Дэлхийн эртний хотын нэг Иерусалим нь ислам болон христийн шашны хувьд ариун газарт тооцогдсоор ирсэн шашны өлгий болсон хот. Гэвч тус хотын харьяалал Израиль болон Палестин улсуудын хооронд ширүүхэн маргааны сэдэв болсоор хагас зууныг ардаа үдээд байна. Түүхийг сөхвөл эл асуудлыг 1947 онд Нэгдсэн Үндэсний байгууллага “Олон улсын хот” гэсэн статусаар тогтоож өгснөөс хойш 20 жилийн дараа 1967 онд болсон зургаан өдрийн дайны дараа Иерусалим хотын баруун болон зүүн хэсэгт Израил болон Палестин улс тус бүр хяналтаа тогтоожээ. Улмаар, 1993 онд Израиль болон Палестин улсууд Иерусалим хотын асуудлыг энхийн замаар шийдвэрлэхээр тогтсон байдаг. Тэгвэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын хэдэн арван жилд баримталж ирсэн гадаад бодлогод өөрчлөлт оруулж, Иерусалим хотыг Израиль улсын нийслэл хэмээн хүлээн зөвшөөрснөө зарласан нь ойрх дорнодыг төдийгүй дэлхийг донсолгосон явдал болсон юм.
Газын зурваст юу болж байна вэ?
Д.Трампын энэхүү шийдвэрийн дагуу хэзээнээс нааш Тель-Авивд байрлаж ирсэн АНУ-ын элчин сайдын яамыг Иерусалим хот руу нүүлгэн шилжүүлэх төлөвлөөгөөгөө энэ долоо хоногийн Даваа гарагт /2017.05.14/ албан ёсоор биелүүлэв.
Элчин сайдын яам Иерусалимд нүүн ирж буй явдалтай холбоотойгоор тус хотыг өөрсдийн ирээдүйн нийслэл хотоо хэмээн сүүлийн хагас зууны туршиж итгэн амьдарч ирсэн палестинчууд эсэргүүцэж, зургаан долоо хоногийн өмнөөс тасралтгүй газын зурвас орчимд бослого гаргаж байсан нь даваа гарагт нээгдсэн элчин сайдын яамны нээлттэй давхцан цуст хурцадмал байдалд шилжэхэд хүргэв.
35,000 орчим Палестиний Босогчид Газын зурвасын 12 өөр байршилд дугуй шатаан чулуу шидэж, шатаж буй дарцаг харвах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж буй юм. Израилийн цэрэг хүчний байгууллагууд эхний ээлжинд Палестиний босогчдын эсрэг хоёр улсын хилээс хол байхыг сануулсан ухуулах хуудсыг агаараас цацах, нулимс асгаруулагч хий болон даралттай усаар шүрших зарчмыг баримталж байгаа бөгөөд хилийн зурваст хэт ойртсон хүмүүст эцсийн арга хэмжээ болох шууд гал нээх тактикаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар 58 Палестиний иргэд Израилийн цэргийн армийн нээсэн галд өртөж амиа алдаад байна. Тэдний дунд 16-аас доош насны найман хүүхэд байгаагийн нэг нь 12 настай хүү байжээ.
Харин гэмтэж шархадсан хүний тоо 2400 орчим болж нэмэгдээд байгаагийн дээр Израилийн цэргийн бүрэлдэхүүнээс нэг ч цэргийн амь нас хоргодоогүй байгааг энд дурдах нь зүйтэй.
Иерусалимд юу болж байна вэ?
Элчин сайдын яамны байрыг сэлгэж буйтай холбогдуулж, Иерусалим хотын хэвлэл мэдээллээр ерөнхийлөгч Д.Трампийн АНУ бол та бүхний эрх чөлөө болон энх тайвны хамтрагч гэсэн утга бүхий видео бичлэг цацагдсан байна. Үүнээс гадна эртний хотын хуучин хана туурин дээр Америкийн болон Израилийн төрийн далбааг “Баярлалаа, Ерөнхийлөгч Доналд Трамп” гэсэн үгийн хамтаар нь байрлуулжээ. Иерусалим хот нь Газын зурвасаас ердөө хоёр цагийн газарт буюу 80 орчим километрийн зайтай оршдог юм.
Шинээр үүд хаалгаа нээж буй элчин сайдын яамны нээлтэд Д.Трампийн охин Иванка Трамп нөхрийн хамтаар оролцсон бөгөөд Израиль улсын эрх баригчид энэхүү баярт үйл явдлыг өндөр хэмжээний ёслолын түвшинд тэмдэглэн хүлээн авч байна.
Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаняу энэ үеэр “Энэ гайхалтай өдөр, гайхалтай мөчийг санаж явцгаая. Ерөнхийлөгч Д.Трамп түүхийн шинэ үеийг бичиж байна. Бид бүгдийн сэтгэл зүрхнээсээ гүнээ талархаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Тэрбээр газын зурваст өрнөж буй мөргөлдөөний талаар твиттер хуудсаараа дамжуулан “Гал нээн босогчдын аминд хүрч байгаа явдал нь, хилийн халдашгүй байдлаа хамгаалах зорилгын нэгэн илрэл юм Палестин дахь суннистуудын нэгдэл болох Хамас террорист бүлэглэл Израиль улсыг мөхөөх оролдлогоо ийнхүү ил тодоор илэрхийлж байна. Бид өөрсдийн тусгаар байдлаа хамгаалахын тулд авч буй арга хэмжээгээ цаашид ч хадгалсаар байх болно” хэмээсэн байна.
Хамас бүлэглэлийн хувьд 1990 оноос хойш олон зуун Израильчууд тэдний зохион байгуулсан террорист халдлагын улмаас амиа алдсан түүхтэй юм. Израиль улсын хувьд ойрын өдрүүдэд тэмдэглэх баяр олон байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт өндөрлөсөн Евровишн-2018 олон улсын тэмцээнд Израилийн оролцогч түрүүлснээс гадна Их Британи Умард Ирландын Вант Улсын хунтайж Уиллъям Израиль улсад сүүлийн 70 жилийн турш хийгээгүй өндөр хэмжээний айлчлалаа хийхээр товлосон байгаад Беньямин Нетаняу ихэд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Нэмж хэлэхэд, Америкийн элчин сайдын яам Тель-Авиваас нүүсэнтэй холбогдуулж Гватемалын Бүгд Найрамдах Улс энэ долоо хоногт, Бүгд Найрамдах Парагвай Улс ирэх сард мөн адил элчин сайдын яамаа Иерусалим хот руу албан ёсоор нүүлгэх шийдвэрийг гаргажээ
Г.СҮМБЭЭ
Эх сурвалж: CNN, BBC