Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилохыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилохыг дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилохыг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2018.05.15/-ийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, төслийн талаарх санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Үүний дараа байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мэндсайханы Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Санжаагийн Баярыг эгүүлэн татах асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.

Мөн Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Энхцэцэгийг, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нархүүгийн Тулгыг, Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбадаржаагийн Батжаргал, Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ядмаагийн Ариунболд нарыг тус тус томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хүргүүлсний дагуу байнгын хороо хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу оруулж ирж байгаа юм байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Элчин сайд нарыг сонгохдоо дипломат албанд ажиллаж байсан туршлагатай хүмүүс оруулж ирж байгаад талархаж байна. Цаашид Элчин сайд нарын томилгооны асуудалд нухацтай хандаж, үл ойлголцол гаргамааргүй байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Элчин сайд нарыг дэмжиж байна. Хамгийн гол нь улс төр, бидний дотоодын тогтворгүй байдлаас болж Монгол Улсын гадаад бодлогод үүсээд байсан гацаа арилж байгаа байх гэж найдаж байна. Улсын нэгдсэн гадаад бодлого аль институци нь  аль намын харьяалалд  байгаагаас үл хамааран явж байх ёстой. Тэр утгаараа бүтэн жил орчим хугацаанд Элчин сайдгүй байсан Япон, Канад улсад суух Элчин сайд нар томилогдохоор орж ирж байна. Тиймээс УИХ-ын зүгээс Элчин сайд нарын асуудлыг хэлэлцээд яаралтай томилох нь зүйтэй гэж бодож байна. Гадаад харилцааны яамнаас мэргэжлийн дипломат албанд олон жил ажилласан, туршлагатай хүмүүс оруулж ирсэнд талархаж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Нэр дэвшигч нарыг дэмжиж байна. Ер нь бол Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүс гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхэд онцгой анхаарч байгаарай. Гадаад харилцааг эдийн засгийн утга агуулгаар өргөжүүлэн, хөгжүүлэх чиглэлд онцгойлж анхаараасай. Бид гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалахаас гадна гаднын хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал руугаа ажиллаасай гэсэн санал хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Хилийн чанадад сууж байгаа дипломат албан тушаалтан Монгол Улсын нэр хүндийг олон улсын түвшинд өндөр өргөхөд онцгой анхаарч, Монголын иргэдийн  эрх ашгийг хамгаалж, туслахад онцгой анхаарч ажиллаарай. Эдийн засгийн харилцаа, шинэ техник технологи, соёлын харилцааг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах ёстой шүү. 

Ингээд Хоёр Элчин сайдыг эгүүлэн татах, Элчин сайд нарыг томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учраас УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж