Нэг нь Ерөнхий сайд, нөгөө нь танхимынх нь “цэрэг” байхдаа хонь чоно шиг явсан Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёрын өнгөрсөн хугацааны дайсагнал мөнхийн эрх ашиг дээр эвлэлдэн нэгджээ.Үе, үехэн сошиалд “нум харвах” болсон Н.Алтанхуяг хамгийн сүүлд намын дарга С.Эрдэнэ рүү чиглүүлээд сум тавьсан нь Эрдэнэтийн гэх 49 хувьтай холбоотой гэх асуудлыг дэлгэнэ гэсэн мэдэгдэл нь. С.Эрдэнэ даргаа унагаах Н.Алтанхуягийн улс төрийн ард том хөзөр байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга гэсэн яриа “Шонхор тауэр”-ээс сонсогдож эхэллээ.УИХ-ын 2020 оны сонгууль болтол бас чиг хугацаа байгаа ч Ардчилсан намд ирэх сонгуулийг угтсан эрх мэдлийн зодоон ид өрнөж эхэлсэн бололтой. Ингэхэд ирэх 2020 онд Ардчилсан намыг ялна гэж хэн ч хэлчихсэн юм, Н.Алтанхуягийг ялалт байгуулна гэж хэн ч шивнэчихсэн юм.Өнгөрсөн 2016 оны парламентын сонгуулиар гутамшигтайгаар гудамжинд хөөгдөж гарсан Ардчилсан нам шинэ нам болох том зорилго тавьсан ч дотоодын хэрүүл талцалдаа дийлдээд шинэчлэл нь хол явсангүй. Хэрэв Ардчилсан намд жаахан ч гэсэн бялууны зүсэм өгчихвөл нам нь задрах дээрээ тулж магадгүй, ан цав нь одоо ч аниагүй байх шиг.
Одоохондоо намын тамгаа булаацалдаж байгаа АН-ын фракциуд ирэх 2020 онд ялна гэдэгтээ тун чиг итгэлтэй байгаа бололтой.Бүх гишүүдийнхээ санал хураалтаар Ардчилсан намын дарга болсон С.Эрдэнийг огцрууллаа гэхэд Их хурлаа хуралдуулах уу, эсвэл ахиад сонгууль явуулах уу гэсэн нөхцөл үүснэ. Эсвэл бүр өмнөх шигээ Н.Алтанхуяг хууль бус намын дарга болж магадгүй юм.
Гэхдээ шинэ дүрэмдээ ‘Намын дарга болон, ҮБХ-ны гишүүд, аймаг, сум, дүүргийн удирдлагаа бүх гишүүдийнхээ санал хураалтаар сонгоно’ гэсэн заалт оруулаад Улсын дээд шүүхээр бүртгүүлчихсэн. Тэгэхээр С.Эрдэнийгээ огцруулсан нөхцөлд гэхэд Ардчилсан нам шинэ дүрмийнхээ дагуу ахиад сонгууль явуулахаар болж магадгүй юм. Нөгөө талаар дотоод сонгууль явууллаа гэхэд Ардчилсан намынхан Н.Алтанхуягт санал өгнө гэдэг бас эргэлзээтэй. Өмнө нь намын даргад өрсөлдөөд С.Эрдэнэд ялагдсан, тэгээд ч ҮБХ-ын гишүүдийн дийлэнх нь “Шонхор”-ынхон, “Шонхор”-ын ард З.Энхболд гэж бие нь жижиг, бэлчээр нь “аюултай” хүн бий.С.Эрдэнийн хувьд бусад фракциудаа илт жийж, хэт хатуу гараар барих гэсэн оролдлого нь намаа зангидах бүү хэл хагалж буйг намынхан нь шүүмжлэх болсон. Тэрбээр намын даргын суудлаа авч үлдэхийн тулд бүх хүчээ гаргаж байгаа гэсэн мэдээлэл ч байна.Харин Н.Алтанхуягийг МҮДН, МҮАН-ынхан дэмжиж байгаа гэх. Дээр нь Ерөнхийлөгчийн МоАХ-г нэмэгдвэл, ‘Шонхор’-ын эсрэг Алтангадас ба бусад гэсэн фракцийн зөрчил Ардчилсан намд ид өрнөж байна.Ийнхүү ирэх сонгууль угтаж, алаагүй баавгайн арьсаа булаацалдан Ардчилсан нам дотор С.Эрдэнийн эсрэг ‘эсрэг хүчин’ нь улам томрох болсон аж. Аман тохироогоор, 2020 онд Ардчилсан нам ялдаг юм гэхэд С.Эрдэнэ Ерөнхий сайдад яригдаж, 2021 онд З.Энхболд Ерөнхийлөгчид хүч үзнэ гэсэн яриа “Шонхор”-уудын дундаас сонсогдох болсон.Эсрэгээрээ Н.Алтанхуяг намаа аваад ялалт байгуулбал, дахин Ерөнхий сайд болох, Х.Баттулгыг ахиад Ерөнхийлөгчид сойхоор тохиролцсон гэх. Гээд үнэндээ Ардчилсан нам ялаа ч уу, үгүй ч үү. С.Эрдэнэ, Н.Алтанхуяг хоёр ингэж байгаад намаа “Их санасан газар, есөн шөнө хоосон хонуулах” вий гэсэн болгоомжлол АН-ын гишүүдийн дунд байна.
Б.БАТ