Хашаа, гудамж бүрт бохирдол арилгах шингэн шүршихийг уриалъя

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Хашаа, гудамж бүрт бохирдол арилгах шингэн шүршихийг уриалъя

Хашаа, гудамж бүрт бохирдол арилгах шингэн шүршихийг уриалъя

Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн хийсэн судалгаагаар хөрсний бохирдол сүүлийн 10 жилд тогтмол өссөөр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин давсан гэх дүгнэлт гараад байгаа. Цаг уур орчны шинжилгээний газраас хийсэн судалгаагаар ч нийслэлийн хөрсөнд хүнд металлын агууламж хэт өндөр гарч, бохирдол дээд зэрэгт хүрснийг дурдсан. Зарим иргэн нийслэлийн хөрсний бохирдлыг зөвхөн гэр хороололд л байгаа мэтээр сэтгэн санаа зовохгүй байгаа нь эндүүрэл. Харин тэр бүхэн гэр хорооллоос үүсэж байгаад итгэх хэрэгтэй. Хөрсний бохирдлоос үүссэн тоосонцор хотын агаар мандалд дэгдсэнээр хүн бүрийн эрүүл мэндэд хор учруулж байгаа.

Тодорхой хэлбэл, гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай цацсан угаадас, ялгадас, үнс, хогоор бохирлогдсон хөрс салхинд босож тоосонцор хэлбэрээр та бидний уушгинд орсоор байгаа юм. Үүн дээр хотын төвийнхний болон томоохон захуудын хог хаягдал нэмэгддэг гэдгийг дурдах хэрэгтэй. Нийслэлийн хөрсөнд хаягдаж буй бохирдлыг хатуу ба шингэн гэж хуваадаг бөгөөд хатуу хог хаягдалд ахуйн, барилгын, үйлдвэрийн, хөдөө аж ахуйн гаралтай хог хаягдал багтана. Нийт хатуу хог хаягдлын 70 орчим хувийг ахуйн хог хаягдал эзэлдэг гэсэн судалгаа ч бий. Хотод өдөрт дунджаар 800-1000 тонн орчим хатуу хог хаягдал гардаг гэж үзвэл үүний 30 орчим хувь нь зориулалтын хогийн цэгт бус ил задгай хөрс, гуу жалганд хаягддаг. Шингэн бохирдол нь бохир усны сувгаар дамжин цэвэрлэх байгууламжид очиж цэвэрлэгдэх ёстой ч манай орны хөгжлөөс шалтгаалан тал хувь нь хөрсөнд шингэж байна. Нийслэлийн хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдарч нүхэн жорлон ашигладаг. 2015 онд хийгдсэн хөрсний бохирдлын судалгаанд 310 мянга гаруй нүхэн жорлон, түүнийг дагасан 130 гаруй мянган бохирын нүх тоологджээ. Уг нь 2016 онд “Нүхэн жорлон, бохирын нүхний техникийн шаардлага MNS 5924:2008” стандартыг шинэчлэн баталсан ч энэ нь цаасан дээр л үлджээ. Тэр “цаасанд” өрх бүр агааржуулагчтай сайжруулсан нүхэн жорлонтой болох, бага хэмжээний усаар зайлуулдаг байх, эсвэл бүр хуурайшуулах зориулалттай жорлон суулгах зэрэг олон төрлийн ариун цэврийн байгууламжийг иргэдэд санал болгосон юмсанж. Түүнчлэн энэ стандартыг хэрэгжүүлэхийг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгосон ч харамсалтай нь даргын ширээн дээр “мартагджээ”.

Нүхэн жорлонд MNS 5924:2008 стандарт баталсан ч цаасан дээр л үлджээ

Уг стандартыг нийтээр мөрдүүлж эхлээгүйгээс нүхэн жорлон, бохирын нүхний шингэн газрын доорх ус болон хөрсөнд шууд шингэн бохирдуулагч томоохон эх үүсвэр болсоор байгаа юм. Мөн нийтийн бие засах газрууд нийслэл хотод хангалтгүй байдгаас иргэд хашааны булан, задгай газар бие засаж хөрс бохируулдаг явдал Зөрчлийн тухай хуулиар ч цэгцлэгдэхгүй байна. Үүн дээр гэр хорооллынхны хариуцлагагүй, ухамсаргүй үйлдлүүд, худалдааны төвүүдийн хог хаягдал нэмэгдсээр нийслэлийн хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолд “идүүлснийг” тогтоосон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн хавар, намар хөрсний шинжилгээ хийдэг. Жишээлбэл, Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжид халдварт өвчин үүсгэгч аммони нянгийн агууламж хамгийн их буюу 21.07мг/кг гарсан нь бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад даруй 10 дахин их байв.

Эндээс харахад л хавар намарт цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд халдварт шар, гепатит болон гэдэсний олон төрлийн хурц өвчин дэлгэрдэг нь ойлгомжтой. Цаашлаад бохирдсон хөрсөөр ямар нян тээвэрлэгдэж бидний биед шингэж байгааг таашгүй. Тиймээс гэр хорооллын өрхүүдэд нүхэн жорлонгоо стандартын дагуу шинэчлэхээс гадна хашааны хөрсөө ариутгах шаардлагыг зүй ёсоор тавих шаардлагатай байна. Мөн дүүрэг, хорооны Засаг даргын хамгийн түрүүнд хийх ажил гудамжны хөрсний бохирдлыг ариутгах үүрэг болж байна. Нийслэл даяар хөрсөө ариутгах уриалга гаргаж, гэр хорооллын өрхүүдэд хөрсний бохирдолд ашиглах ариутгалын бодисыг нэн даруй нийлүүлэх ажил ч хэрэгжилтээ хүлээж байна. Томоохон худалдааны төвүүд ч хогоо ачуулчихад л цэвэрлэгдчихдэг гэсэн сэтгэлгээнээс салж орчны хөрсөө ариутгах үүргийг “сайн дураараа” хийхэд буруудахгүй. Үүнийг нэгдсэн журмаар зохион байгуулалтад оруулж хийхгүй бол бүтэхгүй ажил. Тэгвэл үүнийг нэг “амьсгаагаар” хэрэгжүүлж болох шинэ технологи гарчихсан байна. ШУА-ийн хими, хими технологийн хүрээлэнгийн “Хөрс хамгаалал” хэлэлцүүлэгт танилцуулсан шингэн технологиор хөрсний бохирдлыг арилгаад зогсохгүй шим тэжээлийг ч тэтгэх “шид”-тэй бүтээгдэхүүн. Энэхүү шинэ шингэн технологийг нийслэлийн хөрсний бохирдлын эсрэг хэрэглэхэд бүрэн арилахгүй ч бүтэлтэй нэлээд үр дүн гарах нь дамжиггүй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж