"Царцаа Намжилын дүр олон зүйлийн эхлэл гэж билэгшээсэн" | News.MN

"Царцаа Намжилын дүр олон зүйлийн эхлэл гэж билэгшээсэн"

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

"Царцаа Намжилын дүр олон зүйлийн эхлэл гэж билэгшээсэн"

"Царцаа Намжилын дүр олон зүйлийн эхлэл гэж билэгшээсэн"

“Гэгээн муза” олон улсын наадмаас хийсэн сурвалжлагаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа хүүхдийн жүжгийн төрөлд “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Золжаргалтай ярилцсанаа хүргэе. Тэрбээр анх удаа “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж, ‘Гэгээн муза’-тай болжээ. 

-Юуны өмнө “Гэгээн муза” шагналын эзэн болсонд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Үнэхээр баяртай байна. Энэ наадамд нэр дэвшиж өрсөлдөхөөс илүүтэй нэр дэвших нь ховор боломжийн нэг байдаг. Сүүлийн жилүүдэд хоёр жилд нэг удаа болж байгаа болохоор уран бүтээлчдийн чанар чансаа, өрсөлдөөн ширүүн болсон. Би оюутан байхдаа энэ наадмыг дөрвөн жил туулайчлан үзэж байлаа. Үнэхээр нэрийг минь зарлах тэр мөчид гайхалтай байлаа гэхээс өөр зүйл олдохгүй байна. Юуны өмнө Бирваагийн Мөнхдорж багшдаа хамгийн түрүүнд баяр хүргэлээ. Мэдээж энэ бол манай театрын хамт олны минь хүч хөдөлмөр байсан. “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн хамт олон болон Б.Хишигзаяа багшдаа баярлалаа.

-Таны хувьд энэ наадамд анх удаа өрсөлдөөд шилдэг шагналыг авлаа. Нэр дэвшигчид хүчтэй байсан шүү дээ?

-Миний хувьд анх удаа “Гэгээн муза” наадамд өрсөлдөхдөө хүүхдийн жүжгийн дүрээр нэр дэвшсэн. Мэдээж энэ том наадамд жүжигчин хүн бүр оролцохыг хүсдэг. Бүр цаашлаад шилдэг нь болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөл бүгдэд бий. Би ч бас тэдний нэг байлаа. Өнөөдөр шагналтан болчихлоо. Намжилын дүрээр болсонд бүр их баяртай байна.

Энэ жилийн “Гэгээн муза” наадамд хүүхдийн жүжгүүд өнгөллөө. Та Намжилын дүрд анх хэзээ тоглох болсон бэ?

-2017 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийн дүр хуваарилалт болж байсан. Энэ үед надад гол дүр оногдсон. Шинэ он гараад ажлын эхний өдөр шинэ жүжгийн гол дүрд ажиллах боломж олдсонд ихээхэн олзуурхаж байлаа. Цааш их том зүйлийн эхлэл гэж харж байсан. Царцаа Намжилын дүр дээр ажиллахад амаргүй байсан. Яаж хүүхэд болох вэ гэдэг бэрхшээл их гарсан. Судалгаа хийх хэрэгтэй болсон. Гандан хийдэд очиж, лам хүүхдүүд хэрхэн номоо унших, тоглох гээд шинээр сурах зүйл их байсан.

-Та тайзан дээр багшдаа хүндэтгэл үзүүллээ. Таны багш энэ үдэш олон шавиараа бахархсан байх?

-2007 онд Соёл урлагийн их сургуулийн оюутан болоход М.Бирваа багш маань ангидаа авч байсан. Энэ хүнийг мэдэхгүй хүн ховор. Багшийнхаа ачийг хариулсан гэж боддог. Багш маань энэ үдэш олон удаа баярласан. Шавь нарынх нь амжилт багшийн минь хүч хөдөлмөртэй салшгүй холбоотой.

-Яагаад урлагийн хүн болов? Өөр салбарт ажиллах сонирхол байв уу?

-Үнэндээ би урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. 2007 онд Техникийн их сургуульд шалгалт өгөөд буцах замдаа Соёл урлагийн их сургуулийн урдуур гарч байсан. Тэгсэн яагаад ч юм надад нэг цаанаасаа гэрэл гэгээтэй санагдсан. Тэр үед ээжид “СУИС-д шалгалт өгөөд үзье” тэгэх үү гэж хэлж билээ. Ээж “миний хүүгийн ирээдүй юм чинь өөрөө л мэд” гэж байсан. Тэгээд л шалгалт өгсөн чинь тэнцээд урлагийн хүн болохоор зориг шулуудсандаа.

-Драмын театрын босгыг хэзээ давсан бэ?

-СУИС-д дөрвөн жил суралцаад багшийнхаа байгуулсан “Гацуурхан” театрт ажилласан. Би энэ театрт хоёр жил ажилласан. Тэгээд Драмын театрт шалгалт өгөөд орж байлаа. 2014 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр гарсан захирлын тушаалаар ажиллах эрхтэй болсондоо.

-Жүжигчин хүний анхны дүр тод үлддэг. Драмын театрт хөл тавьж бүтээсэн анхны дүр ямар дүр байв?

-Би нээрээ алуурчны дүрээр эхэлж байсан юм байна. “Уучлаарай та дугаар андуурч” жүжгийн алчуурчний дүр оногдож байсан. Тэр жилдээ олон дүрд тоглосон. “Ромео Жультта”, “Ану хатан” жүжгийн туслах дүрүүдэд тоглож эхэлсэн.

-Царцаа Намжил дүрээрээ олны танил болсон таны гэр бүлийн хүн мөн алдартай тамирчин шүү дээ? Түүний тухай сонсмоор байна?

-Миний хань хүндийг өргөлтийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер М.Анхцэцэг. Мэдээж түүнийг монголчууд сайн мэднэ. Монголын хүндийн өргөлтийн түүхэнд шинэ амжилтын эзэн болж байсан. Хамгийн сүүлд 2017 онд ДАШТ-ээс түлхэлттэй өргөлтөөр хүрэл медаль хүртэж, бас нэгэн түүх бичээд байгаа. Анхаа маань байнга ард минь түшиг тулгуур болж, үргэлж дэмжиж байдаг.

-Анх танилцаж байсан үеэ дурсахгүй юу?

-Бид 2016 онд анх танилцаж байсан. Тухайн үед манай хүн “Жаргаагүй нар” жүжгийг үзээд надад баяр хүргэж байлаа. Хань маань давхар биетэй болсон. Бид удахгүй шинэ хүнээ хүлээгээд,  бэлдэж байна.

-М.Анхцэцэгийг тэмцээнд орох үед хэрхэн догдолж байсан бэ?

-Би үнэндээ түүнийг тэмцээнд орох үед үзэж чаддаггүй байсан. Сандраад ёстой үзэж чаддаггүй юм.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Театрын уран бүтээлчид энэ сард орон нутагт тоглолттой. Урлагийн бригад говийн аймгуудаар тоглолтоо хийх гэж байна.

 

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-05-15 64.119.22.112

Кккк, олон улсын наадам гэнээ. Даруухан бай лдаа. Ичмээр юм

Avatar

Зочин 2018-05-15 202.21.116.108

Tokyo 2020 yahiin be kkk

Avatar

az 2018-05-15 202.70.36.182

yamar huurhun yum bee, az jaragal husii, hair gereltej medregdej baina

Avatar

Зочин 2018-05-15 202.131.233.251

Баяр хүргэе! Заяаны ханьтай учирсан хүмүүс байна аа. Хоорондоо ямар адилхан юм бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж