.

Цалин нэмэгдэж л байгаа бол төрийн албаны үйлчилгээ сайжрах ёстой.

Харин талбайд суулт зарласан тэмцэгчид энийг хэр ухаарч байгаа юм болдоо.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж