Дэд ерөнхийлөгчийн 67 жилийн дараах айлчлал

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Дэд ерөнхийлөгчийн 67 жилийн дараах айлчлал

Монгол Улсын Ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден  манай улсад айлчлахаар “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр 12.00 цагт газардлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байденыг угтан авсны дараа хүндэт харуулын дарга илтгэл өгч, хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. Анх 1944 онд АНУ-ын 33 дахь дэд Ерөнхийлөгч манай улсад айлчилж байсан бөгөөд 67 жилийн дараа тус улсын 47 дахь дэд Ерөнхийлөгч ийнхүү айлчилж байгаа аж.. Ийнхүү төрийн дуулал эгшиглэж байх үед зочин ерөнхийлөгчийн явах замыг угтан Улсын төв номын сангийн урд иргэний нийгмийн төлөөлөгчид айлчлалыг эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байлаа. Тэд “АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден айлчлалынхаа хүрээнд цөмийн хаягдлыг булшлах асуудлаар хэлэлцээр явуулах гэж байна” хэмээн ийн цуглажээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден Ерөнхий сайд С.Батболдтой уулзах үедээ цөмийн хаягдлыг булшлах асуудлыг хөндөөгүй бөгөөд ажил хэрэгч, халуун уур амьсгалтай яриаг өрнүүлсэн байна. Ардчилал, зах зээлийн нийгэм рүү тайван замаар шилжиж болдгийг Монгол Улс өөрийн жишгээр дэлхий дахинд харуулж байгаа гэдгийг өндрөөр үнэлэх түүхэн айлчлал болж байна гэдгийг хоёр тал харилцан илэрхийлээд АНУ болон манай хоёр улс нийтлэг үнэт зүйлс, харилцан ашиг сонирхолдоо суурилсан иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх санал солилцсон  байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ил тод байдлын хэлэлцээрийг үргэлжлүүлэх сонирхолтой байгааг дурьдаад, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь бидний туйлын зорилго” гэдгийг онцлов. Тийм болохоор АНУ-ын техникийн туслалцаа нь чухал бөгөөд энэ хэлэлцээрийг   ойрын үед тохиролцохыг санал болголоо.

Энэ уулзалтын үеэр цөмийн асуудалтай холбоотой яриа Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах талаар хоёр тал үргэлжлүүлэн ажиллах, АНУ-д энэ чиглэлээр  боловсон хүчнээ бэлтгэх сонирхолтой байгаа тухай  Монгол улсын Ерөнхий сайдын саналын хүрээнд л өрнөсөн юм.

Олон Улсын асуудлаар хоёр тал нягт хамтран ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд,  удахгүй НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван байнгын гишүүнд Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх  асуудлаар зөвлөлдөж эхлэх гэж байна. Энэ хурлаас нааштай шийдвэр гарна гэдэгт   Монгол Улс нь  итгэж найдаж байна гэдгийг хэлэв.  Мөн Монгол Улс нь  Солонгосын хойгийг  цөмийн зэвсэгээс ангид байх, зургаан талт хэлэлцээг  сэргээх сонирхолтой байгаа  бөгөөд  үүнд дэмжлэг хувь нэмрээ оруулахад  бэлэн байгаагаа  ч уулзалтын үеэр хөндлөө. Түүнчлэн Монгол Улсыг АНУ-ын визнээс чөлөөлөх хөтөлбөрт хамаарагдах улсын жагсаалтад оруулахыг мөн уулзалтын үеэр хүссэн юм.

Мянганы сорилтын сангийн шуга­маар хэрэгжүүлж буй төслүүд нь Монгол Улсын чухал салбаруудыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой байгаа тул Мянганы сорилтын корпорациас үзүүлэх тусламжийн хүрээний хоёр дахь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлсэн байна.  Мөн  АНУ-ын тэтгэлгээр суралцах Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх боломжийг судлахыг хүссэн байна. Энэ уулзалтаар тодорхой шийдэл тохиролцоонд хүрсэн асуудал нь “МИАТ” хувьцаат компани болон АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлагийн хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичиг байгуулсанд байлаа.

Үүний дараагаар дэд Ерөнхийлөгч Жозеф Байден Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Ноён Ж.Байден  ярианыхаа эхэнд Ерөнхийлөгч Б.Обамагийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлаад, саяхан АНУ-д хийсэн  Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар өндөр сэтгэгдэлтэй үлдсэн тухайгаа дурдлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д хийсэн айлчлалаа Арлингтон дахь цэргийн эмнэлгээс эхлүүлсэн нь өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг илэрхийлээд АНУ-д хийсэн айлчлал тань түүхэн айлчлал байсан гэж дүгнэж буйгаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч  ноён Жозеф Байдены айлчлалд амжилт хүсээд “Монголын түүхийг дэлхий даяар сайн мэддэг. Гэхдээ эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг мэддэг. Харин Монголын шинэ цагийн түүх, ардчилсан тогтолцоонд шилжсэн үйл явцын талаар тэр бүр сайн мэддэггүй. Энэ байдлыг өөрчлөх, монголын шинэ түүхийг таниулах  талаар хамтран ажиллая” гэв.

Ж.Байден энэ саналыг талархан хүлээн аваад Америкийн дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэргээр хамтран ажиллаж болохыг ч дуулгав.

Ноён Ж.Байден  уулзалтын төгсгөлд байгаль орчинд халгүй  сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар бидэнд хамтран ажиллах боломж байгааг хэлж, “Монгол бол сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй, харин америк бол өндөр технологитой, сайн туршлагатай. Манай хөрөнгө оруулагчид ч энэ салбарыг сонирхдог” гэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэ чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах  болно гэдгээ илэрхийллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж