1757 хүүхэд гэмт хэрэгт өртөж, 127 хүүхэд амь насаа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

1757 хүүхэд гэмт хэрэгт өртөж, 127 хүүхэд амь насаа алджээ

1757 хүүхэд гэмт хэрэгт өртөж,  127 хүүхэд амь насаа алджээ

Монгол Улсын нийт хүн амын 36.2 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг. Нийт хүүхдийн хамгийн их хувийг 0-4 насны хүүхэд буюу 3.4 хувь, 10-14 насны хүүхэд нийт хүүхдийн 29.5 эзэлдэг байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2017 оны байдлаар насанд хүрээгүй хүн үйлдсэн нийт 948 гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд өртөн хохирч, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан. Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсон бол үүнээс 12 нь эрэгтэй хүүхэд байжээ. Дээрх  мэдээллийг өнөөдөр /2018.05.16/ болж байгаа Монгол улсад хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах “INSPIRE” стратeгийн хэрэгжилтийн талаарх үндэсний зөвлөгөөний үеэр дурдлаа.

Зөвлөгөөн 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын хурлын танхимд болох бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөллүүд ирсэн байв.  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол улсын төрийн байгууллага болон төрийн бус байгууллагатай хамтран анх удаагаа ийм төрлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа гэдгийг албаны хүмүүс онцолж байлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др Сергей Диордица зөвлөгөөний үеэр “Хүүхдийн хүчирхийлэл дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудал Монгол Улсад тулгамдаад байгаа асуудлуудын нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад арав гаруй байгууллагатай хамтраад “INSPIRE” Хүүхдийн хүчирхийллийг хэрхэн бууруулах  талаар долоон цогц стратегийг багтаасан  баримтыг боловсруулсан. Хоёр өдрийн уулзалтаар энэхүү стратегийн хүрээнд Монгол улс аль түвшинд байгаа талаар цаашдаа хүүхдийн хүчирхийллийг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэнэ.  2019 оноос эхлээд  Монгол Улс дэлхийн хүүхдийн хүчирхийллийн тайланд өөрийн улсын тайлангаа хавсаргадаг болно. Энэ тайланд хэрхэн бэлдэх талаар мөн ярилцана. Ийн зөвлөгөөн уулзалт хийж байгаа нь  зөвхөн эхлэл. “INSPIRE” стратeги Монгол Улсад хүүхдийн хүчирхийллийн асуудлыг цогц байдлаар шийдэхэд  ихээхэн  ач холбогдолтой  гэж үзэж байна” гэв.

“INSPIRE” Хүүхдийн хүчирхийллийг бууруулах  талаар долоон цогц стратеги

  • Хууль эрхзүйг хэрэгжүүлэх, биелүүлэх
  • Үнэ цэнийг эрхэмлэх
  • Хүүхдийн аюулгүй орчин
  • Эцэг эхийн асран хамгаалагчдын дэмжлэг
  • Орлого эдийн засгийн байдал
  • Дэмжлэг үзүүлэх хариу арга хэмжээ
  • Боловсрол амьдралын ур чадвар

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны зүгээс  цаашид хүүхдийн эрх  хөгжил хамгааллын асуудлыг гэр бүлд түшиглэн шийдвэрлэх бодлого баримталж тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Тухайлбал,  гэр бүлийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар хуулийнхаа төслийг боловсруулаад ажиллаж байгаа аж. Хуулийн төсөлд  гэр бүлийн тогтвортой амьдралыг дэмжих  гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлэх , гэр бүлийн  боловсролыг бага наснаас нь олгох, хүүхдийн өмчлөх эрхийн асуудлыг тодорхой байдлаар хуульчилж  өгөх юм байна.

“INSPIRE” Хүүхдийн хүчирхийллийг бууруулах  долоон цогц стратегийн гол зорилго  нь хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоох дахиж гаргахгүй байх. Харин хүүхдийн хүчирхийллийг устгахын тулд  дан ганц Монгол Улс  тэмцэх биш дэлхий нийт хамтраад маш олон шат дараалсан ажлыг хийх хэрэгтэй гэдгийг зөвлөгөөний үеэр илтгэгчид илтгэлдээ ярьж байв.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж