Ноолуурын салбарт хятадад “ялагдаж” байна

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Ноолуурын салбарт хятадад “ялагдаж” байна

Ноолуурын салбарт хятадад “ялагдаж” байна

Монгол Улс жилд 9400 тонн буюу дэлхийн ноолуурын нөөцийн 40 хувийн нөөцийг бүрдүүлдэг.  Ноолуурын салбараас жилд  950 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл, 740 гаруй тэрбум төгрөгийн экспорт хийдэг аж. Хэдийгээр Монгол ноолуурын нөөцийн 40 хувийг хангадаг ч дэлхийн  ноос, ноолуурын экспортын найман хувийг эзэлж байгаа нь чамлалтай үзүүлэлт юм.  Монголын хөрш  БНХАУ-ын ноолуураар дэлхийн зах зээлийн 50 орчим хувийг эзэлж байна. Малчид, өрсөлдөгчдийнхөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд төрөөс дэмжлэг, татаас олгож буй нь  ноолуурын зах зээлийн үнэ тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсныг салбарынхан онцолж байна. Ноолуурын салбарт төрийн оновчтой зөв бодлого маш чухал гэдгийг “Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” улсын зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Монгол Улсын хувьд Их Британи, Франц, Итал, Япон, Солонгос, БНХАУ зэрэг орнуудад ноос, ноолуурын экспорт хийдэг аж.

Дэлхийн ноос ноолуурын үйлдвэрлэлийн  зах зээл:

  • БНХАУ-52 хувь
  • Монгол- 40 хувь
  • Бусад-8 хувь тус тус эзэлдэг.

Харин экспортын зах зээл:

  • БНХАУ-52 хувь
  • Итали-22 хувь
  • Франц- 7 хувь
  • Их Британи- 5 хувь
  • Монгол- 8 хувь
  • Бусад- 6 хувь тус бүр эзэлдэг байна.

Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг:

-Ноолуурын салбарын хөгжлийг дээшлүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого тодорхойлохын тулд салбарын төлөөлөл зөвлөгөөнд оролцож байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс жил бүр ноолуурыг салбарт төрийн зөв бодлого хэрэгжүүлснээр дэлхийн зах зээл олж авсан байр сууриа нэмэгдүүлэх, эдийн засагт жинтэй хувь нэмрээ оруулах ёстой. Бид 2025 он гэхэд түүхий эдийн боловсруулалтаа 80 хувьд хүргэж, хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ салбарт 10 гаруй мянган хүн ажиллаж байгаагийн 85 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. Ноолуурын салбарын ойрын болон дунд хугацаанд тогтвортой байдлыг хангах Ноолуур хөтөлбөр хэрэгжүүлж буй. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд бага хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зээл, техник технологийн шинэчлэл хийх, ур чадвартай боловсон хүчний асуудал тулгамддаг. Хамгийн чухал нь үйлдвэрлэгчдэд технологийн шинэчлэл хийхэд төрийн бодлого маш чухал байгаа. Нэгэнт бодлогын яамнаас хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байгаа учраас энэ хөтөлбөр цаасан дээр бус бодит амьдралд хэрэгжсэн, үр дүнгээ өгсөн хөтөлбөр болоосой гэсэн хүлээлттэй байгаа.

“Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” улсын зөвлөгөөн өнөөдөр /2018.05.17/ эхэлсэн бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм. Зөвлөгөөнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, дэлхийн банкны Экспортыг дэмжих төслөөс хамтран зохион байгуулж байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж