Баруун тайгад бүтэн өнчин хоёр хүүхэд байна

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Баруун тайгад бүтэн өнчин хоёр хүүхэд байна

Баруун тайгад бүтэн өнчин хоёр хүүхэд байна

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг тавдугаар сарын 2-7-нд Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Баруун тайгад ажиллалаа. Ингэхдээ “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаашдын амьдралын төвшнийг сайжруулах” хөтөлбөр, “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын хэрэгжилттэй танилцсан байна.  Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байгаа бөгөөд үүний 148 нь 0-18 насны хүүхдүүд байна. Мөн 48 ахмад настан, 22 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, есөн байнгын асаргаа шаардлагатай иргэн, бүтэн өнчин хоёр хүүхэд байжээ.

Цаатан иргэдийн 0-18 насны бүх хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагддаг ба 65-аас дээш насны есөн ахмад настан насны хишиг авдаг гэнэ. Тайгад амьдарч буй цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнийг борлуулан орлого олох боломжгүй байдаг тул тэдэнд төрөөс сар бүр тэтгэмж олгодог юм байна.

Цаатан иргэд тэтгэмжтэй болсноос хойш цаа бугыг хүнсэндээ хэрэглэх явдал эрс буурсан тул цааны тоо толгой даруй 56 хувиар өсч, 2016 оны жилийн эцсийн байдлаар 2116 болсон байна. Тиймээс тус хөтөлбөр цаа бугын аж ахуйг сэргээхэд ихээхэн ач холбогдолтой байна гэж үзжээ. Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах болсноор тэд нийгмийн даатгалын үйлчилгээнд бүрэн хамрагдаж өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах, хүүхэд төрүүлэх зэрэг тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ авах боломжтой болсон байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаатан иргэдийн амьдрал ахуйн нөхцөл байдалд дүгнэлт хийн нийгмийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллахаар болжээ.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж