Япон улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Япон улсын шигшээ баг

Япон улсын шигшээ баг

Орос-2018 хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 30 хоног үлдлээ. Мэдээллийн News агентлаг ДАШТ-нд оролцох 32 шигшээ багийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Азийн төлөөлөл Японы шигшээ багийг танилцуулж байна.

  • Дасгалжуулагч: Акира Нишино
  • Багийн ахлагч: Макото Хасэбэ
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Ясухито Эндо 152 тоглолт
  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Кунишигэ Камамото 80 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 60
  • ДАШТ-нд оролцсон тоо: Таван удаа оролцсон буюу 1998 оны ДАШТ-нээс хойш тогтмол оролцож байгаа.
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 2002, 2010 онуудад шөвгийн 16-д шалгарсан

МОСКВА ХҮРЭХ ЗАМД:

Японы шигшээ баг Азийн бүсээс нэлээд урт марафоныг туулан байж дэлхийн аваргын эрхээ авсан. Тэд эхлээд Азийн бүсийн хоёрдугаар шатны Е хэсэгт Афганистан, Камбожи, Сири болон Сингапур зэрэг улсын тойрогт багтан ганц ч хожигдолгүй хэсгээ тэргүүлж гуравдугаар шатны сонгон шалгаруулалтанд багтсан. Гуравдугаар шатны В хэсэгт Ирак, Саудын Араб, Австрали, Тайланд болон АНЭУ-тай багтаж 10 тоглолт хийж зургаан хожил, хоёр тэнцээ, хоёр хожигдсон амжилтаар хэсгээ тэргүүлснээр Азийн бүсээс шууд Оросыг зорих эрхтэй болсон.

ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Японы хөлбөмбөгийн холбоо өнгөрсөн дөрөвдүгээр сарын дундуур нэгэн хачирхалтай шийдвэр гаргасан нь шигшээ багийнхаа дасгалжуулагч Босни мэргэжилтэн Вахид Халилхожичийг ажлаас нь чөлөөлсөн. Уг нь В.Халилхожич Японы шигшээ багийг удирдан Азийн шатны сонгон шалгаруулалтыг тун амжилттай хийж Оросыг зорих эрхийг нь авахуулсан. Японы хөлбөмбөгийн холбоо “Цэнхэр самурай”-нуудыг удирдах дараагийн дасгалжуулагчаар Акира Нишиног сонгосон. А.Нишиногийн хувьд Японы хөлбөмбөгт шинэ хүн биш бөгөөд 1991-1996 онд Японы 20-оос доош, 23-аас доош насны шигшээ багуудыг удирдаж байсан туршлагатай. Одоо чухам ямар тоглогчдоор багаа бүрдүүлэхийг харах л үлдэж байна. Түүний мэдэлд байрлал бүртээ дараах тоглогчид бий.

Хаалгач: Э.Кавашима (Францын Мец), С.Нишикава (Японы Урава Ред Даймондс), М.Хигашигучи (Японы Гамбо Осака), К.Накамура (Японы Кашива Рейсол). Эдгээр хаалгачдаас нэг нь гэртээ үлдэнэ.

Хамгаалагч: Ю.Нагатомо (Галатасарай), М.Ёшида (Саутхэмптон), М.Моришигэ (Японы Токио фс), Х.Сакай (Марсель), Г.Сакай (Хамбург), Т.Макино (Японы Урава Ред Даймондс), В.Эндо (Урава Ред Даймондс), Г.Шожи (Японы Кашима Антлерс), Н.Уеда (Японы Кашима Антлерс), Ш.Курумая (Японы Кавасаки Фронтале), Т.Угажин (Японы Урава Ред Даймондс). Английн лигт тоглодог М.Ёшидагийн гэмтэл гол асуудал болж байгаа. Хэрвээ түүний бэртэл гайгүй бол Японы шигшээгийн хамгаалалт боломжийн хэмжээнд өрсөлдөхүйц болох боломжтой.

Хагас хамгаалагч: М.Хасэбэ (Айнтрахт), К.Хонда (Мексикийн Пачука), Я.Конно (Японы Гамба Осака), Ш.Кагава (Боруссиа Дортмунд), Х.Киётакэ (Японы Церезо Осака), Г.Шибасаки (Хетафе), Р.Мориока (Бельгийн Андерлехт), Р.Ошима (Японы Кавасаки Фронтале), К.Мисао (Японы Кашима Антлерс), Я.Такахаги (Испаний Културал). Японы дундын шугаманд Ш.Кагава, К.Хонда хэмээн хоёр авъяаслаг тоглогчид бий. Эдгээр залуусын хэрхэн тоглох нь Японыг цааш хол явах эсэхэд чухал үүрэгтэй.

Довтлогч: Ш.Оказаки (Лейстер Сити), Я.Осака (Кёльн), Г.Харагучи (Германы Фортуна Дюссельдорф), Т.Усами (Германы Фортуна Дюссельдорф), К.Сугимото (Японы Церезо Осака), Ю.Кобаяаши (Японы Кавасаки Фронтале), Ю.Кубо (Бельгийн Гент), Ш.Накайма (Португалын Портимонесе), Т.Асано (Штутгарт), Ё.Муто (Майнц05). Урьдчилсан шатны тоглолтуудад Г.Харагучи шигшээ багийнхаа төлөө тун сайн тоглолтыг үзүүлсэн.

ДАШТ-НИЙ ХЭСЭГ:

Японы шигшээ баг ДАШТ-ний Н хэсэгт тун боломжийн хэсэгт багтсан. Н хэсэгт Польш, Сенегал болон Колумбын шигшээ багуудтай нэг хэсэг юм. Иймд хэсгээс гарах боломж бий. Шийдвэрлэх тоглолт нь хэсгийн сүүлчийн тоглолтоо хийх Польшийн эсрэг тоглолт байх болов уу. Хэрвээ эхний хоёр тоглолтоос эерэг үр дүн авч чадвал хасагдах шатанд шалгарч болох юм.

ТҮЛХҮҮР ТОГЛОГЧ:

Шинжи Кагава бол Японы шигшээ багт яалт ч үгүй гялалзах од нь юм. Гэхдээ довтлогч Г.Харагучи урьдчилсан шатны тоглолтуудад шигшээ багийнхаа хамгийн олон гоолыг оруулсан. Японы шигшээ багаас Г.Харагучиг онцолж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж