Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж чагнах захиалга өгсөн гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ асуудлаар Ц.Нямдорж сайд Тагнуулын ерөнхий газарт дуудагдаж очсон ч, мэдүүлэг өгөөгүй аж. Учир нь тэрбээр “Надад гэрчлэх асуудал байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудал байхгүй. Намайг тагнуулсан, чагнуулсан гэж байгаа бол баримтаа гаргаж ир” гэж хэлсэн тухайгаа нийтэд мэдээлсэн. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үүний эсрэг байр суурьтай байгаа юм. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын байр суурийг VS буландаа хүргэж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж | Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат | |
Би худлаа зүйлд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй, тэр бичсэн сэтгүүлчээсээ асуу. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй. Би сэтгүүлчидтэй зууралдахгүй ээ, хэзээ ч шүү. Харин ийм бусармаг зүйл хийгээд байгаа цаад эзэдтэй нь хуулийн хүрээнд ярина. Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлыг гаргаж тавьснаас хойш намайг гүтгэх явдал хэрээс хэтэрсэн. Энэ бол зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн ажиллагаа. Намайг “Эрдэнэт”-ийн асуудал ярьж байхад 27 настай жоохон хүүхэд 100 гаруй тэрбум төгрөг хайгаад л байсан. Гэтэл тэр хүүхдийн данс руу гурав хоногийн дараа Монголбанкнаас орсон байна. Энэ бүхэн нь мэдэгдээд ирэхээр эд сандарч байна. | Нарийн асуудлыг прокурор тогтоох байх. Нэг ойлгомжгүй зүйл бий Хууль зүй, дотоод хэргийн сайд нь энэ асуудлыг мэдэхгүй гэж та бүхэнд хэлсэн байна лээ. Хууль хяналтын байгууллага нь мөрдөн, шалгаж байгаагаа мэдэгдсэн. Холбогдох хүмүүсийг яллагдагчаар татсан ч салбарын сайд нь мэдэхгүй гэдэг хариултыг өгч байгаа нь хууль хяналтын байгууллагын үл ойлголцлыг харуулж байна. Ер нь сэтгүүлчдийг тагнасан байдал нотлогдох юм бол Монголд сэтгүүлчдийн эрх чөлөө, үгээ хэлэх эрх чөлөөний асуудал үгүйсгэгдэж байгааг нотолно. |
Бэлтгэсэн Т.НОМИН