Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан ‘Дээд лиг’-ийн тэмцээн дөрвөн сарын турш үргэлжилж энэ долоо хоногт өндөрлөлөө. Азийн наадам дөхсөн энэ үед сагсчид дараагийн тэмцээний бэлтгэлдээ гарчээ. Тэгвэл ‘Дээд лиг’-ийн тэмцээн эхлэхээс өмнө сагсан бөмбөгийн холбоонд маргаантай асуудлууд олон гарсан. Энэ удаа Монголын сагсан бөмбөгийн холбооны албан ёсны ерөнхийлөгч гэх Б.Тамиртай ярилцлаа.
ТАМИРЧДЫН БЭЛТГЭЛИЙН БААЗАД БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БОЛНО
-Дээд лигийн тэмцээн дөрвөн сарын турш үргэлжилж, энэ долоо хоногт өндөрлөлөө. Лигийн тэмцээний хэр болсон бэ?
–19 дэх удаагийн “Дээд лиг”-ийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ долоо хоногт финалын цуврал тоглолт олон гарна гэж таамаглаж байсан ч эрт дууслаа. Гэхдээ үүнд сагсан бөмбөгчид, үзэгчид сэтгэл хангалуун байгаа байх. Тэд тэмцээний талаар илүү их зүйлийг хэлнэ дээ. Холбооны зүгээс өөрсдийн зохион байгуулах хэмжээнд хийсэн. Огт алдаа гаргаагүй гэж хэлж болохгүй. Алдаан дээрээ суралцаад явах нь чухал. Ирэх онд 20 дахь удаагийн лигийн тэмцээн болно. Түүнд ихээхэн ач холбогдол өгч оролцоно. Ойн ажлын бэлтгэл ажилдаа орсон. Үнэндээ энэ удаагийн тэмцээний санхүүжилтийг бид өөрсдөө хийлээ. Зарим ивээн тэтгэгчид маргаантай байгаа асуудлаас болж оролцож чадсангүй. Үнэхээр харамсалтай байна даа.
-“Дээд лиг”-ийн тэмцээн болох үеэр 3х3 баг тамирчид олон улсын цуврал тэмцээнүүдэд оролцож өндөр амжилтыг үзүүллээ. Гэхдээ тэд мөн дуугүй байсангүй. Үнэхээр Спортын төв ордонд бэлтгэл хийх боломж байдаггүй юмуу?
-3х3 бол угаасаа гудамжинд тоглодог. Тэдэнд гадаа тоглох тусмаа үр дүнтэй шүү дээ. Бүгд үүнийг харж байгаа. Гэтэл гудамжинд тоглоод Азид тэргүүлж байна гэдэг буруу мессежийг өгөөд байна. Монгол Улсад спортын заал олдохгүй байна гэдэг утгагүй зүйлээ ярихаа болимоор байх юм. Сагсчид Баянгол дүүргийн аль ч спорт зааланд тоглож болно. Мөн Хандгайт дахь спортын том цогцолбор байна. Тамирчдын бэлтгэлийн бааз гээд олон нийтэд хангалттай сурталчилсан. Яагаад тэнд бэлтгэлээ хийж болохгүй гэж. Гэтэл үүнийг дэмий улстөржүүлээд байна. Хэн нэгнээр өөрсдийгөө өрөвдүүлэх гээд байгаа юм уу?
-Таны хувьд сагсчид зааланд тоглох боломж бүрэн байна гэж харж байна уу?
-3×3 багийн тамирчид амжилт гаргаад явбал улам л даруу баймаар юм. Тэд маш сайн тоглож байна. Үүнийг бид бүгд харж сууна. Хэн нь бэлдсэн хэн нь авч яваад нь гол биш. Сагсан бөмбөгийн төрөл учраас бид ч гэсэн баярлаж байна. Гэтэл Спортын төв ордонд бэлтгэл хийх заал олдохгүй байна гэдэг олон зүйлийг ярих юм. Манай холбоо заал өгөхөд саад болоод байна гэдэг. Тийм юм огт байхгүй. Спортын төв ордонд очоод 3х3 багт бэлтгэл хийх хүсэлтээ хандсан эсэхийг би мэдэхгүй байна. Биеийн тамир, спорын газрын дарга Ц.Шаравжамц мэдээж үгүй гэхгүй байх. Тэр хүн сагсчин хүн шүү дээ. Амьдралд нийцэхгүй шоу хийж болохгүй. С.Тулга өөрөө юм ярьж болно. Гэтэл олон улсад оролцож байгаа тамирчдаа турхирч болохгүй. Нөгөө хэд нь түүний хэлснийг хийгээд лоозон бариад явж болохгүй л дээ. Амжилт гаргаад байгаа тамирчдаа дэмжээд бидэнтэй холбогдож, тусламж авч болно. Гэтэл 3х3 сагсан бөмбөгийн холбоо өөрөө маш том санхүүжилттэй. Үүний цаана MCS coca-cola байна. Монголын тэргүүлэгч MCS групп тэдэнд заал гаргаад өгөх бүрэн боломж байна. Хаана ч спортын том заалууд байна. Энэ бол худал шоу.
-Энэ маргаан холбооны асуудалтай холбоотой байх. Сагсан бөмбөгийн холбооны маргаан бүрэн шийдэгдэж чадав уу? Та бүхэн шүүхэд хандсан гэж байсан?
-Бид тэмцээн уралдааныг хийдгээрээ хийж байгаа. Харин сагсан бөмбөгийн холбоог олон нийтэд хоёр болгон харагдуулж, дотроо хоёр хуваагдсан гэсэн төөрөгдөл өгч байгаад харамсаж байна. Үүнийг Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хийлээ. Тэд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгатай нэгдэн цаашлаад Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ бүгдийг хийж байна. Холбоонд ямар ч хамааралгүй болсон улс холбооны логог ашиглан сагсан бөмбөгийн холбооны хурал болсон гэж асуудал үүсгэсэн. 2016 онд болсон хурлын үеэр С.Эрдэнэ тухайн үед сайд байсан. Гэтэл Улсын бүртгэлийн газар холбооны тамга, тэмдгийг давхардуулж олгосноос маргаан үүссэн. Саяхан шүүхийн шийдвэр гарсан байсан. Бид түүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхэд гомдол гаргаж, хууль зүйн сайд болон прокурорын газарт гомдлоо өгсөн. Шүүх эцсийн дүнг гаргаад өгөх байх.
Ц.ЦЭВЭРБАЛ, Б.ДАМБА НАР МАРГААНЫГ ҮҮСГЭСЭН
-Маргаан гаргаад байгаа Ц.Цэвэрбал, Б.Дамба нарын хүмүүсийг холбоонд харьяалалгүй болсон гэж байсан? Та тухайн үеийн болсон зүйлийг хэлж өгөхгүй юу?
– Ц.Цэвэрбал, Б.Дамба нар 2005-2013 оны хоёрдугаар сар хүртэл Монголы сагсан бөмбөгийн холбоонд харьяалалтай байсан. Харин 2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр тухайн үеийн ерөнхийлөгч С.Мөнх-Оргил хурал зарлаад дараагийн удирдлага болох Ч.Ганхуягт ажлаа өгсөн. Тухайн үед С.Мөнх-Оргил, Ц.Цэвэрбал, Б.Дамба, нарийн бичгээр ажиллаж байсан н.Дашдорж болон тухайн Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ холбоонд огт хамаагүй болсон. Холбооны шинэ бүрэлдэхүүнд бүрэлдэж, ерөнхийлөгчөөр Х.Ганхуяг, ерөнхий нарийн бичгийн даргаар н.Оргил томилогдсон. Х.Ганхуяг маргаантай байна гэдэг шалтгаанаар ерөнхийлөгчийн ажлаа хийхээ больж, ажлаа надад өгсөн. 2014 оны гуравдугаар сарын 23-ны өдөр болсон холбооны хурлаар би 68 хувийн саналаар ерөнхийлөгч болсон. Гэтэл хурлын бүх үйл явцыг бичиж байсан телевизийн бичлэг С.Эрдэнийн талд очиж, тэд өгөөгүй. Дээрмийн зүйл болсон доо.
-2016 онд хийсэн сагсан бөмбөгийн холбооны хурлыг зогсоох боломж байсан уу?
-Сагсан бөмбөгийн холбоонд ямар ч хамааралгүй болсон Ц.Цэвэрбал, Б.Дамба нарын хүмүүс хурал хийх гэж байгаа талаар бид мэдээлэл хийж байсан. Тэд Ц.Мөнх-Оргилыг хурлаа хийхгүй байна гэж хэлээд хуурамч гарын үсэг зуруулан хурал хийсэн байгаа юм. Хурал нь Баянгол дүүргийн Үйлдвэрчний соёлын төв ордонд болсон шүү дээ Гэхдээ “Спрайт” лигт тоглодог залуусыг авчраад хурлаа хийж, С.Эрдэнийг ерөнхийлөгчөөр сонгосон. Ингээд Улсын бүртгэлээс тамга, тэмдэг авч давхардуулсан. Ингэж бүх зүйлийг будлиантуулсан.
-Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос дотоодын асуудлаа шийдэх хэрэгтэй гэдэг шаардлагыг ирүүлсэн байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд Монголын сагсан бөмбөгийн холбоог 2000 оны эхээр бүртгэж авсан. Одоо тус холбооноос тухайн улсаас нэг л холбоо байх ёстой гэдэг шаардлагыг тавиад байгаа. Гэтэл танайх хоёр болчоод байна. Энэ асуудлыг маргаангүй болго гэдэг. Би ямар нэгэн зүйл бичдэггүй.
Харин Ц.Цэвэрбал, С.Тулга нар олон улсад бидний өмнөөс бичээд байдаг. Ц.Цэвэрбал англи хэлний мэдлэг байхгүй учир бичээгүй гэдгээ хэлдэг. Анхандаа С.Тулга захидал бичээгүй гэж байсан. Гэтэл олон улсад очсон захидал тэдний нэрээр очдог. Эхлээд бичээгүй гэж байсан ч бидэнтэй уулзах үеэрээ нэг удаа бичсэн гэдгээ хэлсэн. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулгад энэ асуудал ямар ч хамаагүй. Ийм л хэцүү зүйл хийгээд байна. Олимпийн хорооноос байр сууриа хэлдэг. Тэд С.Тулга асуудал гаргаад байна гэж хэлдэг хэрнээ буцаагаад өөр зүйл яриад явчихдаг. Одоо нэг л зүйлийг хэлье. Бүгд өөр өөрсдийн ажлаа хийе. 3х3 холбоо нь тусдаа хийх юмаа хийе. Бид ч энэ ажлаа хийгээд явья.
-Индонез улсад Азийн наадам болоход гурван сарын хугацаа үлдээ. Дөрвөн жилийн Инчонд болсон Азийн наадамд Т.Санчир, О.Сэргэлэн нарын сагсчид түүхэн амжилт үзүүлж байсан шүү дээ. Гэтэл дараагийн наадам хаяанд ирчихлээ. Азийн наадамд оролцох тамирчдын нэрс тодров уу?
-Шигшээ багийн нэрс зарлагдсан. 25-26 тамирчин бий. Эндээс бэлтгэлийн явцад сонгон шалгаруулалт явагдаж, 12 тамирчин, гурван дасгалжуулагч Азийн наадамд явна. Харин 2-р багийн 12 тамирчин Тайваньд болдог нээлттэй тэмцээнд оролцоно. Гэхдээ 50 хувь хуучин тоглож байсан залуус байгаа бол үлдсэн нь шинээр гарч байгаа залуус байгаа.
-Эмэгтэй багийн хувьд ямар байгаа вэ?
-Мөн адил дөрвөн жилийн өмнө Азийн наадамд оролцож байсан тамирчид дээр түлхүү багаа бүрдүүлж байгаа. Шинэ залуу тамирчид ч бий. Тамирчдад олон улсын тэмцээнд оролцуулж туршлага хуримтлуулах нь чухал байна. Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар О.Баярцогт дасгалжуулагч ажиллаж байгаа. Өөрөө “Этүгэн” дээд сургуулийн дэргэд клуб байгуулаад эмэгтэй залуу тамирчдыг эрчимтэй бэлдэж байна.