Ж.Мөнхбат: Сангийн сайд худлаа мэдээлэл өгч болохгүй

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат: Сангийн сайд худлаа мэдээлэл өгч болохгүй

Ж.Мөнхбат: Сангийн сайд худлаа мэдээлэл өгч болохгүй

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2018.05.16/-ийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт найман хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Хүүхдийн мөнгийг сонголттой олгоё . Хүүхдийн мөнгийг авахгүй гэсэн эцэг эхчүүдийн саналыг авмаар байна. Эх орноо бодсон хүмүүс  хүүхдийн мөнгөнөөс татгалзах байх. Шинэ хөдөө төслийг өнгөрсөн хугацаанд нэлээд ажиллуулсан. Хонио хяргах хайчнаас эхлээд олон төсөл санал санаачилга гардаг юм билээ. Мал, амьтны эрүүл мэндийн хууль батлагдсантай холбогдуулан ирэх зургадугаар сараас аймаг сум бүрт мал эмнэлгийн тасаг ажиллана. Цаашид мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр  ямар ажлууд хийгдэх вэ.

АЖЛЫН ХЭСЭГ:

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд ХАА-н салбарыг хөгжүүлэх олон арга хэмжээ тусгагдсан. Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох чиглэлээр “Үйлдвэржилт 20:100”  хөтөлбөрийг Засгийн газраас баталсан. Мөн “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөсөн.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой гэсэн байр суурийг би баримталж байгаа. 2016 оны сонгуульд МАН  мөрийн хөтөлбөртөө таны хүүхдийг ялгаварлахгүйгээр 100 хувь хүүхдийн мөнгө олгоно гэж амласан. 2016 онд нийт хүүхдийн 60 хувьд нь олгож үлдсэн 40 хувьд нь нөхөж олгоно гэдэг шийдвэрийг гаргаж байсан. 2017 оны долдугаар сарын 4-нд хүүхдийн мөнгийг 100 хувь олгоно гэж Засгийн газар шийдвэрлэсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын огцорсон гурван шалтгааны нэг хүүхдийн мөнгөтэй холбоотой байсан. Цаашид гарц бий. Үүнийг улс төржүүлэлгүй ажлын хэсэг дээр яримаар байна. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох ёстой. Мөн цалин, тэтгэврийг 2019 оны үндсэн чиглэлд инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ гэсэн. Гадаа эмч, багш нараа цалингаа нэмүүлэхээр жагсаал, цуглаан хийж байна. 2019 онд инфляцын түвшин найман хувиас ихгүй байна гэж тусгасан энэ тохиолдолд цалин тэтгэврийг яг хэдэн хувиар нэмэх вэ. Өнөөдөр Монгол улсын өрх бүхэн, хүн бүхэнд хүүгийн дарамт тушаа болж байна. Бүгд зээлтэй, Монгол Улс нь өөрөө бондын зээлтэй. Сангийн яам, Засгийн газар хүүгийн дарамтыг бууруулах чиглэлд 2019 онд  ямар ажил хийх вэ. Мөн гэр хорооллын яндангийн тоог бууруулах уу. Ипотекийн зээл зогссон байдалтай байна.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Эдийн  засгийн нөхцөл байдалтай зээлийн хүү уялддаг. Сангийн яам өнгөрсөн долоон сарын хугацаанд 2,8 их наяд төгрөгийг  үндсэн өр, болон хүүгийн өрийг арилжааны банкуудад төлсөн. Ингэснээр банкууд хувь хүн,  аж ахуй нэгж байгууллагуудад зээл олгож эхэлж байгаа. Хүү буурч байгаа. Эдийн засаг зөв бодлогоор явж, хэлсэн ярьсандаа хатуу байх юм бол эдийн засгийн тогтвортой байдал улам баталгаажна. Ипотекийн зээл хэвийн үргэлжилж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЧОЙЖИЛСҮРЭН:

-2017, 2018 онуудад цалин нэмэхгүй. Харин 2019 оноос цалин нэмнэ гэж ОУВС-тай ярьсан.  Ч.Хүрэлбаатар сайд ташаа мэдээлэл өгөөд байх юм. 2019 онд цалинг нэмэх боломж байгаа шүү.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Сангийн сайд худлаа хариулт өгч байна шүү. 2019 онд цалин, тэтгэвэр нэмнэ гэж  ОУВС-тай  зөвшилцсөн. Хүүгийн дарамтыг ч гэсэн буруу тайлбарлаж байна. Ард түмэн хүүгийн дарамтад байсаар л байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:

-Эдийн засгийг тэлэх бодлогыг 2019 онд эрчимтэй явуулахгүй бол эдийн засаг агших эрсэлд хүрнэ шүү. Олон жил ярьсан төслүүдээ хөдөлгөмөөр байна. Зэсээ монголдоо боловсруулдаг болох зэрэг асуудлаа цэгцэлмээр байна. 2019 оны Үндсэн чиглэлийг харахад тодорхой ажил хэрэг харагдахгүй байна. Оюутолгой болон уул уурхайн томоохон компаниуд Хятадаас цахилгаан худалдаж авдаг. Цахилгаан хангамжийг эрс нэмэгдүүлнэ гэж тусгасан байна. Үүнийгээ яаралтай хэрэгжүүлмээр байна.  450 мянган төгрөгөөр багш, эмч нараа ажиллуулдаг  улс орон манайхаас өөр байхгүй. Тэдний цалинг 2019 онд  нэг дахин нэмэх шаардлагатай гэв.

Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Ш.АДЪЯАМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж