Дорнод аймаг наян мянга дахь иргэндээ батламж дурсгав

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Дорнод аймаг наян мянга дахь иргэндээ батламж дурсгав

Дорнод аймаг наян мянга дахь иргэндээ батламж дурсгав

Дорнод аймгийн Наян мянга дахь иргэн 2018 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 09.12 цагт мэндэлж, Дорнодчуудад баяр нэмсэн. Сэргэлэн сумын хоёрдугаар багт нутаглах залуу малчин Б.Мягмарынд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сэргэлэн сумаас сонгогдсон төлөөлөгч Л.Түвдэнням, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын хамтаар очиж, бяцхан иргэндээ батламж дурсган, мөнгөн хадгаламж, бэлэг дурсгалын зүйлс гардууллаа.

Наян мянга дахь иргэндээ зориулан бүтээлгэсэн Дорнод нутгийн бахархал мандаж буй наран, голдоо гурван үеийг билэгдсэн дүрслэлтэй, хоёр талаараа өсөж үржихийн билэгдэл тариан түрүү бүхий цор ганц дурсгал, батламжийг залуу гэр бүлд дурсгаж, мөн  хүүгийн ирээдүйд зориулан найман сая төгрөгийн хадгаламж нээлгэн өгчээ.  Залуу гэр бүлийн гурав дахь хүү дээрээ хоёр ахтай бөгөөд Дархан бэр хэмээх алдрыг ээждээ авчирсан. Будаанд шигшсэн нэрээс Дарханбат гэдэг нэр сонгогдсон нь давхар давхрыг билэгдсэн тохиол гэлтэй.

Сэргэлэн сум 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд Наян мянга дахь иргэн тус сумаас төрсөнд сэргэлэнчүүд машид билэгшээж байгааг сумын Засаг дарга Н.Гүррагчаа онцлов. Наян мянга дахь иргэнтэй нэг өдөр мэндэлсэн дөрвөн үе чацуутны нэг нь мөн Сэргэлэн сум, хоёр нь Баяндун сум, нөгөө нь Хэрлэн сумын харьяат бөгөөд үе чацуутнуудад мөн батламж, бэлэг  дурсгал, тус бүр 800 мянган төгрөгийн хадгаламж гардуулах юм байна.  Хэрлэн сумын 10-р баг Б.Цогт-Эрдэнийн гэр бүлд мэндэлсэн үе чацуутанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл хадгаламж, бэлэг дурсгал, батламжийг гардууллаа. Мөн залуу гэр бүлд мэндэлсэн охин хоёр эгчтэй, айлын гурав  дахь охин ажээ.

Сонирхуулахад, Наян мянга дахь иргэн мэндэлсэн өдөр нийт таван хүүхэд төрсөн бөгөөд хоёр нь айлын хоёр дахь, гурав нь айлын гурав дахь хүүхэд  болжээ. Мөн бүгдээрээ залуу гэр бүл, залуу ээжүүд  байсан ба нэг нь Хэрлэн сум, хоёр нь Баяндун сум, хоёр нь Сэргэлэн суманд амьдардаг байна. Харин Наян мянга дахь иргэн тухайн өдрийн 3 дахь төрөлт, 2018 оны 700 дахь хүүхэд, айлын гурав дахь хүү зэрэг олон алдрыг хүртсэн бол сүүлийн үе чацуутан охин, айлын гурав дахь охин болон мэндэлжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж