Х.Баделханы дааж авсан "баасны үнэр"

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

Х.Баделханы дааж авсан "баасны үнэр"

Х.Баделханы дааж авсан "баасны үнэр"

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарын үнэр нийслэлчүүдийн хамрыг сэтлэх шахав. Хоёр гүүр давсан хосгүй баячуудын хороололд ч өнөөх үмхий үнэр нь үнэртэх болсон. Улаанбаатар дэлхийн хамгийн том ‘жорлон’ болсон,  энэ жорлонг өөрчлөхөд асар их хөрөнгө ч шаардагдаж буй. Засгийн газар болгоны толгойны өвчин болсон ‘баасны үнэр’-ээ арилгах, шинэ цэвэрлэх байгууламж барих ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэсэн Ардын засгийн амлалт бас нэгэн мөрөөдөл болох шинжтэй.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийх айлчлалын үеэр цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх хөрөнгө, мөнгөний асуудлыг тохиролцсон гэх мэдээллийг хэвлэлүүд онцлон бичиж, олон ч хүн итгэж байсан юм. Улсын маань нийслэл өдрөөс өдөрт тэлж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд өдрөөс өдөрт нэмэгдэж, арьс ширний үйлдвэр олноор нээгдэж буй энэ үед тэтгэврийн насандаа хүрсэн, 60 жилийн түүхтэй Төв цэвэрлэх байгууламж элэгдэж хорогдон, ачааллаа дийлэхээ болиод удаж байна.  Агаарын бохирдлоос арай гэж салангуут  үргэлжлээд үмхий үнэр дунд амьдрах аз жаргалтай нийслэлийн аз жаргалгүй иргэдээ гэж.

Жилийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа авсныхаа дараа сүр дуулиантай нэгэн  мэдэгдэл хийсэн нь шинэ Төв цэвэрлэх байгууламжийг нэн яаралтай  барина гэх асуудал. Тэрбээр  нийслэлийг үнэрээс нь салгах үүргийг Барилга хот байгуулалтын сайд  Х.Баделханд өгч, хар толгойтой нь хариуцлага ярихаа ч мэдэгдэж байв. Тиймээс төрийн түшээдийн хэлсэн үг, хийсэн мэдэгдэл нь бодит байдалд хэр ажил хэрэг болж буйг нэхэн сурвалжлахаар Төв цэвэрлэх байгууламжийг зорилоо. Зорьсон газраа ойртох тусам нөгөө танил эхүүн  үнэр хамар цоргино.

Төв цэвэрлэх байгууламжийн лагийн үнэрийг багасгахын тулд салбар яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Ус сувгийн удирдах газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн тодорхой ажлуудыг хийж эхлүүлжээ.

Лагийг үнэргүйжүүлэх зорилгоор нийт 35 картад үнэр арилгагч хүчлийн бэлдмэл бүхий уусмалаар шүрших ажлыг хийж байна. Түүнчлэн агааржуулалтын диффузерийг бүрэн шинэчлэн сольж, аэротехникийн бетон хийцийг хэсэгчлэн буулгаж шинээр бетон цутгаж ус тусгаарлалт хийх засварын ажил хийгдэж байлаа.

Тус бетон хийцэд  1986 оноос хойш өнөө хэр засвар хийгээгүй аж.  Засварын ажил ирэх аравдугаар сард дуусна гэдгийг холбогдох  мэргэжилтэн онцоллоо. Мөн өдөр тутам шинээр гарч буй лагийг халдваргүйжүүлэх зорилгоор Герман  улсын хэт авиан төхөөрөмж суурилуулжээ. Тус төхөөрөмж нь хоногт шинээр 1200-1500 м3 лагийг халдваргүйжүүлж, үнэргүйжүүлэхээс гадна биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч болон үнэр гаргагч микро организмыг халдваргүйжүүлэх үүрэгтэй аж. Энэхүү төхөөрөмжийг  ашигласнаар идэвхтэй лагийн хэмжээ 25 хувь буурч, бактерийг устгах үүрэгтэй гэнэ. Цэвэрлэх байгууламжид  ашигладаг хамгийн сүүлийн үеийн  төхөөрөмж гэдгийг гүйцэтгэгч байгууллага болох “Шимт газар” ХХК-ийн Ерөнхий захирал М.Амартүвшин хэллээ.

Улмаар тавдугаар сарын 22-ноос  Япон улстай гэрээ, хэлэлцээрээ хийж, 60 жил хуримтлагдсан лагийг хар шороо болгох ажил эхлүүлнэ гэдгийг   БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн  онцоллоо.

БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга: О.Лхагвацэдэн

Тэрбээр “Төв цэвэрлэх байгууламжид 60 жил хуримтлагдсан лаг бий. Өдөр бүр 1000 м куб лаг нэмэгдэж байна.

Сайдын тушаалаар нийслэлийн лагийн үнэрийг дарах ажлын хэсэг байгуулагдаж,  өнгөрсөн гурван сарын хугацаанд  гадаад, дотоодын 30 гаруй эрдэмтэн, судлаачийн санал болгосон технологийг судалж туршиж үзлээ. Үүний үр дүнд Япон болон Монголын таван эрдэмтний технологийг шалгаруулаад байна.  Хуримтлагдсан лагийн талбайг тэгшилж, үнэр саармагжуулах бодис цацаж бордоо болгох  шийдэл юм.  Улмаар хоргүйжүүлэн дахин боловсруулах юм. Цаашид лагийг бүрэн боловсруулах Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барина. Нэг жилдээ багтаан хийх боломжтой гэж харж байгаа. Ирэх зургадугаар сар гэхэд хуримтлагдсан лагийг  бордоо болгох ажил эхэлнэ. Лагийн үнэрийг тодорхой хэмжээнд бууруулсан.

Лагийн талбай бүхий картаас гарч буй үнэртэй нойтон лагийг бүрэн үнэргүйжүүлэх ажил хийгдэж байна. 60 гаруй жил хуримтлагдсан лагийн үнэрийг өргөс авах адил нэг өдөр шийдэгдчих асуудал биш. Тодорхой хугацаанд үе шаттайгаар хийгдэх ажил” гэв. Ингээд бид бусад холбогдох албаныхантай уулзаж, Төв цэвэрлэх байгууламжид хийгдэж байгаа ажлын явцын талаар мэдээлэл авлаа.

 

‘Лагийг бүрэн устгахад тоног төхөөрөмжийн хүчин чадлын асуудал яригдана. Лагаас салах тухай ойлголтыг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Лагийг бүрэн устгана гэвэл хамгийн сүүлийн үеийн технологиор шатааж үнс болгохыг хэлж байгаа юм. Тэр хэмжээнд очиход манайд тоног төхөөрөмжийн асуудал яригдана. Богино хугацаанд лагийн үнэрийг саармагжуулж, үнэргүй болгох ажлууд хийгдэж байна ‘ гэж Ус сувгийн удирдах газрын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн хэллээ.

Ус сувгийн удирдах газрын Инженерийн бодлогын хэлтсийн дарга Н.Одхүү:

-Механик цэвэрлэгээний анхдагч дамжлагаас гарсан түүхий лагийг усгүйжүүлэх буюу  лаг, усыг химийн аргаар хурдан хугацаанд салгах төхөөрөмжийг суурилуулаад 20 гаруй хонож байна.  Энэ нь өтгөн, шингэнийг ялгаж лагийг байгалийн аргаар хурдан хугацаанд хатаах тоног төхөөрөмж юм. Хүчин чадлын хувьд өдөр тутам ялгарч буй бохирдлын хэмжээтэй адилхан.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-Цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажиллагаатай тогтмол очиж танилцаж, ажлын хэсгийн мэдээлэл сонсч байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарах ажлыг Засгийн газраас надад даалгасан. Үнэрийн 80 хувь нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр, 20 хувь нь тэр орчим байгаа арьс шир, өлөнгийн үйлдвэрийн үнэр юм.  Засгийн газрын тогтоолоор ирэх оны тавдугаар сарын 10-н хүртэл арьс шир, өлөнгийн үйлдвэрүүдийг бэлтгэлээ хангаж, шаардлага хангасан лагийг Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэх үүрэг өгсөн. Нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангах, тоног төхөөрөмжөө шинэчлэх үүрэг чиглэл өгөөд явж байна. Хэрэв заасан хугацаанд шаардлага хангахгүй бол үйл ажиллагааг нь шууд зогсоох шийдвэртэй байгаа. Төв цэвэрлэх байгууламжийн үнэр арилгах чиглэлээр дөрөвдүгээр сараас  хойш дэс дараатай ажлууд эхлүүлсэн. Энд 50-60 жил хуримтлагдсан лаг буюу ойролцоогоор 900 мянган тонн лагийг арилгахын тулд Япон улсын технологи болох лагийг бактерид идүүлж, бордоо, хар шороо болгох технологийг ашиглахаар болсон. Энэ нь ямар ч  үнэргүй болгодог. Хугацааны хувьд зарим ажлууд ирэх есдүгээр сард дуусна. 60 жил хуримтлагдсан лагийг 2-3 сарын хугацаанд шууд  арилгах  боломжгүй юм. Аажим аажмаар үнэр нь арилна. Өнгөрсөн жилийн өдийд  Ерөнхий сайдыг ирэх үед Төв цэвэрлэх байгууламж маш их үнэртэй байсан. Энэ жилийн хувьд үнэр нь харьцангүй багассан. Ер  сар бүр  зохих хэмжээгээр үнэр нь багасна. Шинээр цэвэрлэх байгууламж барьж ашиглалтад орсны дараа лагийн үнэр бүрэн арилна.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан  орлогч Ж.Батбаясгалан:

Засгийн газрын шийдвэрээр Эмээлт орчимд арьс шир, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийг Улаанбаатар хотоос гаргах төлөвлөгөө батлагдсан. Харамсалтай нь өнгөрөгч жилүүдэд эдийн засгийн хүндрэлээс хамааран дээрх ажил дорвитой хийгдээгүй. Засгийн газар, УИХ-аас хөрөнгийн асуудлыг бүрэн шийдээгүй учраас Үндэсний хөгжлийн газар, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад түшиглэж хийхээр үүрэг өгсөн байгаа. Асуудлыг богино хугацаанд хурдан шийдэхгүй бол шинээр барих Төв цэвэрлэх байгууламжийн технологид шууд нөлөөлнө. 60 жилийн настай Төв цэвэрлэх байгууламжийн өнөөдрийн доройтол ч  бидний мөрдөхгүй байгаа үйл ажиллагаатай холбоотой.

Ямартай ч Төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс салахын тулд холбогдох газрууд шат дараатай ажлууд эхлүүлсэн нь сурвалжлагын явцад харагдлаа. Харин их хотыг эхүүн үнэрээс бүрэн салгах шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт хэзээ эхэлж, ажил хэрэг болох нь одоогоор тодорхой бус байна.

Ш.АДЪЯАМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж