109. Энэ бол 2018 он гарснаас хойш авто ослоор амиа алдсан хүмүүсийн тоо. Нийслэл хотод өглөө гэрээсээ гарсан хүн орой нь эсэн мэнд харина гэсэн баталгаа үнэндээ алга. Замын эвдрэл, бүрэн бүтэн бус тээврийн хэрэгсэл, согтуу жолооч, зам тээврийн осол зэргээс болж олон хүний амь нас эрсдэж байгааг хэн хүнгүй мэдэж буй.
Тухайлбал, энэ сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан Daewoo маркийн автобус нь North benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж, гурван том хүн, таван хүүхэд гэмтсэн осол гарсан. Эдгээр хүмүүс аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тавдугаар сарын 12-ны өдөр төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан автобусны жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг гарсан.
Сургуулийн бүс, орчны стандарт хангалтгүй байна
Зам тээврийн ослын талаар Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодрууллаа.
-Зам тээврийн осол өнгөрсөн онтой харьцуулахад ямар үзүүлэлттэй байна. Энэ талаар яриагаа эхлье.
-Он гарснаас хойш эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас таван хүүхдийн амь нас хохирч, 29 хүүхэд гэмтсэн байна. Гэмтэж бэртсэн 29 хүүхдийн 18 нийслэлд, 11 орон нутагт гарсан. Үүнээс юуг харж болохоор байна вэ? гэхээр амь насаа алдаж байгаа хүүхдүүдийн ихэнх нь орон нутагт, машинд мөргүүлээд гэмтэж бэртэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь нийслэлд бүртгэгдэж байна. Орон нутаг нийслэл хоёр харилцан адилгүй. Учир нь орон нутгийн хэмжээнд иргэд хүүхдээ сургуулиас гэр хүртэл хол замд тээвэрлэж авч явдаг. Нийслэл хот хүн ам тээврийн хэрэгсэл нягтаршил ихтэй учраас хүүхдүүдийн ихэнх нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртөж байна.
-Хүүхдүүд зам тээврийн осолд өртөх гол шалтгаан нь юу болоод байна вэ?
- Нэгдүгээрт, сургуулийн орчны аюулгүй байдал хангагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн бүс орчны стандартын дагуу тохижуулах ёстой ч энэ стандартыг хангасан сургуулиуд маш цөөхөн.
- Хоёрдугаарт, хүүхдүүдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох сургалтын орчин боловсронгуй бус байна. Гадаад улсуудад хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхлээд замын хөдөлгөөнд хэрхэн яаж оролцох талаар боловсрол олгодог. Харин манай улсад ийм тогтолцоо байхгүй. Үүнээс болоод хүүхэд зөв мэдлэг дадалгүйн улмаас замын хөдөлгөөнд оролцохдоо осолд өртөж байна.
- Гуравдугаарт, эцэг эх сурган хүмүүжүүлэгч томчуудын хариуцлагагүй үйлдэл гэж хэлж болно. Эцэг эхчүүд хүүхдээ хамгаалж байна гээд автомашиныхаа урд суулган, цонхоор толгой гарыг нь гаргах тохиолдол их байдаг. Гэтэл энэ нь тухайн хүүхдийг ямар их эрсдэлд оруулж байгааг эцэг эхчүүд маань тэр болгон мэддэггүй.
- Дөрөвдүгээрт, бага насны хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг нь хангахгүй байна. Манай улсад хүүхдийн зориулалтын суудал, хамгаалах бүсний хэрэглээ тэр бүр хэвшихгүй байна. Түүнийг шаардаж автомашинаар хүүхдээ тээвэрлэж буй хүн бүрт ач холбогдлыг нь ойлгуулж шаардах явдал чухал асуудлын нэг болсон. Учир нь дэлхийн улс орнуудад хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалсан байгаа юм. Энэ онд гарсан хүүхэд өртсөн зам тээврийн ослыг өмнөх онтой харьцуулах юм бол хүүхдийн амь нас хохирсон тохиолдол 70 хувиар, гэмтэж бэртсэн хүүхэд 30 гаруй хувиар буурсан үзүүлэлттэй байна.Гэсэн хэдий ч энэ тоог бүр тэглэх эсвэл энэ тоог илүү бууруулах боломж бидэнд бий.
-Хүүхдүүд ихэвчлэн сургууль, гэрийнхээ хооронд явахдаа л осолд өртдөг гэж ярьж байсан. Ер нь жолоочийн буруутай үйлдэл дийлэнх байдаг уу, зорчигч хүүхдүүдийн буруутай үйлдэл их байдаг уу?
-Үнэн, хүүхдүүд сургууль, гэрийнхээ хооронд явахдаа л зам тээврийн осолд өртсөн байдаг. Энэ маршрутаар явахдаа анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр өөрсдийн замын хөдөлгөөний мэдлэг дутмагаас осолд өртдөг.
Мөн жолоочийн хариуцлагагүй үйлдэл, замын байгууламжаас хамаарч осолд өртөх явдал багагүй гарч байна. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1-2 дугаар сард буурч 5-7, 9-10 дугаар саруудад өсдөг. Ослын бууралтыг сургуулийн хүүхдийн амралт эхэлж хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь багасдагтай холбон үзэж болно. Харин гарагаар нь авч үзвэл ихэнхдээ даваа гарагаас , баасан гараг буюу хичээл сургууль орох, тарах үед зам тээврийн осол ихээр бүртгэгддэг.
Энэ талаар иргэдийн байр суурийг хүргэж байна.
Дүрмээ барьдаг жолооч цөөхөн
Баянгол дүүргийн иргэн С.Болд “Манай хотыг анхнаас нь буруу төлөвлөсөн. Жилийн гурван улирал шахуу зам засах нэрийдлээр хөдөлгөөн хязгаарлачихна. Ноднингийн зассан замаа энэ жил дахиад л янзалдаг. Гэрлэн дохионууд нь заримдаа ажиллахгүй. Үүнээс болоод жолооч нар их бухимддаг. Өглөө гэрээсээ гараад л орой гэртээ бөөн уур орж ирнэ шүү дээ. Дээрээс нь дүрмээ барьдаг жолооч цөөхөн. Тийм ч учраас осол их гардаг байх” гэв.
Шар гэрлээр амжиж орох гээд осол гаргах юм
Сонгинохайрхан дүүргийн иргэн У.Батсайхан “Жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, хоёр, гуравдугаар эгнээ рүү дайрдгаас замын түгжрэл үүсэж байна. Бас болоогүй ээ, зорчигчдоо суулгах гэж уралдан, урсгал сөрж давхицгаана. Хараад байхад жолооч нар шар гэрлээр амжиж орох гээд осол гаргах юм” гэлээ.
Айдас дагуулсан автын ослын гол буруутанг бид жолооч гэж ихэнхдээ боддог. Автын дүрэм, шалгалтын дүгнэлтээр ч голдуу жолооч нарын буруу болж хариуцлага хүлээдэг. Гэтэл энэ их үхэл зовлон дагуулсан авто замын ослын бас нэг гол буруутан нь явган зорчигч гэдгийг төдийлөн анзаарч үздэггүй. Томчууд, хүүхдүүд гэлтгүй явган зорчигчид осолд өртсөн тохиолдлын дийлэнхийг гарцгүй газраар зам хөндлөн гарснаас үүдэж байна. Хэдхэн секунд хүлээгээгүйнхээ төлөөсөнд явган зорчигч насан туршдаа тахир дутуу, цаашилбал амь насаа ч алдах аюултайг олон хүн ойлгодоггүй нь дайны байдлаас ч илүүгээр амиа алдахад хүргээд байгааг албаныхан сануулж буй.