Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

"Не пойман, не вор"

"Не пойман, не вор"

‘Не пойман, не вор’ гэдэг орос хэлц бий. Дандаа хэлтэй устайгаасаа болж оргож бусгаад алга болчихно гэсэн хардлагаас үүдэн агнасан “тул”-аа “яс” хорьж байгаа манай “чекистүүд” үүний утгыг сайн мэдэх биз. Хэдийгээр эдүгээ хоригдож буй экс Ерөнхий сайдууд, экс Сангийн сайд, “Эрдэнэс Монгол”-ын захирал асан нар МАН, АН-ынх аль аль нь байгаа учраас улстөрчдийн оролцоо тэдний хувьд  ‘Медвежья услуга’ гэгч л болоод байна. Улс төрийн шийдэл, шийдвэрийг шүүвэл улс төрийн хоригдол “үүсдэг” бол одоо хоригдож, шалгагдаж байгаа нөхөд арай л чамлалттай цөөхүүлээ мэт. Тэднийг өнөөдөр “эдийн засгийн алуурчин”, “эрүүгийн гэмт хэрэгтэн”, “авлигач”, “улс төрийн хоригдол” гэхчлэн янз бүрээр нэрлэж байна. Олон нийтийн дийлэнх нь улстөрч хүмүүс холбогдсон болохоор тэднийг “улс төрийн хоригдол мөн” гэж ойлгож буй нь ч сошиал мэдээллийн хуудаснаас харагдах болов.

Тэд улс төрийн хоригдол мөн үү?

Европын Зөвлөлийн Парламентын Ассамблейн депутатууд Германы депутат Кристоф Штрессерийн илтгэлийн дагуу 2012 оны аравдугаар сарын 3-ны өдөр батлагдсан тогтоолд Европын Хүний эрхийн конвенцийг зөрчсөний улмаас хоригдож байгаа хүмүүсийг улс төрийн хоригдол гэж үзнэ хэмээн заажээ. Үүнд зааснаар үзэл бодол, үг хэлэх болон цуглалдан нийлэх эрх зэрэг хүний үндсэн эрх нь зөрчигдөн хувийн эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүн бүрийг улс төрийн хоригдол гэж зарлах учиртай гэнэ. “Улс төрийн хоригдол” гэсэн ангилалд хууль зөрчөөгүй ч улс төрийн шалтгаанаар хоригдогсод, мөн тэдэнд өгсөн ял нь хийсэн хэргээс нь хэтрүүлэн яллан өгсөн хугацаа ба хоригдох нөхцөлийг нь заасан бүгд хамрагдах аж. Мөн улс төрийн утгаар шударга бусаар шүүгдсэн хүмүүс ч улс төрийн хоригдол болж байна. ЕЗПА-н депутатууд энэ ангилалд хамрагдах улс төрийн хоригдлуудын хэргийг авч үзэхийг Европын зөвлөлийн гишүүн орнуудад хандан уриалга гаргасан байдаг. Энэ ангилалд тухайлбал, Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенко, ЮКОС-ийн тэргүүн байсан Михаил Ходорковский болон Оросын  Pussy Riot панк хамтлагийн дуучин бүсгүйчүүд хамрагдаж байв. Гэхдээ “улс төрийн хоригдол” гэдэг нэр томьёо Нельсон Манделлад зохидог шигээ манай улстөрч хоригдлуудад зохихгүй байгаа юм. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Гурван парламент дамжсан асуудлын дэнсийг шүүхэд даатгаж болохгүй. Улс төрийн шийдвэрийн зөв, бурууг шүүх тогтоож эхэлбэл Монгол Улсад улс төрийн хоригдлууд шинээр төрж эхэлнэ” хэмээн хорих ангиас бичсэн захиандаа бичжээ.

Дашрамд сануулахад С.Баярыг “улс төрийн хоригдол” болоход чамгүй идэвх чармайлт гаргасан Ж.Батзандан 2008 оны сонгуулийн дараа буюу 2008 оны наймдугаар сарын 11-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хилс хэрэгт гүтгэгдэж, улс төрийн шалтгаанаар 32 хоног ‘Ганц худаг’-т суулаа. Улс төрийн хоригдол болж үзлээ” хэмээн байв. Харин үүнээс дөрвөн жилийн дараа буюу 2012 оны тавдугаар сарын 2-нд хараат бус 10 гаруй хуульч иргэдийн дунд “судалгаа” явуулаад Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “улс төрийн хоригдол” болохыг тогтоочихоод хэвлэлийн бага хурал хийлгэж байж билээ. “Эрүүл мэндийг нь анхаарахгүй байна”, “барьцаа хөрөнгө өгье гэсэн ч суллахгүй байна”, тэгэхээр энэ бол сонгуультай холбоотой гээд л дүгнэж гарлаа.

Ямартай ч одоо хоригдож байгаа “экс дарга нар”-ын хэрэг нь улс төрийн үймээнтэй холбоотой Ж.Батзандан, О.Магнай, Г.Арслан нарын хоригдсон шалтгаанаас өөр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярынхтай дөхүү хэдий ч бас харьцуулж боломгүй, мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгын “холбогдсон хэрэг” болон “Хөхөнд чинь хүрч болох уу” гэчихсэн Японы Сангийн яамны дэд сайдынхаас бүр ч өөр гэдэг нь ойлгомжтой. Тэгэхээр улстөрч гэмт хэрэгт холбогдсон бол улс төрийн хоригдол нэр зүүгээд байх уу. Эсвэл улс төрд , эсвэл эдийн засагт учруулсан хохирлоор нь ялгаж салгахын тулд “Эдийн засгийн хоригдол” гэж нэрлээд яг одоогийнх шигээ “яс” хориод байх уу гэдгээ ч цэгцлэх хэрэгтэй болов уу. Эсвээс хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж үнэн бодит байдал тогтоогдтол “улс төрийн хоригдол” гэгдэж явах уу. Ганцаараа, өөрөө өөртэйгөө гэрээ байгуулаад хэрэгжүүлчихээгүй учраас “нөгөө тал” гэж бий. Ийм хүмүүстэй томоохон төсөл хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан нөгөө талын хүмүүс ямар нэр хүндтэй үлдэх юм бэ. Андуурч эндүүрсэн, удтал шалгаад гэмт үйлдэл тогтоогдохгүй бол нэр төрийг нь яаж “цэвэрлэх” юм бэ. Олигтойхон уучлал ч гуйж сураагүй Монголын хууль,хяналтын байгууллага бусдын нэр хүнд, бие сэтгэл, эрүүл мэндийн хохирлыг яаж барагдуулж байсан “практик түүхтэй” билээ гээд бодохоор ‘Не пойман, не вор’-ын цаана нөхөж баршгүй хохирол үлддэг нь харамсалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж