Монголын боловсролын салбарын ажилтнуудын цалин дэлхийн дунджаас доогуур байдаг. Гэтэл анги дүүргэлт ачаалалтай, ажиллах нөхцөл хүнд гэж багш нар учирладаг билээ. Харин судалгаанаас харахад багш нарын нэрлэсэн цалинг 2010 оноос үе шаттайгаар нэмэгдүүлсээр өнгөрсөн 2007 онтой харьцуулахад 2.4 дахин өссөн байна. Багш нарын цалин нэг хүнд ногдох ДНБ-ний өсөлтөөс 28 хувиар илүү өссөн байна. Нэрлэсэн цалин ийн өссөн ч хөдөлмөрийн бүтээмж өсөөгүй болохыг судалгааны байгууллага дүгнэжээ. Байдал ийм байхад бүтээмжтэй уялдаагүй суурь цалинг нь нэмэх нь буруу гэж эдийн засагчид хэлдэг. Учир нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр инфляц өсч, хувийн хэвшилд ажиллагсад хохирох эрсдэлтэй юм.
Тэгээд ч манай улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан учраас санхүүгийн бүх асуудлаа тэдэнтэй ярилцаж байж л шийднэ. Анх Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах эсэх асуудал яригдаж байхад
УИХ-ын туршлагатай гишүүдийн нэг Д.Лүндээжанцан “Наад Олон улсын валютын сангийнхан чинь наад захын зовлонг ойлгохгүй шүү. Төсвийн орлого, зарлагаа хүний гарт өгч байна гэж та бүхэн ойлгоорой” хэмээн сануулж байсан.
Тэр ч утгаараа Сангийн сайдын амнаас гардаг ганц өгүүлбэр нь “Олон улсын валютын сантай зөвшилцөнө” гэдэг болсон. Өөрөөр хэлбэл багш нарын цалин нэмэх асуудлыг ганцхан Ц.Цогзолмаа сайдын тамгаар шийдэхгүй гэсэн үг юм. Харин эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа учраас ирэх жилүүдэд инфляцтай уялдуулж цалин, тэтгэвэр нэмэх талаар Сангийн сайд мэдэгдсэн.
Багш нар цалингаа нэмэгдүүлэх асуудлыг өнгөрсөн оны долдугаар сараас эхлүүлж, хичээлийн шинэ жил эхлэх үед ажил хаяна гэж “айлгаж” байсан. Ингээд төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг тарааж, улсын төсвөөс 55.4 тэрбум төгрөг зарцуулснаар энэ асуудал түр намжсан юм. Багш нарын жагсаалыг ашиглаж Засгийн газрыг огцруулах гэсэн том зорилготой санхүүжүүлэгчид байсан гэж улстөрийн хүрээнийхэн хардаг. Одоо бол уриа лоозонгийн цаана улстөрчдийн сонирхол байдаг нь хэн бүхэнд ч ойлгомжтой болсон. Харин өчигдөр /2018.05.16/ эмч эмнэлгийн ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж үсээ хусуулав. Үсээ хусуулагчдын дунд Ардчилсан нам, МоАХ-ынхан явж байх жишээтэй. Уриа лоозонгийн ард улстөрчид санхүүжүүлэгч нь байдгийг одоо цагт бүгд л мэддэг болсон. Тэгвэл төв талбай дээр “даахиа үргээлгэсэн” энэ сүржин жагсаалыг МоАХ-ынхан санхүүжүүлсэн гэж сошиалд сэтгэгдэл бичих нэгэн ч байна.
Т.НОМИН