Монголын бизнес-десантын Ялалтын өдөр

Хуучирсан мэдээ: 2018.05.17-нд нийтлэгдсэн

Монголын бизнес-десантын Ялалтын өдөр

Монголын бизнес-десантын Ялалтын өдөр

Монголчууд Буриадыг эртнээс ойрын, төрөлх газар шороо, олон нийтлэг зүйлээр холбоотой хязгаар нутаг хэмээн  үздэг билээ. Энэ нь садан төрлийн нягт харилцаа, гарал үүсэл, нийтлэг түүх, хэл, соёл, угсаатны үндэс, зан үйл, зан заншил юм. Өнөөгийн аж амьдрал ч манай хоёр ард түмний ойртон нягтрахад мөн тус дэм үзүүлдгийг бид бэлээхнээ харцгааж байна. Худалдааны харилцаа хөгжиж, эдийн засгийн харилцаа зузаарч, эрх ашиг, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжин тэлж байна. Монгол, Оросын хооронд визийн горимыг цуцалж, манай орнуудын эдийн засгийн бодлого эрчимжиж, түүнчлэн Буриадын удирдлага солигдсон нь үүнд багагүй дэмжлэг болсон юм.

Энэ оны нэгдүгээр сард Буриадын нийтлэг эрх ашиг бүхий бизнесийн төлөөлөгчид Монгол улсад үр бүтээлтэй хэлэлцээ хийсэн билээ. Харин Монголын бизнесийн төлөөлөгчид тавдугаар сарын 8-нд Улаан-Үдэд хариу айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн бөгөөд хүнс, хөнгөн үйлдвэр, эрчим хүч, тээвэр, барилга, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг бизнесийн 170 орчим төлөөлөл бүрэлдэхүүнд нь багтсан юм. Төлөөлөгчдийг Монгол УИХ-ын гишүүн, Монгол-Буриадын парламент хоорондын бүлгийн дарга Н.Оюундарь, Монгол улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар тэргүүлэв.

Тавдугаар сарын 9-ны Ялалтын баярын өдөр Буриадын тэргүүн Алексей Цыденов Монголын төлөөлөгчдийн гишүүдтэй хэд хэдэн удаа ажлын уулзалт хийв. А.Цыденовын хэлснээр, өнгөрсөн оны дүнгээр Монгол улсаас Буриадад нийлүүлсэн импортын бараа 26 хувь, экспорт 16 хувиар өссөн байна. “Энэ оны эхний улиралд энэ байдал хадгалагдсан бөгөөд  харилцан солилцоо он дуустал нэмэгдэнэ гэдэгт би найдаж байна. Томоохон компаниуд Монгол улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг сонирхож байгаа бөгөөд энэ өдрүүдэд  бидний хийх уулзалт харилцан ашигтай хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт би итгэлтэй байна” гэж тэр онцлон тэмдэглэсэн юм.

Мөн энэ өдөр Монголын зочид Ялалтын парад, “Дийлдэшгүй мөнхийн хороо” гэдэг эх оронч ажиллагаа болон баяр ёслолын бусад арга хэмжээнд оролцов.

Германы фашистууд болон японы милитаристуудыг бут цохиход гол үүрэг гүйцэтгэсэн Орос оронд тэмдэглэдэг Ялалтын баяр монголчуудын зүрх сэтгэлд маш  ойр дотно байдаг билээ. Геополитикийн ямар ч бэрхшээлтэй асуудал 1939 онд Халх гол, 1945 онд  Хятадад монгол, зөвлөлтийн цэргийн илтгэн харуулсан  ах дүүгийн дайчин барилдлагын  дурсгалыг хэзээ ч мартуулахгүй гэдэгт итгэж байна. Зөвлөлтийн аугаа их эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс үзүүлж байсан тусламжийг Орос оронд андын хувиар халуун дотноор  дурсан санаж байдаг билээ. Тиймээс Монгол улс Оросын ард түмний хувьд  зүй ёсны холбоотон улс төдийгүй, эх орны дайнд ялагч орон юм.

А.Цыденов парадын үеэр хэлэхдээ, тулалдааны талбарт амь насаа зориулсан бүх хүнийг нэг бүрчлэн дурсахыг уриалж байв. “Дайны хүнд бэрх жилүүдэд манай Буриадын үйлдвэрийн газрууд фронтод нисэх онгоц, вагонаас  авахуулаад, нөөшилсөн мах, эм бэлдмэл нийлүүлж байлаа. Фронтод байлдаж байсан гурван танк тутмын нэгийг үйлдвэрлэхэд Буриадад олборлосон вольфром орсон байдаг. Ялалтад бидний анд нөхөр – Монголын иргэдийн оруулсан хувь нэмрийг ч бид нэхэн дурсах ёстой. Мах, ноос нийлүүлж байсны сацуу, тэдний цуглуулсан хөрөнгө мөнгөөр танкийн цуваа, нисэх онгоцны эскадриль үйлдвэрлэсэн юм. Хэрэг дээрээ Улаан армийн таван морь тутмын нэг нь монгол агт морь байжээ. Олон монгол хүн фронтод сайн дураараа явсан бөгөөд өнөөдөр тэдний үе хойчис Ялалтын өдрийг бидний хамт тэмдэглэж байна” гэж А.Цыденов тэмдэглэв.

Буриадын нийслэлд баярын арга хэмжээ урьдын адил ёслол төгөлдөр, гоё сайхан болж өнгөрөв. Парадад нийтдээ нэг мянга гаруй цэргийн албан хаагч, 50 гаруй нэгж байлдааны техник оролцов. Механикжуулсан цувааны бүрэлдэхүүнд багтсан БТР-80 хуягт тээвэрлэгч, байлдааны тагнуулын харуулын БРДМ-2 машин, тийрэлтэд “Торнадо” систем, 122-мм-ийн гаубиц Д-30, зенитийн ЗУ 23-2 төхөөрөг бүхий Урал-4320 машин, оператив-тактикийн “Искандер” пуужинт цогцолбор, зенит-пуужингийн “Тор-М2У” цогцолбор Зөвлөлүүдийн талбайд орж ирсэн юм.

Парад дууссаны дараа Бүх Оросын “Дийлдэшгүй мөнхийн хороо” ажиллагаанд оролцогчид талбайгаар явж өнгөрөв. Энэ арга хэмжээнд Монголын төлөөлөгчид анх удаа оролцов. Монгол улсын үндэсний худалдаа-аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэлэхдээ “Давын өмнө Ялалтын баярыг тохиолдуулан Монголын бизнесийн төлөөлөгчдийн өмнөөс Буриадын ард түмэнд баяр хүргэхийг хүсч байна. Манай орон энэ ялалтад өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан билээ. Манай төлөөлөгчид тавдугаар сарын 9-ний парад, Дийлдэшгүй мөнхийн хорооны жагсаалд бас оролцож байна, энэ бол монголчууд бидний хувь маш гайхалтай үйл явдал болж, бид оролцогч бүх хүний хамт талбайгаар их урам зоригтой, эх оронч бодол өвөрлөн явж байлаа” гэж  Монголын төлөөлөгчдийн нийтлэг санааг маш товч тодоор  илэрхийлсэн юм.

Буриадын 120 мянга гаруй оршин суугч фронтод явж, тэдний гуравны нэг нь эргэж ирээгүй билээ. Буриадын уугуул 40 мянга орчим хүн тулалдааны талбарт амь үрэгдэж, сураггүй болж, олсон шархнаасаа болж эмнэлгүүдэд нас баржээ.

Бизнес-бага хурал тавдугаар сарын 10-нд нээгдэв. Арга хэмжээний хөтөлбөр нь Хөдөө аж ахуй, аж үйлдвэр, Тээвэр-ложистик, Аж үйлдвэр, Эмчилгээ-эрүүл мэндийн аялал жуулчлал гэсэн дөрвөн хэсэгт хуваагдсан юм. Бага хурлын хүрээнд Монголын бизнесийн төлөөлөгчид Буриадын янз бүрийн үйлдвэр, тусгай газрын удирдлагатай уулзав. Энэ нь Монгол, Буриадын бага, дунд бизнесийн хооронд урт хугацаагаар хамтран ажиллаж, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын боломжийг эрж хайх гол зорилготой байлаа. Монголын тал элитийн байшин барихад зориулан барилгын чанартай материал нийлүүлж,  төмөр зам барих, Оросын технологи, тоног төхөөрөмжийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг сонирхож байгаа юм. Монгол улс Буриадад хэд хэдэн нэр төрлийн бараа таваар экспортолдог.  Тухайлбал, өнөөдөр Буриадын үхрийн махны хэрэгцээний 80 хувийг нийлүүлж, мөн оёдлын болон арьсан эдлэл, арьсаар хийсэн жижиг бараа, нэхий дээл зэрэг монголын хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн Буриадын оршин суугчдын дунд эрэлттэй байдаг юм.

Хоёр дахь өдөр нь Монголын төлөөлөгчид “Бурятхлебпром” комбинат, “Амта” фабрик, “Ажур-текс” компани болон Улаан-Үд хотын бусад томхон үйлдвэрийн газарт зочлов.

Буриадын тэргүүн хоёр орны хооронд тээвэр-логистикийн цогцолбор хөгжүүлэх асуудлаар “Туушин” компани болон түүний салбар “Монтрансавто” компанийн төлөөлөгчидтэй уулзав. Дорнодын чиглэлд чингэлэгт тээврийн хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэх тухай ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлиг чухал болохыг Буриадын тэргүүн онцлон тэмдэглэв. А.Цыденовын хэлснээр, Улаан-Үд хотод логистикийн “Тальцы” цогцолбор ашиглалтад оруулах талаар их ажил хийгдэж байгаа ажээ.

А.Цыденов “APU Company”-ийн ерөнхий захирал Э.Эрдэнэбилэгтэй уулзахдаа Буриадад бүтээгдэхүүний бөөний агуулах нээх хэтийн төлвийг хэлэлцсэн юм. Монголын тал энэ зорилгоор хөрөнгө оруулалтын хэд хэдэн газар, байрлалтай танилцжээ.

Төлөөлөгчдийн тэргүүн Н.Оюундарь бага хурлын нээлт дээр хэлэхдээ,  Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага Монгол, Буриадын бизнесийн харилцан ашигтай хамтран ажиллах хүсэл эрмэлзлэлийг дэмжиж  байдаг.  “Манай парламентын бүлэг улс төрийн талбарт идэвхтэй ажиллаж байгаа төдийгүй,  эдийн засгийн салбарт  ч хувь нэмрээ оруулж байна” гэж тэмдэглэв.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын засгийн газрын орлогч дарга Игорь Зураев хэлэхдээ, бизнес-бага хуралд Улаанбаатар хотын төдийгүй Монголын аймгуудын төлөөлөгчид оролцсоныг онцлон тэмдэглэсэн юм. “Монголын компаниуд Буриадын зах зээлд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, цаашид өөрсдийн төслийг нийт Оросын хэмжээнд гаргахад бидний хэлэлцээ чиглэж байна” гэж Игорь Зураев тэмдэглэв.

“Энэ арга хэмжээ нь Монгол, Буриадын хооронд худалдаа-эдийн засгийн болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд үйлчилнэ гэдэгт бид ихэд найдаж  байна. Манай компаниуд ч харилцаа тогтооно гэдэгт найдаж байна.  Тухайлбал,  Буриадын Кабаны районы Селенгинск тосгонд тээвэр-ложистикийн цогцолборыг хөгжүүлэх талаар нэгэнт хэлэлцээ хийсэн. Энд “Алтанбулаг”  худалдааны  чөлөөт бүсийн төлөөлөгчид бас ирсэн, тэд Буриадын хөрөнгө оруулагчдыг татаж байгаа” гэж Монгол улсын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэлэв. Түрүүнд нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд болсон бага хурлаас  Бүгд Найрамдах Буриад Улстай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл байгуулсан бөгөөд тус зөвлөл нь хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлэх юм.

Монгол, Буриад болон Монгол, Орос эдийн засгийн талаар ойртон нягтрах үйл явц цаашид ч хэлбэрэлтгүй өрнөх нь эргэлзээгүй. Энэ бол орчин үеийн амьдралын логик утга санаа, энхийн бүтээн байгуулах үйл ажиллагааны логик утга санаа бөгөөд фашизмыг ялж,  бидэнд эрх чөлөө, тусгаар тогтнол авчирсан бидний аугаа их эцэг, өвгөд үүний үндэс суурийг тавьсан билээ.

Сэтгүүлч Борхондойн ИНДРА

Улаан-Үд – Улаанбаатар хот

(2018 оны тавдугаар сар)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж