Тайванийн шүдний эмч нар Монголд Амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Тайванийн шүдний эмч нар Монголд Амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Тайванийн шүдний эмч нар Монголд Амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна

Тайванийн Шүдний мэргэжилтний холбооны эмч нар шүдээ эмчлүүлж буй сурагчийн хамт

Тайванийн Шүдний мэргэжилтний холбоо, Улаанбаатар хотын Шүд, эрүү нүүрний төв болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран  2018 оны тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд нийслэлийн Налайх дүүрэгт амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус дүүргийн 119-р сургуулийн сурагчдад амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, оношилгоо, эмчилгээний үйлчилгээ үзүүлэв. Энэ үеэр мөн амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн сахих тухай сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан болно. Тайванийн Шүдний мэргэжилтний холбооноос нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаад Монгол оронд зочилж байгаа бөгөөд ес нь шүдний мэргэжлийн эмч юм. Тайваниас ирсэн шүдний эмч нарын багийн ахлагч Тайванийн Амны хөндийн эрүүл мэндийн холбооны Тэргүүн ноён Хуан Мин Ю хэлсэн үгэндээ “хүн бүр бага балчир наснаасаа амны хөндийн эрүүл мэнддээ анхаарал хандуулж хэвшин, шүдний эмгэгээс урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Амны хөндийн эрүүл ахуйг сахиж хэвшсэнээр хүн насан туршдаа эрүүл саруул амьдрах боломжтой” хэмээв. Тайванийн Амны хөндийн эрүүл мэндийн холбооны Тэргүүн ноён Хуан Мин Ю Монгол орны хүүхэд багачууд эрүүл, цагаан шүдтэй төдийгүй амны хөндийн эрүүл мэндийг сахиж хэвшвэл насан туршдаа шүдний өвчин, эмгэггүй, эрүүл сайхан шүдтэй байх боломжтой гэв. 

Тайвань Монголын шүдний эмч нарын баг, нийслэлийн Налайх дүүргийн ЗДТГ-ын төлөөллийн хамт

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр хэлсэн үгэндээ “Монгол орны хүүхэд багачуудын дунд шүд цоорох өвчлөл маш элбэг байдаг. Алс холын Тайваниас хүрэлцэн ирсэн эмч нарын баг бидэнд халамж, анхаарал тавьж буйд гүн талархаж байна. Нийслэлийн Налайх дүүргийн хүүхэд багачууд олон жилийн турш Тайванийн Хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас дэмжлэг, тусламж хүртэж ирсэн ба Налайх дүүргийн иргэд Тайванийн ард түмний халуун сэтгэлд талархаж явдаг” хэмээв.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч ноён Хуан Куо Рун хэлсэн үгэндээ Тайвань Монголын хоёр тал сүүлийн 10 гаруй жилийн туршид эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өрнүүлж байгаа бөгөөд хоёр тал эмч эмнэлгийн мэргэжилтэн мэргэжил дээшлүүлэх сургалт, семинарт хамруулах, эм бэлдмэл хандивлах зэрэг асуудлаар нягт хамтран ажилладаг. Сүүлийн жилүүдэд Монгол оронд ашиглагдаж буй эмнэлгийн техник, тоног төхөөрөмж маш хурдацтай шинэчлэгдэн, сайжрахын зэрэгцээ хүн амын эрүүл аж төрөх дадал, мэдлэг улам дээшилж байна. Тэрээр мөн хэлэхдээ Монгол Улсын Засгийн газрын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тайванийн Шүдний мэргэжилтний холбооны эмч нарын баг Монгол оронд хүрэлцэн ирж, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба энэ ажлын хүрээнд цаашид бодитой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна гэв.   

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж