Замын цагдаад автобусны чиглэл өөрчлөх эрх бий юу?

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

МОНГОЛ СЕРВИС

Замын цагдаад автобусны чиглэл өөрчлөх эрх бий юу?

Замын цагдаад автобусны чиглэл өөрчлөх эрх бий юу?

2018 оны тавдугаар сарын 15-нд 07:35 цагт: Баруун дөрвөн замаас Бөмбөгөр худалдааны төв рүү эргэх гэсэн “Улаанчулуут-МУИС” чиглэлийн автобусыг замын цагдаа зогсоон, шууд чигээрээ яв гэж зандрав. Зорчигчид шуугилдаж, эсэргүүцлээ. Арга ч үгүй юм. Бөмбөгөр, Ялалт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, МУИС-ийн автобусны буудалд буух зорчигчдыг Сүхбаатарын талбай руу аваад давхичихвал хичээл, сургуулиасаа хоцорно. Гэвч замын цагдаа шазуур зуун “Чигээрээ яв гэж байна шүү” гэж омогдов.

Дүрэм зөрчсөн жолооч замын цагдаад зовлонгоо тоочив. Нэмэр болсонгүй ээ, замын цагдаа хоргоосоор… Жолоочийн буруу хойно яалтай билээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус нэгдүгээр эгнээгээр зорчих ёстой. Гэтэл тус автобусны жолооч хоёрдугаар эгнээгээр зорчиж яваад баруун дөрвөн замын уулзварт ирээд нэгдүгээр эгнээ рүү шилжиж, Бөмбөгөр худалдааны төв рүү эргэх гэсэн нь яах аргагүй дүрэм зөрчсөн үйлдэл юм. Замын цагдаа ч дүрэм зөрчсөн түүний үйлдлийг өршөөсөнгүй, бичиг баримтыг нь хурааж аван, автобус баазад нь “алтан хошуу” хүргэхээ мэдэгдсэн. Зөв өө, зөв. Дүрэм зөрчдөг жолооч нараас болж авто замын зохиомол түгжрэл бий болохоос гадна аваар ч гарах эрсдэлтэй. Тийм учраас энэ үйлдлийг нь зөвтгөхгүй.

Гол нь хөдөлгөөн зохицуулж байгаа замын цагдаа нь автобусны жолоочийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гээд чиглэлээ өөрчлөхийг шаардаж болох уу?. Дүрэм зөрчсөн автобус болгоны чиглэлийг замын цагдаа өөрчилдөг байх юм бол Нийслэлийн тээврийн газар ажиллах шаардлага бий гэж үү. Нэртэйгээр нь Замын цагдаагийн газар нийтийн тээврийн үйлчлэх маршрутыг гаргадаг болчихвол яасан юм бэ?. Хэрэв жолооч замын цагдаагийн хэлсэнчлэн маршрутаа өөрчилсөн бол автобусанд явсан 50, 60 зорчигч цагтаа ажил, хичээлдээ очиж чадахгүй болох байлаа.

Нөгөөтэйгүүр, дүрэм зөрчсөн автобусны жолооч болгонд замын цагдаа маршрутыг нь өөрчлөх шаардлага тавиад эхэлбэл жинхэнэ бужигнаан үүсэх биз. Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр 800 гаруй том оврын автобус үйлчилгээнд явдаг. Тэр бүгдийн маршрутыг Нийслэлийн Тээврийн газраас зохицуулсан. Захын нэг замын цагдаагийн шаардлагаар энэхүү чиглэл өөрчлөгдөөд байвал юу болох билээ.

Үйлчилгээнд явж буй автобус бүр хөдлөх, ирэх цагтай. Автобус хоорондын явах цаг 10 минутаар хэмжигдэж байдаг. Гэвч түгжрэлээс болж, энэ дүрэм алдагддаг. Түгжрэл үүсч, нэг цаг, 1.30 цагаар хөдөлгөөн таг зогсоход буудал бүрт автобусаа хүлээсэн зорчигчид олноороо хурдаг.  Харин энэхүү түгжрэл үүсэхэд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл нь замын цагдаа болж байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Дээрх жишээн дээрээс харахад торгуулиа тавиад явуулчих зүйл дээр “Хойшоо эргэхгүй, төв замаараа чигээрээ яв” гэж маргалдах хооронд арынх нь тээврийн хэрэгслүүд хөдөлж чадахгүй хөдөлгөөн саатах жишээний.

За тэгээд замын цагдаа хөдөлгөөн зохицуулж байгаа уулзвар угтаад бөөн түгжрэл үүсдэгийг сануулахад ч буруутахгүй л болов уу. Замын цагдаа явлаа, тэр уулзварт бий болоод байсан авто машины түгжрэл арилдаг гэж жолооч нар ам уралдах юм билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж