Үндсэн хуулийн эрхзүйн онол, практикийг дэлхийн улс орнуудад өнөө цагт хэрхэн хэрэгжүүлж буйг өгүүлсэн “Гадаад орнуудын Үндсэн хуулийн эрхзүй: харьцуулсан судалгаа” хэмээх шинэ ном уншигчдын гар дээр очиж байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Шарын Цогтоо энэхүү бүтээлдээ сургалтын, эрхзүй судлалын, онол практикийн гурван гол асуудлыг авч үзсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийг гадаад улс орны Үндсэн хуулийн эрхзүйн онол, практиктай харьцуулан жиших, цаашид гүнзгийрүүлэн судлах боломж олгож байгаад уг бүтээлийн гол ач холбогдол оршиж байгаа аж.
Зохиогч Шарын Цогтоо нь Үндсэн хуулийн мөн чанарыг нээн харуулахад чиглэгдсэн сурах бичгүүд болон “Монгол Улсын Үндсэн хуульд хийсэн онол арга зүйн тайлбар”, “Үндсэн хуулийн 7 нэмэлт өөрчлөлт: хууль зүйн шинжилгээ” зэрэг нийтдээ 70 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвисан хуульч, эрдэмтэн судлаач юм гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.