Монголд ардчиллыг тогтоосон арга зам гайхалтай гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Монголд ардчиллыг тогтоосон арга зам гайхалтай гэв

Манай оронд айлчилж буй АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байден өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа. Ноён Ж.Байден  ярианыхаа эхэнд Ерөнхийлөгч Б.Обамагийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжлаад, саяхан АНУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаар өндөр сэтгэгдэлтэй үлдсэн тухайгаа дурдлаа.

 “Таны АНУ-д хийсэн айлчлал бол түүхэн айлчлал байсан гэж бид дүгнэж байна. Айлчлалын үеэр яригдсан зүйлүүд амжилттай ажил хэрэг болж байгаад би баяртай байна. Ерөнхийлөгч Та айлчлалынхаа үеэр Арлингтон дахь нэр нь үл мэдэгдэх цэргүүдийн бунханд хүндэтгэл үзүүлж, Вольтер Рийдийн цэргийн эмнэлэгт очиж энхийг сахиулах ажиллагаанд оролцсон, шархадсан цэргүүдийг эргэсэн нь сэтгэл их хөдөлгөсөн. Таны энэ сэтгэл  америкийн ард түмэнд үзүүлж байгаа гүн хүндэтгэл юм. Танд талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна” гэв

Тэрээр, Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд зэрэг, тайван замаар шилжсэн тэр шилжилтийг  “гайхалтай” гэж тодотгоод, зөвхөн бүс нутагтаа төдийгүй дэлхий даяар Монгол Улсын ардчилал нь үлгэр жишээ болж байна гэлээ. Мөн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх чиглэлээр зөвхөн улс орондоо төдийгүй олон улсад мэдэгдэхүйц үр дүнтэй,  санал санаачилгатай ажиллаж байгаа хэмээн  сайшаалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын дэд Ерөнхийлөгч ноён Жозеф Байдены айлчлалд амжилт хүсээд, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүндтэй үүргийг нэр төртэй хариуцлагатай хийхийг чармайх болно гэв.  Ерөнхийлөгч  “Сая  БНСУ-ын Ерөнхийлөгч ноён Ли Мен Багтай уулзах үеэрээ “Ардчиллыг бэхжүүлэх Азийн түншлэлийн санаачилга”-ыг санаачилж  байгаагаа мэдэгдэж, энэ хүрээнд хамтран ажиллахаар боллоо. АНУ-ын зүгээс ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр бидний гаргаж байгаа хүчин чармайлтыг ямагт дэмждэгт талархаж байдаг бөгөөд, цаашид ч мөн дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэж  ярив.

Тэрээр “Монголын түүхийг дэлхий даяар сайн мэддэг. Гэхдээ эзэнт гүрэн, Чингис хааны түүхийг мэддэг. Харин монголын шинэ цагийн түүх, ардчилсан тогтолцоонд шилжсэн үйл явцын талаар тэр бүр сайн мэддэггүй. Энэ байдлыг өөрчлөх, монголын шинэ түүхийг таниулах  талаар хамтран ажиллах саналтай байна” гэлээ. Ноён Ж.Байден энэ саналыг талархан хүлээн аваад америкийн дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэргээр хамтран ажиллаж болох тухай хэлэв. Тэрээр  “Монголд ардчиллыг тогтоосон арга зам гайхалтай байсан гэдгийг бүх дэлхий мэдэх ёстой” гэсэн юм.

Дэд Ерөнхийлөгч Ж.Байден мөн авилгын эсрэг тууштай тэмцэж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бодлогыг дэмждэгээ илэрхийлээд, авилгын эсрэг тэмцэх талаар санал бодлоо хэллээ. АНУ нь Ардчиллын цорын ганц дайсан бол авилгыг бууруулахын төлөөх аливаа тэмцлийг  дэмжиж, ил тод нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлж байгаагаа үргэлжлүүлэх болно гэсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, нэрт судлаач Ларри Даймондын нотолсноор ардчиллыг “баллаж” болох  цорын ганц зүйл бол авилгал гээд, шударга ёс тогтоох чиглэлд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанаасаа дурдав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч , дэд Ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны бусад асуудлаар мөн санал солилцсон.

Ноён Ж.Байден “Ардчиллын нэг чухал үзүүлэлт болсон эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад эрчим хүчний хангамж чухал. Ялангуяа байгал орчинд халгүй  сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар бидэнд хамтран ажиллах боломж байна. Монгол бол сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй, харин америк бол өндөр технологитой, сайн туршлагатай. Манай хөрөнгө оруулагчид ч энэ салбарыг сонирхдог” хэмээн ярилаа.

Энэ чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарах  болно гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэв.

Уулзалт нөхөрсөг элэгсэг дотно уур амьсгалд боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж