Хөрөнгө оруулагчдыг айлгах “ноу хау”

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдыг айлгах “ноу хау”

Хөрөнгө оруулагчдыг айлгах “ноу хау”

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ тогтвортой өсөлтөө хадгалсаар байгаа ч уул уурхайн салбарт өртөг зардал нэмэгдсэн, улс төрийн эрсдэлүүд тулгарч байгаа зэргээс болж бэрхшээл ч мөн өссөөр байна.

Энэ талаар “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал, бидний сайн мэдэхээр Б.Бямбасайхантай “Дубайн төлөвлөгөө”-г “үзэглэсэн” Жан-Себастьян Жак “. ‘Үндсэрхэг үзэл газар авч байгаа нь салбарт тулгарч байгаа нэг гол асуудал болж байна. Конго, Өмнөд Африк, Монгол, Австралид хүртэл энэ нь хүчээ авч байна’ гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Африкт зэсийн олборлолтоор тэргүүлэгч Конго улс уул уурхайн компаниудад ногдуулах татвар, рояалтигаа нэмэгдүүлж байгааг дурджээ. Монголын Засгийн газар ч мөн  татварын тогтворгүй орчинтойгоороо “гайхуулдаг” боловч энэ удаад зарласангүй. Харин “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурсан Б.Бямбасайхан болон түүнд даалгавар өгсөн Ч.Сайханбилэг нарыг хорьчихоод байгааг нь “дэлхий мэдэх” болсон.

Үнэн хэрэгтээ зэсийн үнэ тонн нь 8000 ам.доллар байх үед манайхны одоо нэрлэдгээр “муу хулгай”, тэр үед алдаршуул байснаар бол “Монголын баатар” Фрийдланд гэгч Оюутолгойг хөрөнгө оруулалтаас босгох хүртэл нь 300 сая ам.доллар цутгасан гэдэг. Аливаа том төслийг хэрэгжүүлэхэд нийт хөрөнгийн 5-10 хувь нь төслийг бэлтгэх, боловсруулах гарааны шатанд зарцуулагддаг гэдэг логикоор бол тэр өөртөө том эрсдэл хүлээсэн. Харин үндэстэн дамнасан хөрөнгө оруулагч, эсвэл зартай зальжин  тэр эр Монголын тухай юу гэж ярьж явдаг бол. Яагаав манайх 2012 онд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шалгахдаа АТГ-аас Фрийдландыг дуудсаны дараа явсан, суусан газартаа шоолж явдаг болсон юм гэнэ билээ. Харин одоо авлига авсан байж болзошгүй гээд Оюутолгойн гэрээг хийсэн, сайжруулах төлөвлөгөө гэгчийг баталсан хүмүүсээ хорьчихоод “айлын талаас” асууж чадахгүй, яллаж ч чадахгүй байгаа энэ нөхцөлд зэсийн ханш 7000 ам.доллараас даваад байна. Үүнээс бид юу хожих бол.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захиралтай уулзахдаа хоёр талаас Ажлын хэсэг байгуулна гэсэн. УИХ одоогоор ажлын хэсэг байгуулчихаад ахлагчийг нь нэг сольчихоод байгаа. Цаашид Монголын ашиг орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, төслийн үр ашгаа нэмэгдүүлэх асуудлаар ярилцана гэсэн ажил хэрэгч санал ч тавьчихсан. Гэрээнд өөрчлөлт оруулах, асуудал байвал засах, нэмж сайжруулаад явах нь бизнесийн үйл ажиллагаанд байдаг л практик. Харин “өөрчлөлт оруулахдаа нөхцлийг дордуулсан уу, гарын үсэг зурсан л бол мөнгө авсан гэсэн үг үү”, цаашид хөрөнгө оруулагчидтай яаж ярилцах вэ, харилцсан хүнтэй нь Монголын хуулийн байгууллага, АТГ яаж харилцах бол гэдэг нь бас нэг мухардалд хөтлөөд байх шиг. 

“Рио Тинто” компанийн Зэс очир эрдэнийн группын Гүйцэтгэх захирал Арнауд Суарат тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр сарын сүүлээр Монголд ирж, Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатартай уулзсан. Ярилцсан асуудлын талаар тодорхой мэдээлэл олдохгүй байна.

Мөн Үндэсний аудитын газраас “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд хийх аудит хийхээр болжээ. Ингэхдээ “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”, ‘Оюу толгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтад зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал” гэсэн 2 бүлэг сэдвээр 2018-2019 оныг дамжин аудит хийх юм байна. Мөн Татварын Ерөнхий Газраас “Оюутолгой” компанийн 2013-2015 оны үйл ажиллагаанд үндэслэн 155 сая ам.долларын татварын акт тавьсан билээ. Түүнтэй холбогдуулан ‘Рио Тинто’ групп, Засгийн газар хооронд хэлэлцээр эхлүүлж, хоёр талаасаа байр сууриа нэгтгэхээр ажиллаж буй.Тодруулбал, Татварын ерөнхий газраас Оюутолгой компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан. Оюутолгой компани тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрсөн. Тодруулбал татварын актыг нийт 25 бүлэг болгон ангилснаас дөрвөн бүлгийг нь л “Рио Тинто” хүлээн зөвшөөрсөн бөгөөд зөвшөөрөгдсөн бүлгүүдэд нийт 10 гаурй сая ам.долларын төлбөр багтаж байгаа юм билээ.

Харин “Turquoise Hill Resource” компани“Оюу Толгой”-ийн удирдлагын түвшинд шууд оролцоогоо нэмэгдүүлэхээр болж буйг “Mining Weekly” энэ сарын эхээр мэдээлсэн. “Turquoise Hill” компанийн гол хөрөнгө оруулагчдын нэг “Sailingstone Capital Partners” компани “Оюу Толгой” төсөлд “Rio Tinto”-ийн оролцоо хэт өндөр байгааг өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэнээс үүдэж  тус компанийн ТУЗ-ийнхөн  ‘Rio Tinto”-ийн удирдлагуудтай уулзсан байдаг. Энэ уулзалтаар  “Turquoise Hill Resource” төслийн удирдлагын багаа байгуулж, Монгол Улсын Засгийн газартай холбоотой ажиллах ажлын хэсгүүдийг гаргах, “Оюу Толгой”-д төслийн менежментийн оффисоо байгуулахаар төлөвлөсөн талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Сүүлийн байдлаар мэдээлэхэд “Turquoise Hill Resource” компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 1.5 хувиар буурч, 3.79 канад долларт хаагдсан байна. Одоогоор “Rio Tinto” компани “Turquoise Hill Resources”-ийн 50.8 орчим хувийг эзэмшиж байгаа бол “Sailingstone Capital Partners” компани 11.49 хувийг эзэмшиж байгаа ажээ. Мөн “Pentwater Capital Management”, “Temasek Holdings” зэрэг компаниуд тус бүр 3-5 хувийг эзэмшиж байгаа. Дашрамд дурдахад дотоодын хөрөнгө оруулагчид, Монголын хоёр ч томоохон компани бонд гаргахаар төлөвлөж байснаа хүү, өртөг өснө, магадгүй улс төрийн тогтворгүй орчин болон одоогийн баривчилгаа зэргээс болгоомжлон шийдвэрээ цуцалчихаад байна. Тэгэхээр зэсийн үнэ өсч байгаа боломжийн мөчлөгийг ашиглахын оронд хамтран ажиллах үүрэг хүлээсэн хүмүүсээ барьж хориод байгаа нь эдийн засагт лав сайн нөлөө авчрахгүй. Өнөөдөр Монголын эдийн засгийн үзүүлэлт 2009 оны аравдугаар сарын 4-өөс хойш хэрхэн өөрчлөгдсөн, хөрөнгө оруулалт хэр нэмэгдсэнийг дэлхий дахин хэрхэн үнэлдэг, тэд буюу Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид хэнийг “дагуулж” ирснийг айсуй эрсдэлтэй зүйрлэвэл тэд Монголоос дайжиж эхлээд байна.

“Хонх нь дуугарахаар дамар нь таг” гэгчээр зэсийн ханш өсөхөөр зэс олборлодог төслүүдээрээ оролдох, тэр тусмаа “Эрдэнэтийн хэрэг”, “Оюутолгойн хэрэг”-тэй ноцолдож суух нь хэр зөв тактик юм бол.

Улс төрийн өс хонзонгийн агуулгатай гэж хардагдаж буй “адал балмад явдал” лав хөрөнгө оруулагчдыг даллах “ноу хау” биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж