"Монголд вакцин туршаагүй"

Хуучирсан мэдээ: 2018.05.16-нд нийтлэгдсэн

"Монголд вакцин туршаагүй"

"Монголд вакцин туршаагүй"

Умайн хүзүүний хорт хавдар үүсгэгч папиллом вирус (HPV) буюу хөхөнцөр вирусийн эсрэг вакцинжуулалтын асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байна.

Учир нь умайн хүзүүний хорт хавдар нь Монголд зонхилон тохиолдох хорт хавдрын эрсдэлээр хоёрт бичигдэж байгаа юм. Тодруулбал, уг хавдраар жилд 400 эмэгтэй оношлогдож, 160 эмэгтэй нас барж байгаа юм. Хөхөнцөр вирус нь бэлгийн замаар дамжих бөгөөд эрэгтэй хүнд өвчлөлгүйгээр, тээгч байдлаар халдварладаг бол эмэгтэй хүн өвчилдөг ажээ.

Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хоёр арга бий. Нэг арга нь бэлгийн замаар дамжих уг өвчний эрсдэлээс өөрийгөө хамгаалж аюулгүй бэлгийн харьцааг сонгох, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах, нөгөө арга нь уг өвчинг үүсгэгч вирусийн эсрэг вакцинд хамрагдах. Тиймээс уг вакцины талаар мэргэжилтнүүдээс тодрууллаа.


Вакциныг 9-11 насныханд хийх нь зохимжтой

Австрали Улсын Кёрбийн институтын Бэлгийн замын эрүүл мэнд судлалын хөтөлбөр хариуцсан захирал В.Донован

Австрали Улсын Кёрбийн институтын Бэлгийн замын эрүүл мэнд судлалын хөтөлбөр хариуцсан захирал В.Донован


-Уг вакциныг Монгол Улсад хийж эхлэхэд иргэний хөдөлгөөний эсэргүүцэлтэй тулгарсан. Тэд үргүйдэлд хүргэдэг гэж үзсэн юм. Үнэхээр үргүйдэлд хүргэх эрсдэлтэй юү?

-Хөхөнцөр вирусын эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг 100 хувь үр дүнтэй гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан. Вакцин Монгол эмэгтэйчүүдэд ч үр дүнгээ өгсөн байдаг. Тухайн үед уг вакциныг хийлгэсэн эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулахад үргүйдэлд хүргэсэн тохиолдол илрээгүй. Харин вакцин хийлгээгүй эмэгтэйчүүдээс хөхөнцөр вирус илэрсэн. 2012 онд Монгол Улсад уг вакциныг хийж эхлэхэд үргүйдэлд хүргэнэ гэж үзсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсныг сонслоо. Энэ нь үндэслэлгүй, худал мэдээлэл байсан.

-Вакциныг эсэргүүцэж байгаа иргэд үргүйдэлд хүргэхээс гадна ядуу орнуудад туршилтаар хийж байгаа гэж үзэж байна. Үүнд та тайлбар өгөхгүй юү?

Энэ вакциныг дэлхийн ихэнх орон олон жилийн турш хэрэглэж байна. Бид вакцины гаж нөлөө, эрсдэлийн судалгааг хийдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ)-аас судалгаа явуулахдаа уг вакциныг хамгийн аюулгүй вакцины тоонд бүртгэсэн. Вакциныг эсэргүүцэх хүн, улс үндэстэн бүрд байдаг.

Тэдний зан үйлийг харахад гэмт хэргийн чанартай, худал ташаа мэдээллийг зохион байгуулалттай тараасан байдаг. Тиймээс Засгийн газрын зүгээс тэднийг албан ёсоор шүүхэд татах, худал мэдээлэл тараасан вэб сайтыг нь хаах зэрэг арга хэмжээ авдаг.   

-Өсвөр насныханд хийж байгаа нь ямар учиртай вэ. Вакциныг нэг удаа хийлгээд л умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой юу?

Вакцин хийлгэвэл зохимжтой нас  9-11 насныхан. Учир нь хөхөнцөр вирусийн халдвар авах эрсдэл бэлгийн амьдрал эхэлснээр үүснэ.  Тиймээс бэлгийн амьдрал эхлэхээс нь өмнө, өсвөр насанд нь хийснээр өвчнөөс урьдчилан сэргийлэлт өндөр байгаа нь бидний судалгаагаар батлагдсан. Вакциныг хийлгэснээр хөхөнцөр вирусээр дамжих умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой.

Вакциныг өсвөр насны охид төдийгүй хөвгүүдэд хийж байгаа

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица


-Умайн хүзүүний хорт хавдар дэлхийн хэмжээнд ямар байна вэ?

-Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхий дахинд тулгамдсан нийгмийн эрүүл мэндийн асуудал болоод байгаа.  Жилд 250 мянган эмэгтэй энэ өвчний улмаас нас барж байна. Тэдний гар бүл болон, нийгэм, эдийн засагт маш их хохирол учруулж байна. Тухайлбал, 2015 онд долоон тэрбум ам.долларыг уг өвчний эмчилгээ, оношилгоонд зарцуулсан байдаг. Тиймээс 2016 оноос НҮБ-ийн гишүүн орнууд хамтран умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамтарсан хөтөлбөр боловсруулсан. Ингээд ДЭМБ-ын зургаан бүсээс нэг улсыг сонгосон. Номхон далайн Баруун эргээс Монгол Улсыг сонгосон. Учир нь, Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын эрсдэл, эндэгдлээрээ Азийн орнуудын дунд хоёрт бичигдэж байна.

-ДЭМБ умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахын тулд хэрхэн ажиллахыг зөвлөж байна вэ?

-Умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах эмчилгээ нь цогц байх хэрэгтэй гэж ДЭМБ-ын зүгээс үздэг. Урьдчилан сэргийлэлт болон эмчилгээг сайн явуулах хэрэгтэй. ДЭМБ-аас гаргасан удирдамжийг өөрийн орны онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газар амжилттай ажиллаж байна. Эрт илрүүлгийн систем бий болсон байна.

-Вакцины одоогоор хэдэн орон ашиглаж байна вэ?

-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь хөхөнцөр вирусийн эсрэг вакцин. Ямар үе шаттайгаар хэрэгжүүлэх нь тухайн улсын Үндэсний дархлаажуулалтын хорооны шийдэх асуудал. Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг 60 гаруй орон ашигладаг. Зарим оронд өсвөр насны охид төдийгүй хөвгүүдэд хэрэглэж байгаа.

Вакциныг бүрэн нэвтрүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай

Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Т.Нарангэрэл

-Вакцин нь ямар нэгэн сөрөг үйлчилгээтэй юү?

-Вакцин нь биологийн урвал тул вакцин хийлгэсний дараа ямар нэгэн шинж тэмдэг илэрч, урвал хүндрэл өгдөг. Тухайлбал, өндөгний харшилтай хүн вакцин хийлгэсэн үед харшил нь хөдөлнө. Хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалаад урвал, хүндрэл нь өөр байдаг.

-Хөхөнцөр вирусийн эсрэг вакциныг хэзээнээс хийж эхлэх вэ?

-Ер нь умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь эмэгтэйчүүдийн дунд тулгамдаад байгаа асуудлын нэг.  Үүнээс урьдчилан хоёр арга бий.

Нэгдүгээрт, эрт илрүүлэгт хамрагдан эмчилгээнд орох. Энэ нь хамгийн өртөг багатай, хямд арга. Хоёрдугаарт, вакцинд хамрагдах. Энэ хоёр аргыг зэрэг ашиглах төлөвлөгөөтэй байгаа.

-Вакциныг хэзээнээс хийж эхлэх вэ?

-Бусад оронд уг вакциныг хэрхэн ашиглаж байгаа туршилгаас суралцаж, вакциныг хэрхэн үе шаттайгаар нэвтрүүлэх талаар эрдэмтэдтэй ярилцаж байна. Түүнээс биш өнөөдөр шууд нэвтрүүлэх гээгүй. Вакциныг хийхэд тодорхой хэмжээний өртөг, мөнгө шаардлагатай.

-Вакциныг нэвтрүүлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ?

 –Вакциныг бүрэн нэвтрүүлэхэд есөн тэрбум төгрөг шаардлагатай. Дархлаажуулалтын хуулийн дагуу ямар ч вакциныг үе шаттайгаар хэрэгжүүлдэг. Үүний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Өмнө нь вакциныг хийж эхлэх үед эсэргүүцэлтэй тулгараад зогсоосон. Энэ түүх давтагдвал яах вэ?

-Ямар ч вакциныг үе шаттайгаар нэвтрүүлдэг. Түүний эхний шатыг Өмнөговь, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянгол дүүрэгт хэрэгжүүлсэн боловч иргэдийн хөдөлгөөн болон иргэд эсэргүүцсэний улмаас зогссон. Хэрхэн нэвтрүүлэх талаар бид ярилцаж, амжилттай хэрэгжүүлсэн орны эрдэмтдийн туршлагаас суралцаж байна.

Р.Ренчиндулам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж