Хоёр Солонгосын ээлжит дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2016.05.16/ товлогдоод байсан. Харамсалтай нь, өнгөрсөн баасан гаригт Өмнөд Солонгос болон АНУ-ын цэргийн сургуулилт эхэлсэнтэй холбоотойгоор Хойд Солонгос дээрх уулзалтаа цуцалж буйгаа мэдэгдэв.
Энэхүү цэргийн сургуулилт нь Хойд Солонгосыг өдөөн хатгаж, заналхийлсэн үйлдэл болохоос гадна хоёр Солонгосын сэргэж буй найрамдалт харилцаанд саад болж байна гэж Хойд Солонгосын зүгээс үзжээ.
Үүнээс гадна, ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапур улсад товлогдсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт ч цуцлагдах магадлалтай гэж Хойд Солонгосын зүгээс заналхийлсэн тухай AFP мэдээлж байна. Энэ мэдэгдэл нь өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон Хоёр Солонгосын түүхэн уулзалт болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн айлчлалын дараах хүнд цохилт болж байна.
Пеньян тавдугаар сарын 23-25-ны хооронд цөмийн туршилтын талбайгаа устгахаар төлөвлөж байсан аж. Хоёр Солонгосын ээлжит дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу тавдугаар сарын 16-нд болохоор тохиролцсоны дараа хэдхэн цагийн дараа ийнхүү Хойд Солонгосын зүгээс уулзалтыг цуцалжээ. Энэхүү уулзалтаар Хоёр Солонгосын албан ёсны төлөөлөгчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай алхмын талаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ажээ.
Өнгөрсөн баасан гаригт эхэлсэн АНУ болон БНСУ-ын хоёр долоо хоногийн хугацаатай цэргийн сургуулилтад 100 гаруй онгоц тэр дундаа F-22 сөнөөгч, B-52 бөмбөгдөгч онгоц оролцож байгаа билээ. Энэхүү сургуулилтыг Хойд солонгосын зүгээс өдөөн хатгалга гэж үзсээр ирсэн юм.
А.АНИР
Эх сурвалж: RT