Тэгвэл, Тавантолгойн гэрээг АТГ-аар хийлгэе

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Тэгвэл, Тавантолгойн гэрээг АТГ-аар хийлгэе

Тэгвэл, Тавантолгойн гэрээг АТГ-аар хийлгэе

Ардын  намын  зуун жилийн ой 2021 онд тохионо. Сүхээр эхэлж, Сүх дээрээ яваа тус намын түүхтэй Монголын түүх, тэр тусмаа улс төрийн их  хэлмэгдүүлэлтийн түүх бүхэн холбогддог.

1922 он. “Д.Бодоогийн хэрэг”-ээр эхэлсэн хэлмэгдүүлэлт  1932-1933 онд “Ж.Лхүмбийн хэрэг”-ээр үргэлжилж, 1937 онд “Гэндэн, Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг”-т Монголын олон мянган сэхээтэн, малчин, лам өртсөнөөс 22 мянган хүнийг буудан алсан нь түүхэнд үлджээ. Түүхийг эргэн сөхвөл, Ж.Лхүмбэтэй хувийн өс хонзонтой Хэнтий аймгийн Онон-Дадал хошууны дотоодыг хамгаалахын төлөөлөгч Данзан гэгч анх энэ хэргийг зохиомлоор үүсгэсэн тухай бичсэн байдаг.

2018 он. МАН үнэмлэхүй олонх болсон, У.Хүрэлсүхийн засгийн үед Монголын хоёр ч Ерөнхий сайд, нийтдээ зургаан хүн “Оюутолгойн хэрэг”-ийн хоригдол болов. Бодлогын шийдвэртээ шоронд суусан орчин үеийн Монголын улс төрийн хоригдлууд гэж нэрлэхэд ч бас буруудахааргүй.

Учир нь   нийтдээ 45 хоног 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байгаа С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын шүүх хурал өчигдөр болж, тэднийг “дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэх” үндэслэлээр хорих хугацааг нь сунгах прокурорын хүсэлтийг шүүхээс ёсчлов.  Харин өнөөдөр  С.Баяр, Ч.Сайханбилэг Б.Бадрал нарын хүсэлтийг  Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хэлэлцсэн боловч, хүлээж авсангүй. Шалтгаан нь гэмт хэрэг дахин үйлдэх, гэмт хэргийн материалыг үрэгдүүлэх, устгах нигуртай. Мөн мөрдөх шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй.

Үндсэндээ өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлыг,  АТГ-ын баривчилгаа, прокурорын хүсэлт, шүүхийн шийдвэрийг харахад Оюутолгой шалтгаан уу, шалтаг байсан уу гэдэг нь сонирхол татаж байна.  Хэрэвзээ Оюутолгой шалтгаан байгаад гэрээг хийхдээ тэд бодлогын алдаа гаргасан бол барьж хорьж, саатуулах шаардлагагүй байсан биз.  Гэмт хэргийн шинж чанар, тэр хүний зан авир, бусдад аюултай гэмт хэрэг хийх магадлалтай зэргээс нь хамаараад цагдан хорих эсэхийг шийддэг.  С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нар хууль дуудсан цагт очсон, хуулийн өмнө шударгаар шалгуулахаа ч мэдэгдсэн. Энэ тухайд, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хорихоос бичсэн захидалдаа ‘Оюутолгойн төслийг анх эхлүүлэхэд, мөн үргэлжлүүлэхэд гадны нээлттэй хяналттай том компаниас Монгол төрийн ямар ч албан тушаалтан авлига аваагүй гэдэгт миний бие 100 хувь итгэлтэй байна. Хэрвээ ингэсэн бол ямар ч ял шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье’ гэх үг.

Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров ‘Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй маш олон хуулийн заалтыг зөрчсөн. 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр  15.00 цагт Ч.Сайханбилэгийг гэрчээр асууна гэж АТГ-аас дуудсан. Манай үйлчлүүлэгч АТГ дуудсан цагт, дуудсан хугацаанд нь очсон.  Ч.Сайханбилэг нь Ерөнхий сайд байсны хувь энэ хүн төрийн тусгай хамгаалалтад байх ёстой. Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын хууль гэж байна. Энэ хууль буугаагүй байхад төрийн хамгаалалтад байгаа хүний зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу баривчилдаг. Төрийн тусгай хамгаалалтын хугацаа дөрвөн жил хүчинтэй байдаг. Энэ хуулийг зөрчиж баривчилсан’ гэснээс харвал экс Ерөнхий сайдын хамгаалагчид эрх чөлөөгөө давхар хасуулаад мөн л сар гаруй болж байна. Нөгөө хүний эрхийг дээдэлсэн нийгэм тэгээд энэ үү!

С.Баярын өмгөөлөгч А.Ариунаа ‘Манай үйлчлүүлэгчийг гэмт хэргийн баримт нотолгоог гээх, үрэгдүүлэх, устгах, зөөвөрлөх гэсэн үндэслэлээр баривчилж, цагдан хорьсон. Энэ үндэслэлийг үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Яагаад гэвэл Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримт өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын архивт хадгалагдаж байгаа’ гэх тайлбарыг өгөөд буй.  Харин С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг ‘илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй’ гэх үндэслэлээр хорьсон.  Эндээс тавигдах эхний асуулт нь, Оюутолгойн гэрээ байгуулсан нь бодлогын шийдвэр үү, гэмт хэрэг үү. Хоёрт, тэднийг гэмт хэрэгтнүүд гэж нотолсон ямар нэг баримт АТГ-д одоогоор байхгүй, яллах үндэслэл, нотолгоо, гэрчийн мэдүүлэг прокурор олоогүй, шүүх ямар нэгэн шийдвэр гараагүй байхад нийгмээрээ яллан, цоллох нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл мөн үү.

 Нэг үгээр хэлбэл, зөвхөн хардлага дээр үндэслэн сэжиглэж болохоос нотлогдоогүй хэрэгт хэрэг тулгах, ‘Монгол Улсын нэрийн өмнөөс’ яллах, шүүх  эрх мэдэл хуулийнханд ч байх учиргүй. Ардчилсан, эрх зүйт төр гэж байгаа бол шүү дээ.

Үйлчлүүлэгчийг нь барьж хорих, хорих хугацааг сунгах шалтгаан үндэслэлгүй гэх өмгөөлөгчдийнх нь  тайлбарыг сонсвол  хуулийнхны барьж байгаа чиглэл нь улс төрийн зорилготой байж болох хардлагыг улам баталж байна.  Оюутолгой шалтаг болж, тэднийг хорих, барих даалгаврыг “дээрээс хэн өгсөн бэ” гэх асуултын ард, хэн нэгний өрсөлдөгчөөсөө салах ‘улс төрийн их цэвэрлэгээ’ энэ бүхний цаана явагдаж байх магадлал бас бий.

 Энэ гэрээг  эргэн харах нь эдийн засгийн зорилгогүй, улс төрийн ашиг сонирхлын бай болсон, дээрээс нь их гүрнүүдийн оролцоо  бий бол Монголд “Оюутолгойн хэрэг” гэх шинэ хэлмэгдүүлэлт, ардчилсан нийгэмд аюул заналхийлсэн нэн шинэ эмгэнэл эхэлсэн гэсэн үг.  Өнөөх залхаан цээрлүүлэх замаар өөрөөр нь хэргийг нотлуулж, хүлээлгэдэг коммунист, Вышинскийн аргыг манай хуулийнхан хэрэглээд эхэлбэл, ингээд Монголын эрх зүйт төр дуусна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө үзвэл үнс, харвал хальс болно.

Иймээс л С.Баяр , Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан нар бодлогын алдаа гаргасан буруутнууд уу, эсвэл бодлоготойгоор хорьсон улс төрийн хоригдлууд уу гэсэн асуулт АТГ, прокурор, шүүхийн өмнө зүй ёсны тавигдаж байна. Хэрэв бодлогын алдаа гарсан бол барьж хорихгүйгээр шалгах бүрэн боломжтой. Гэтэл заавал хорьж, хуульд заасан хамгийн хатуу заалтыг ашиглах нь залхаан цээрлүүлэлт биш үү. Учир нь өнгөрсөн хугацаанд Ч.Сайханбилэгээс нэг удаа, Б.Бямбасайханаас  хоёрхон удаа л байцаалт авч.

Б.Бямбасайханы өмгөөлөгч ‘Хэрэг ээдрээтэй төвөгтэй байгаа тул цагдан хорих хугацааг сунгасан гэх үндэслэл нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр. Ээдрээтэй  гэдгээ ч прокурор нотолж чадахгүй байна. Прокурорын нотлогдоогүй үндэслэлээр хүнийг цагдан хорьдог болох нь’ гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн. С.Баярцогтын өмгөөлөгч  Г.Орхон ‘Цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй. Учир нь, тэд УИХ болон Засгийн газрын гишүүдээсээ асуухаас илүүтэй АТГ, прокурор, шинжээчдээс асууж байж гэрээ хэлэлцээгээ хийх ёстой болох нь. Оюутолгойн гэрээг тухайн үед УИХ болон Засгийн газрын гишүүдээс асууж байж, хийсэн. Гэтэл тэд өнөөдөр дуугардаггүй юм байна. Иймээс мега төслийн гэрээ хэлэлцээ хийхдээ АТГ, прокурор, шинжээчдээс асуух ёстой болжээ’ гэж. Тэгвэл, Тавантолгой, тавдугаар цахилгаан станц, нефтийн үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг цаашдаа  АТГ-аар хийлгэе. Учир нь бодлогын шийдвэртээ хэлмэгдэх нь ямар гунигтайг мэдрэг, тэд.

Чухамдаа хэн нэгнийг баримт нотолгоогүйгээр шийтгээд, аль нэг засгийн бодлогын шийдвэрийг яллаад эхэлбэл, Х.Тэмүүжингийн хэлсэнчлэн ‘Монголын төрийг ардчилал биш сонгогддоггүй, улс төрийн хариуцлага хүлээдэггүй, “харгис цагдаа” шиг хуулийг гартаа барьж зэвсэг болгосон бүлэг хүмүүс залж чиглүүлдэг болно’.  Хэн нэгэн улстөрч Гитлер, Сталины сүнсийг босгож ирснээр, ‘Оюутолгойн хэрэг’-ийн араас ‘Тавантолгой хэрэг’, цаашлаад хэн хэзээ ямар зохиомол хэрэг босгохыг бодохоос ч аймшигтай.  Ямартай ч хэлмэгдүүлэлтийн энэ нэн шинэ түүх  ахиад Ардын намтай холбогдох нь. Яагаад гэвэл тэд өнөөдөр үнэмлэхүй олонх билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж