“Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг Засаг дарга тараана

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

“Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг Засаг дарга тараана

Ц.Ням-Осор: “Сум хөгжүүлэх сан”-гийн мөнгийг сумын
Засаг дарга тараана

Засгийн газар жижиг дунд үйлдвэр, ноос ноолуурын салбарыг дэмжих үүднээс  300 тэрбум төгрөгийн бонд гаргаад буй билээ. Засгийн газрын бондоос 26,7 тэрбумын хөрөнгө босгосон бөгөөд “Сум хөгжүүлэх сан” байгуулж, нэг суманд хамгийн бага нь 50 сая төгрөг олгохоор болжээ. Ингэхдээ тухайн сумын хүн амын тооноос хамааран “Сум хөгжүүлэх сан”-д өгөх хөрөнгийн хэмжээг тогтоох юм байна. Орон нутагт ийнхүү хөрөнгө хуваарилснаар сум, орон нутгийн удирдлагууд өөрсдөө иргэддээ зээл олгож, сумаа хөгжүүлэхэд зарцуулах боломж бүрдэх гэнэ. “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан иргэдэд хүрч буй уг зээлийн хүү жилийн гурван хувь байх аж. Энэ талаар Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осороос тодрууллаа.

-“Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан олгох зээлийн хүү гурван хувь гэлээ. Хүмүүс үүнийг бүх жижиг дунд үйлдвэрлэгчид гурван хувийн хүүтэй зээл олгох юм байна гэж ойлгоод байх шиг. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрлэгчид зориулж, 150 тэрбум төгрөгийн бонд гаргаж эхэлсэн. Ер нь энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрлэгчдэд 199 тэрбум төгрөгийн зээл олгох юм. Нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төвд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа хүмүүст наймдугаар сарын 1-нээс долоон хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Харин “Сум хөгжүүлэх сан” байгуулж, сумын төвд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа хүмүүст гурван хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн. Сумын хүн амаасаа шалтгаалаад нэг сумд 54-265 сая төгрөгийг хуваарилах юм.

-Жижиг, дунд үйлдвэрлэгчид зээл авахад нэг бэрхшээл тулгардаг. Тэр нь барьцаа хөрөнгө. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна?

-Нийслэл болон аймгийн жижиг дунд үйлдвэрлэгчдээс барьцаа нэхэж, тавьдаг шаардлага тавина. Яагаад вэ гэвэл энэ нь нэг ёсондоо хөнгөлөлттэй хүүтэй, урт хугацааны арилжааны банкаар дамжуулан олгож байгаа зээл юм. Харин “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан олгож байгаа гурван хувийн хүүтэй зээлд олгохдоо барьцаа хөрөнгө нэхэхгүй. Сумын нэг муу амбаарыг барьцаанд авалтай нь биш.

-“Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан олгож байгаа зээлийг хэн хариуцаж тараах юм.

-Сумын Иргэдийн хурлын дарга, Засаг дарга хоёр л шийднэ.

-Сумын Засаг дарга хамаатан садантайгаа нийлээд энэ мөнгийг идэж уухгүй гэх баталгаа байна уу. Үүнд хэн хяналт тавих юм?

-Хуулийнхан тавих байх. Ард иргэдээс мэдээлэл авна. Хэрвээ сумын Засаг дарга энэ мөнгөнөөс идсэн нь батлагдвал ирэх жил энэ зээлийг тус суманд олгохгүй.

-Жижиг дунд үйлдвэрлэлд зээл олгосноор хичнээн үйлдвэр шинээр байгуулагдсан бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж, төрөөс 85,3 тэрбум төгрөг зарцуулсны үр дүнд 1254 үйлдвэр шинээр байгуулж, 2520 үйлдвэрт өргөтгөл хийгээд байгаа.

Ж.ГЭГЭЭ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж