“Маш их сэтгэлийн хөөрөлтэй ярьсан Мэдээллийн сайд Муса Ибрагим гал зогсоож хямралаас гарах энхийн зам олох хэлэлцээрт орохыг босогчдод уриалсан байна. Хэрэв босогчид Триполид орж ирвэл тэдний гол зорилго нь өшөө авалт болох учраас НАТО-гийн гар цусанд будагдана” гэж сайд хэлсэн тухай ВВС агентлагийн сурвалжлагч Метью Прайс Триполиос дамжуулжээ.
“Бүхэл өдөржин бөмбөг дэлбэрч, буун дуу гарч байна. Хаанаас буудаж байгааг хэлэхэд бэрхтэй байна” хэмээн тэрээр думжуулсан байна. Al Jazeera мэдээлснээр НАТО босогчдод туслахаар шийдэн Баб эль- Азизия дүүрэг дэх Каддафийн өргөөг бөмбөгджээ. Энэ үеэр Мауммар Каддафи хүнд шархтсан учир түүнийг өргөөнөөс авч явжээ Ливийн лидер ба түүний гэр бүлийнхэн хаа байгаа тухай мэдээлэл алга байна.
Францын телевизийн мэдээгээр босогчид армийн түшиц цэргийн агуулахыг эзлэн зэр зэвсэгтэй болсон байна. Триполийн төлөөх тулалдаанд хоёр талаас нэг өдрийн дотор 376 хүн амь үрэгдэж, нэг мянга гаруй хүн шархаджээ. Босогчид Триполид довтлон шинэ, шинэ нутаг дэвсгэрийг эзэлсээр байна. Тэд НАТО-д хандан Ливийн төлөөх сүүлчийн тулалдаанд оролцохыг уриалан Apache гэх хэдэн нисдэг тэрэг ирүүлэхийг хүсчээ. “Хэдэн цагийн дараа бид Триполид орно. Маргааш өглөө гэхэд бид хотыг эзлэхээр төлөвлөөд байна гэж босогчдын нэг ярьсан байна.
Ливийн телевизийн хөтлөгч эмэгтэй гар буу барин эфирт гарч ирээд “Энэ буугаар би өнөөдөр хэн нэгнийг эсвэл өөрийгөө ална. Та нар Ливийн телевизийг, Жамахирийн телевизийн сувгуудыг, Триполийг ч авахгүй, та нар Ливийг ч авахгүй. Бид үзэл бодлынхоо төлөө зовон тарчлагчид болно” гэж тэрээр хэлэв. Хотын төлөөх тулаанд Каддафийн хүчний байгууллагын 31 ажилтан алагдаж, 42 нь олзлогдсон байна.
Наймдугаар сарын 20-ны орой эхэлсэн босогчдын довтолгоон даваа гариг гэхэд Триполийг бараг тэр чигт нь эзэлсэн байна. Хотыг эзлэх үеэр Кадафийн хөвгүүд Мохаммад ба Сейф аль-Ислам нар баривчлагдан хоригджээ. Одоогоор хурандаагийн талаар мэдээлэл байхгүй байна.
"Ардын эрх" сонин