ЗГ-ын тогтоолыг Захиргааны хэргийн шүүхээр шүүж болох уу?

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

ЗГ-ын тогтоолыг Захиргааны хэргийн шүүхээр шүүж болох уу?

ЗГ-ын тогтоолыг Захиргааны хэргийн шүүхээр шүүж болох уу?

Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудлын дэргэд катеринг барих компанийг шалгаруулахын тулд Үндэсний хөгжлийн газраас 2017 оны арваннэгдүгээр сарын 28-нд концессын төсөл шалгаруулах уралдаан зарлажээ. Гэвч энэхүү уралдаант шалгаруулалтыг “Нүхт тур” ХХК нь эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Тус гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаан удахгүй зарлагдах аж.

Угтаа бол Үндэсний хөгжлийн газар нь дур мэдэн концесс зарлаагүй, Засгийн газрын тогтоолыг л биелүүлсэн хэрэг. Гэтэл Нүхт тур дээрх сонгон шалгаруулалтыг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь анхаарал татаад байна. Учир нь хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох эрх зөвхөн УИХ-д л бий. Ийм байтал Захиргааны хэргийн шүүхэд хандсан нь шүүхэд эрх ашгийг нь хамгаалдаг хүн байна уу гэж хардахад хүргэж байгаа юм. Юутай ч шүүхийнхэн энэ гомдлыг хэлэлцэх эсэхээс хамаарч, Монгол Улсын Засгийн газрын тогтоол мөрдөгдөх үү, эсвэл шүүхийнхний өмнө хүчин мөхөстөх үү гэдгийг харах л үлдэж байна.

Нүхт Тур ХХК –ийн хувьд шүүхэд хандаж байгаа тохиолдол ганц энэ биш аж. 2014 онд Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу МИАТ компанид катеринг /хоол хүнс нийлүүлэх/ нийлүүлэх тендерийг зарлахад л бас эсэргүүцэж, шүүхэд хандаж байсан удаатай. Ер нь бол шүүхээр далайлгаж асуудлыг шийдэхийг урьтал болгож ирсэн. Үйлчилгээ нь сайн бол өөр хэрэг. Гэтэл өнгөрсөн хугацаанд тус компанийн хоолны чанартай холбоотой олон маргаан дэгдэж, асуудал дагуулж ирсэн. Хууль дүрэм ч хэрэгжүүлдэггүй. Тухайлбал,  “Нүхт Тур” компани нь МИАТ компанитай 2009 онд зорчигчдын хоол нийлүүлэх хоёр жилийн гэрээ байгуулж ажиллаж эхэлснээс хойш гэрээний хугацаа дууссан ч уралдаант шалгаруулалт явуулалгүйгээр одоог болтол зорчигчийн хоол нийлүүлж буй. Тухайн үед буюу 2009 онд нэг зорчигчийн хоолыг 2-5 ам.долларын үнээр нийлүүлж байсан бол одоо даруй 10 дахин их үнэтэй болсон боловч МИАТ компанийн үйлчлүүлэгчдийн хоолны амт чанар 10 дахин сайжирсан эсэхийг МИАТ компанийн нислэгээр үйлчлүүлж буй зорчигчдоос асуугаад үзэхэд хариу нь төвөггүй гарна. Ийн Монголын хуулийг гууль болгож, МИАТ компаниар үйлчлүүлэгчдийн эрх ашгийг уландаа гишгэж ирсэн тус компани Хөшигийн хөндийд катеринг байгуулах концессын уралдаант шалгаруулалтанд оролцоогүй боловч шүүхийн шийдвэрээр Засгийн газрын ажлыг гацаахаар өөрсдийн эрх ашгийн төлөө улайран тэмцэж байгаагийн цаад учир нь энэ компанийн эздийнх нь хэлдгээр хууль шүүхийнхэн болон УИХ тэр ч байтугай Монголын Бурхан шашинтны тэргүүн хамба хүртэл байгаа гэж даналзан ярьдагтай нь холбоотой биз ээ.

“Нүхт Тур” компанийн энэ увайгүй үйлдлээс болж Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ашиглалтанд орох хугацаа хойшлох үүнээс үүдэн нисэх буудлын үйл ажиллагаа цаашлаад нисэх буудлаар үйлчлүүлэх зорчигчдын эрх ашиг хөндөгдөх эрсдэл нүүрлээд байна.

Д.БАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж