МҮЭХ: Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүл

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

МҮЭХ: Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүл

МҮЭХ: Засгийн газар хүлээсэн үүргээ биелүүл

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2018.05.17/ хэвлэлийн хурал хийлээ. Тодруулбал, МҮЭХ-оос төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг Засгийн газраас шаардаж буй юм. Ингэхдээ 2018 оны тавдугаар сарын 21-ны өдрийн дотор МҮЭХ-нд хариу ирүүлж, саналыг хэлэлцээгүй тохиолдолд хуульд зааснаар Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэснийг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн аж.

Х.Амгаланбаатар: Цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна

МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар

Энэ асуудлаар МҮЭХ-ны дарга Х.Амгаланбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “МҮЭХ, Монгол Улсын Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр өчигдөр /2018.05.16/ тэргүүлэгчдийн хурлаар албан ёсоор шийдвэрлээ. Цалин хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр эсэргүүцлийн жагсаал орон даяар зохион байгуулсан. Энэ хугацаанд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Боловсрол соёл шинжлэх ухааны үйлдвэрчний холбоо, бусад төрийн албаны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сүхбаатарын талбайд ажил хаялтын өмнөх суултыг зохион байгуулж байна.

Тиймээс МҮЭХ-ны удирдлагууд шуурхай хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шийдлийг гаргахыг хүсч байна. Хэлэлцээрийг ирэх даваа гариг гэхэд тодорхой, шийдлийг гаргаж өгөхгүй юм бол хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлснээ албан ёсоор мэдэгдэж байна. Ажил хаялтын өмнөх  суулт бол зөвхөн эмч багш нарын суулт биш. Энэ бол хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд нөлөөлөх үзүүлэх суулт юм. Үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүсэлтийг гаргасан. Бид тодорхой шийдэлд хүртэл ажил хаялтын өмнөх суултаа үргэлжлүүлэхийг албан ёсоор мэдэгдэж байна” гэв.

Б.Мягмар: АН-ын захиалгаар суулт хийсэн мэтээр мушгин гуйвуулж, гутаан доромжилж байна

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар ‘Ажил хаялтын өмнөх суулт хийх хугацаанд бидний ярьсан зүйлийг мушгин гуйвуулсан үйлдэл маш их гарч байна. Тийм учраас албан ёсоор мэдэгдэл гаргаж байгаа юм. Тухайлбал, биднийг 250 сая төгрөгөөр Ардчилсан намын захиалгаар суулт хийсэн мэтээр мушгин гуйвуулж, гутаан доромжилж байгаа үйлдлийг эрс эсэргүүцэж байна. Бид хуулийн дагуу энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргана. Монголын төр ичих цаг нь болсон. Өчигдөр бид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж үсээ хуссан. Гэтэл үсээ хуссан эмч сувилагчдад маань дарамт шахалт үзүүлээд эхэлчихлээ. Өчигдөр үсээ хуссан эмч ажилтнууд руу “Цалингийн чинь зээлийг төлөөд өгье. Захиалгаар үсээ хуссан гэж хэлээд өг” гэж 9911-тэй дугаараас холбогдсон. Өмнө нь бидний тэмцлийг мохоох гэдэг байсан бол одоо худалдаж авахаар оролдож байна’ гэлээ. 

Ж.Уранчимэг: Гурван хүүхдийнхээ төлөө би амьдармаар байна

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын сувилагч Ж.Уранчимэг

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын сувилагч Ж.Уранчимэг ‘Би гурван хүүхэдтэй, үүдэл эсийн хавдар өвчнөөр өвдөөд таван сар болж байгаа.  Миний цалин өрнөөс өрийн хооронд дуусдаг учраас надад ямар ч мөнгө хураах боломж гараагүй. Би ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө 10 гаруй жил зүтгэсэн. Ерөнхий сайд аа, Улсын хурлын дарга аа, Эрүүл мэндийн сайд аа надад амьдрал бэлэглээч. Би та бүхэнтэй уулзмаар байна. Миний ард үлдсэн гурван хүүхдийн ирээдүйг авраач. Хэрэв би өндөр цалинтай, мөнгө хураасан байсан бол өдийд би уйлаад сууж байхгүй шүү дээ. Гурван хүүхдийнхээ төлөө би амьдармаар байна’ гэв. 

Э.Ариун 

Гэрэл зургийг Н.Батмөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж