Төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан сурагчдын автобус осолдож найман хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан сурагчдын автобус осолдож найман хүн гэмтжээ

Төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан сурагчдын автобус осолдож найман хүн гэмтжээ

Нийслэлийн цагдаагийн газраас өнөөдөр /2018.05.16/ их, дээд, коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2017-2018 оны төгсөлтийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх “Эрдмийн баяр” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа талаар мэдээллээ. Өнгөрсөн жилүүдэд энэ арга хэмжээ зохион байгуулж байсан бөгөөд төгсөлтийн баяртай холбогдуулан гэмт хэргийн зөрчил илрээгүй байгаа аж. Их, дээд сургууль болон холбогдох байгууллагуудтай урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар арга хэмжээ авч, хариуцлагатай байлгахыг зөвлөж байна. Хэрэв аялал зугаалга зохион байгуулсан болон сурагчдаас мөнгө татсан зэрэг асуудал үүсвэл Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авах юм байна. Зөрчлийн тухай хуулийн 5.9-т зааснаар 100-1000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох арга хэмжээ авах юм байна.


Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 134 төрийн бус өмчийн 107 сургууль сургалт явуулж байгаа бөгөөд 248 мянган хүүхэд сурч байгаа юм. Хичээлийн жил дуусахад сар хүрэхгүй хугацаа өнгөрсөн ийм цаг үед эрдмийн баяр тэмдэглэх, сургуулийн засварт сурагчдаас мөнгө хураах, аялал зохион байгуулах асуудлууд гардаг.  Мөн саяхан Дархан-Уул аймаг төгсөлтийн баяраа тэмдэглэж явсан тавдугаар ангийн сурагчдыг тээвэрлэж явсан автобус осолдож, найман хүн бэртэж гэмтсэн. Түүнээс гадна Хан-Уул дүүрэгт төгсөлтийн баяр тэмдэглэж явсан хүүхдүүдийг тээвэрлэж явсан автобусны жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдлууд тус тус гарсан талаар Нийслэлийн боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох мэдээллэв. 

Тиймээс “Эрдмийн баяр” аяны хүрээнд архи согтууруулах ундаанаас татгалзаж, зөв зохистой баяраа тэмдэглэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд холбогдох байгууллагуудад анхааруулж байгаа юм байна. Төгсөлтийн баяртай холбогдуулан хүүхдүүдээс мөнгө хураах, аялал, зугаал хийх, бэлэг өгөх арга хэмжээг бүрэн хориглосон Хотын дарга болон БСШУС-ын сайдын тушаалууд тус тус гараад байгаа юм байна.

ЗЦГ-ын Б.Лхагважаргал: Эрдмийн баяраа согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна

Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан нийслэлийн хэмжээнд хотоос гарч байгаа хөдөлгөөнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нэмэгдэж байгаа. Хамгийн сүүлийн жишээнээс дурдахад Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг Гэгээ хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан автобус ачааны автомашинтай мөргөлдөж гурван том хүн таван хүүхэд гэмтсэн осол гарсан. Мөн /2018.05.12/-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан автобусны жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил хэргүүд бүртгэгдсэн.

Иймд их дээд, ЕБС-ийн сургуулийн захирал, багш төгсөлтийн баяраа тэмдэглэх гэж буй оюутан, сурагчид эцэг эхчүүд та бүхнийг эрдмийн баяраа архи согтууруулах ундаагүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж