Хироми Томита: Монгол жүдочдын халааг бэлтгэх нь чухал

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Хироми Томита: Монгол жүдочдын халааг бэлтгэх нь чухал

Монголын жүдо бөхийн холбооны урилгаар Жүдо бөхийн наймдугаар дантай Хироми Томита багш манай улсад сар гаруй хугацаанд ажиллаж байгаа билээ. 2009 онд Японд болсон “Grand Slam Tokyo” тэмцээний үеэр Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат,  Олон улсын жүдо бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Б.Пагва нар анх түүнтэй танилцан, Монголд зочлохыг урьжээ. Ингээд Хироми Томита багш нэг сарын өмнөөс Монголын жүдочдод зөвлөгөө өгөн, шигшээ багийн дасгалжуулагчидтай хамтран ажилласан юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Хироми Томита гэдэг. Жүдогийн наймдугаар дантай.  Би 1969 оноос албан ёсоор жүдо бөхийн зөвлөх багшаар ажиллах болсон юм. Түүнээс өмнө 1962-1969 оны хооронд Японы  жүдо бөхийн шигшээ багийг дасгалжуулж, 1964 онд болсон Токиогийн олимпод тамирчдаа бэлтгэн оролцуулж байлаа

-Монголд ирээд хэр хугацаа өнгөрч байна?

-Би Пуэрто Рико улсад зөвлөх дасгалжуулагчаар ажилладаг юм л даа. Монголын жүдо бөхийн холбооны урилгаар ирээд сар шахам болж байна. Монголын жүдочдод бэлтгэл сургуулилтын үеэр зөвлөгөө өгөхийн хажуугаар дасгалжуулагчдад зөвлөх багшаар ажиллаж байна.

-Зөвлөх багшийн хувьд манай шигшээ багийн дасгалжуулагчидтай ямархуу харилцаатай байдаг вэ?

-Би Монголд ирэхдээ албан ёсоор хамтран ажиллахаар ирээгүй. Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Насантогтох багшид туслан, тамирчдад зөвлөх зорилгоор ирсэн. Дасгалжуулагчидтай энгийн харилцаатай байдаг.

-Та өмнө нь манайхаас гадна ямар оронд зөвлөхөөр ажиллаж байв?

-Би өмнө нь албан ёсоор Франц, Фольш, Иран, Сери улсуудад зөвлөх багшаар ажиллаж, АНУ, Колумби, Канад, Словак, Бельги, Чех зэрэг улсуудад жүдо бөхийн сургалт, семинар хийж байлаа. Яг одоо бол Пуэрто Рико улсад зөвлөх багшаар ажиллаж байна.

-Таны ажигласнаар Монголын жүдочдын бусад орны тамирчдаас ялгарах онцлог давуу тал нь юу байв?

-Монголчууд монгол бөхөөрөө алдартай улс шүү дээ. Танай жүдочдын барилдах арга, техник бусад орны тамирчдаас арай өөр л дөө. Яг жүдогийн үндсэн мэх, техникийг хийдэг бөх байгаа боловч монгол бөхийнхөө арга барилаар барилддаг жүдоч олон байна. Тиймээс миний хувьд тэр бөхчүүдэд жүдо гэж юу болох, жүдогийн мэх, техник талаас нь зөвлөгөө өгч байгаа. Эдгээр үндсэн арга барилыг бүрэн эзэмшсэн тохиолдолд Монголын жүдочид маш сайн амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

-Монголд эмэгтэй жүдо бөх эрэгтэйчүүдийн төрөлтэй харьцуулахад арай хожим хөгжсөн. Манай эмэгтэй тамирчдын талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Миний бодлоор бол “дунд зэргийн” гэж хэлмээр байна. Үүнээс ч сайн байх боломжтой. Яагаад гэвэл Монголд амжилт гаргах боломжтой эмэгтэй жүдочид олон байна. Жишээ нь, 52 кг-ын жинд барилддаг М.Бундмаа жүдо бөхийн дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж байна шүү дээ.

-Маргааш /өнөөдөр/ Франц улсад жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Та манай тамирчдын бэлтгэлийг хэр сайн хангагдсан гэж бодож байна?

-Миний бодлоор Монголын жүдочид хэтэрхий их ачаалалтай бэлтгэл сургуулилт хийгээд байх шиг санагдсан. Тиймээс бэртэл, гэмтэлтэй тамирчид их байна. Дэлхийн аваргын өмнөх бэлтгэлийг “маш сайн” гэж бол би хэлж чадахгүй.

-Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар сая “Дэлхийн шилдэг жүдоч”-д нэр дэвшсэн байгаа. Түүний талаар та ямар дүгнэлт хэлэх вэ?

-Х.Цагаанбаатар 66 кг-ын жинд дэлхийн чансааг тасралтгүй хоёр жил гаруй хугацаанд тэргүүлж байгаа. Ингэж удаан хугацаанд чансааг тэргүүлсэн бөх албан ёсоор нэр дэвших нь зүйн хэрэг. Монголдоо ч тэр жиндээ номер нэг нь шүү дээ. Х.Цагаанбаатар бол яах аргагүй дэлхийн тамирчин. 

-Таны бодлоор энэ цаг үеийн дэлхийн хамгийн шилдэг жүдоч хэн бэ?

-Дэлхийн улс бүрийн шилдэг сайн жүдочид олон байгаа болохоор онцолж хэлэхэд хэцүү. Учир нь өнөөдөр ялсан тамирчин маргааш ялагдах тохиолдол маш их. Гэхдээ тэр олон шилдгүүд дундаас би Япон улсын жүдоч, -100 кг-ын жинд барилддаг Т.Анай гэдэг бөхийг онцлон нэрлэж болох юм. Тэр өөрийн жиндээ барилдахын тулд маш их жин хасдаг ч тэмцээндээ үргэлж амжилттай оролцдог. Шилдэг гэвэл түүнийг л нэрлэнэ дээ.

-Ажиллаж байх хугацаанд тань манай тамирчид юун дээр анхаарвал зүгээр юм шиг санагдав?

-Нэн тэргүүнд Монголын жүдочдын залгамж халааг маш сайн бэлтгэх хэрэгтэй. Одоо танай улсад дэлхийн томоохон уралдаан, тэмцээнд явдаг цөөн хэдэн тамирчид байна. Тэр тамирчид ямар нэгэн байдлаар дэвжээгээ орхилоо гэхэд залгах залуу тамирчдад анхаарлаа хандуулах нь чухал юм. Бас тамирчид тэмцээнд оролцохын тулд маш их жин хасч байна. Энэ нь тамирчныг ядарч, сульдахад хүргэдэг. Ингэж их жин хасч барилдсанаас ойролцоо жинд нь бага зэрэг жин нэмж оролцуулах хэрэгтэй. Мөн гадаадын уралдаан, тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад шигшээ багийн дасгалжуулагч чухал үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой. Гэхдээ тэр тамирчныг өмнө нь өөр багш, дасгалжуулагч өөрийн арга барилаар сургаж, дасгалжуулсан байдгийг бодолцох хэрэгтэй. Тийм болохоор тамирчдын анхны багш, дасгалжуулагчдыг бэлтгэл, сургуулилтад татаж оролцуулах нь чухал юм.

-Ер нь жүдо бөх хөгжихөд ямар хүчин зүйл нөлөөлдөг юм бол?

-Би жишээн дээр тайлбарлая л даа. Дасгалжуулагчийг тогооч, тамирчнаа хоол хийх материал гэж бодъё. Тэгвэл сайн тогооч сайхан хоол хийхийн тулд сайн материал сонгож авдаг. Тиймээс багш хүн тухайн тамирчнаа маш сайн таних нь чухал. Нөгөө талаар сайн тогооч нар ямар ч материалаар сайхан хоол хийж чаддаг шүү дээ. Түүнтэй адил авьяасгүй, жирийн нэг хүүхдийг ч сайн тамирчин болгох чадвартай байх ёстой.

-Танд манай улсад дахин ирэх төлөвлөгөө байгаа юу?

-Монголын жүдо бөхийн холбооноос ирэх арванхоёрдугаар сард ирэхийг урьсан байгаа. Холбооны зүгээс надад Монголын эмэгтэй жүдочдыг бэлтгэхэд хамтран ажиллах санал тавьсан. Би дуртайяа зөвшөөрсөн.

                          Б.Ойнбилэг

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж