Эмч нар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж үсээ хусуулав

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Эмч нар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж үсээ хусуулав

Эмч нар тэмцлийн хурц хэлбэрт шилжиж үсээ хусуулав

 Эмч эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэл /ҮЭ/-ээс эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмж өгөхийг шаардсан суулт өнөөдөр /2018.05.16/ дөрөв дахь өдрөө үргэлжилж байна. Тэдний суултад хөдөлмөр, боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан зэрэг салбаруудын албан хаагчид нэмэгдсэн байна. Тэд цалингаа шат дараатайгаар нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаад байгаа юм. Хөдөлмөрийн сайд С.Чинзоригтой өчигдөр 15.00 цагт хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр эхлүүлсэн боловч энэхүү яриа хэлэлцээр амжилтгүй болсон тул өнөөдөр эмч эмнэлгийн ажилтны ҮЭ-ээс суултаа үргэлжлүүлж, улмаар тэмцлийн дараагийн хэлбэр лүү шилжиж байгаагаа Монголын эрүүл мэндийн ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар мэдэгдэв. Мэдэгдлийн дараа суултад оролцож буй эрүүл мэндийн салбарын албан хаагчид үсээ хусуулж, эсэргүүцлээ илэрхийллээ.

 Шинжлэх ухааны ажилтны ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга н.Баясгалан:

-Хаврын салхинд эрүүл мэндээ золин сууж байгаа энэ хүмүүс хийх ажилгүйдээ энд сууж байгаа юм биш. Үнэхээр цөхөрсөн, шургаж унаж байна, шургаж унасан ч энэ талбай дээр уная, бидний шаардлагыг хүлээж авч байгаа юм алга байна. Өчигдөр хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийг хөдөлмөрчин ард түмэн эцсийн найдлага тавин, цалин нэмэх боломж гэж харж байсан ч нурсан, одоо дахиж хэлэлцээр хийхгүй. Хэлэлцээр хийнэ, судална гэсэн ийм замаар бид бүхнийг тайтгаруулж чадахгүй. Бид нар энэ тэмцлээ зогсоохгүй, тийм учраас дараагийн тэмцлийн хурц хэлбэр шилжинэ гэдгийгээ онцлов.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга өнөөдөр /2018.05.16/ суултад оролцож буй хүмүүсийн төлөөллийг хүлээн авч уулзан санал солилцохоор болсон байна.

 

Н.ГАНБАТ

Гэрэл зургийг: Э.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж