Орос-2018 хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 28 хоног үлдлээ. Мэдээллийн News агентлаг ДАШТ-нд оролцох 32 улсын шигшээ багийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Африк тивийн төлөөлөл “супер бүргэдүүд” буюу Нигерийн шигшээ багийг танилцуулж байна.
- Дасгалжуулагч: Гернот Рор
- Багийн ахлагч: Жон Оби Микел
- Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Винсент Эньеама, Иосеф Йобо нар тус бүр 101 тоглолт
- Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Рашиди Йекини 37 гоол
- ФИФА-н чансаа: 2018 оны 4 сарын байдлаар 47
- ДАШТ-нд оролцсон тоо: 5 удаа оролцсон
- ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 2 удаа хэсгээс шалгарсан
МОСКВА ХҮРЭХ ЗАМД:
Африк тивийн хамгийн их хүн амтай, хамгийн том эдийн засагтай Нигери улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болох “супер бүргэдүүд” 6 дахь удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-нд “хар” тивийг төлөөлөх 5 улсын нэгээр оролцох гэж байна. “Супер бүргэдүүд” ХХ зууны төгсгөл үеэс эхлэн хөлбөмбөгийн ДАШТ-нд бараг л тогтмол хүч сорьж байгаа бөгөөд Германд болсон дэлхийн аваргад оролцож чадаагүй эс тооцвол Африк тивийн байнгын төлөөлөл болоод байгаа. Герман мэргэжилтэн Г.Ророор удирдуулсан Нигерийн шигшээ баг Африк тивээс хамгийн түрүүнд Оросыг зорих эрхээ авсан. Африк тивийн В хэсэгт Камерун, Алжир болон Замбийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтан хэсгээ 13 оноотой итгэл төгс тэргүүлсэн.
ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Өнгөрсөн 15-ны өдөр Нигерийн хөлбөмбөгийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч Г.Рор Оросыг зорих бүрэлдэхүүнээ 30 хүнтэйгээр урьдчилсан байдлаар зарлаад байна. Түүний мэдэлд 4 хаалгач, 10 хамгаалагч, 8 хагас хамгаалагч, 8 довтлогч дуудагдсан бөгөөд эдгээр тоглогчдоос эцсийн шатанд 7 нь гэртээ үлдэж 23 нь Орос руу ниснэ.
Хаалгач: И.Эзенва (Нигерийн Эньимба), Д.Акпейи (Өмнөд Африкийн Чиппа Юнайтед), Ф.Узохо (Депортиво), Д.Ажибое (Нигерийн Платеу Юнайтед)
Хамгаалагч: У.Эчиежиле (Бельгийн Брюгге), К.Омеруо (Туркийн Касымпаша), Ш.Абдуллахи, У.Троост-Эконг (хоюулаа Туркийн Бурсаспор), Л.Балогун (Майнц05), С.Эзе (Болгарын Локомотив), Ч.Авазьем (Нант), О.Айна (Халл Сити), Т.Эбюэхи (ДэнХааг), Б.Идову (Амкар)
Хагас хамгаалагч: Жон Оби Микел (Хятадын Тианжин Теда), О.Онази (Туркийн Трабзонспор), В.Мосес (Челси), М.Симон (Бельгийн Гент), Ж.Огу (Израилын Апоэл Бершаб), В.Ндиди (Лейстер Сити), Ж.Оби (Торино), О.Этебо (Лас Палмас), М.Агу (Туркийн Бурсаспор), У.Агбо (Бельгийн Стандарт Лиг)
Довтлогч: А.Муса (ЦСКА Москва), О.Игхало (Хятадын Чанчун Ятай), А.Ивоби (Арсенал), К.Ихеаначо (Лейстер), Ж.Локоса (Нигерийн Кано Пилларс), С.Нванкво (Кротоне)
ДАШТ-НИЙ ХЭСЭГ:
Нигерийн шигшээ D хэсэгт Аргентин, Исланд, Хорватын шигшээ багуудтай багтсан. Тэдэнд хэсгээс гарах шаанс бол бий. Дундаас урагшаа байрлал дээр бол хэсгийн багуудаас дутаад байх бүрэлдэхүүн биш. Хэсгээсээ гарах эрхээ олж авах гэвэл хэсгийн эхний тоглолтоо Хорватын эсрэг сайн хийх, ялангуяа хожих шаардлагатай. Ер нь энэ хэсэгт ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдохгүй л бол Аргентин хэсгээ тэргүүлж үлдсэн 3 нь 2-р гарахын төлөө тоглоно. Аль ч багт нь боломж бүрэн дүүрэн бий.
ТҮЛХҮҮР ТОГЛОГЧ:
Өдгөө Хятадын лигт тоглож буй багийн ахлагч Жон Оби Микел бол “супер бүргэдүүд”-ийн гол хөдөлгүүр юм. Гэхдээ түүний ачааг хуваалцах тоглогчид хэд хэд бий. Челсигийн В.Мосес, Арсеналын А.Ивоби болон Лейстер Ситигийн К.Ихеаначо нар юм. Тэд бол өрсөлдөөн ихтэй Европын ТОП лигт тогтмол тоглож буй ур чадвар өндөртэй тоглогчид. Магадгүй А.Ивоби, К.Ихеаначо нарын нас бага, туршлага нимгэн байж болох талтай. Харин яг өнөөгийн Нигерийн нүүр царай бол В.Мосес юм.
Б.БЯМБАБАЯР