Цагтаа Испаний Барселона клубт хүчин зүтгэж явсан 39 настай шилдэг хамгаалагч Р.Маркес Мексикийн шигшээ багийнхаа Оросыг зорих урьдчилсан бүрэлдэхүүнд дуудагдлаа. Мексикийн Атлас клубт хүчин зүтгэж буй Р.Маркес үндэсний шигшээ багийнхаа төлөө 143 тоглолтонд оролцож байсан бөгөөд хэрвээ Оросыг зорих эцсийн шатны 23 тоглогчид багтаж чадвал М.Маркес 5 дахь дэлхийн аваргадаа оролцох юм.
Францын аварга ПСЖ клуб Испаний мэргэжилтэн У.Эмерийг ажлаас нь чөлөөлж Герман дасгалжуулагч Томас Тучелийг ерөнхий дасгалжуулагчаараа томиллоо. Энэ улирлыг өндөрлүүлээд гэрээ дуусаж багийг орхих нь тодорхой байсан У.Эмериг хэн залгамжлах бол гэсэн хүлээлт байсан. Тэгвэл түүний ажлыг 44 настай Т.Тучел авч байна. Т.Тучелийн хувьд Германы Бундеслигт Майнц болон Боруссиа Дортмунд клубуудыг удирдаж байсан туршлагатай.
Английн Премьер лигийн Манчестер Сити клубын алтан үеийг босголцож өгсөн Итали дасгалжуулагч Роберто Манчини Италийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдлоо. Италийн шигшээ баг Орос-2018 ДАШТ-ний плэй-оффын тоглолтыг Шведтэй хийж хожигдсноор дэлхийн аваргыг зорьж чадахгүй болсон. Иймд дасгалжуулагч Жиан Пьеро Вентураг ажлаас нь чөлөөлөх тухай яригдаж байсан. Тэгвэл Ж.П.Вентураг албан ёсоор ажлаас нь чөлөөлж Р.Манчиниг томиллоо.
Неймар Оросыг зорих 23 тоглогчоор нэрлэгдлээ. Бразилын шигшээ багийн дасгалжуулагч Тите шигшээ багийн 23 тоглогчийг зарласан байна. Эдгээр 23 тоглогчид дунд бэртэлтэй байгаа Неймар багтсан байна. ПСЖ клубын довтлогч Неймар бэртэлтэй байгаа бөгөөд Бразилын шигшээ багийн эмч нарын баг Неймарын бэртэл эдгэрэхэд 3 сар шаардлагатай гэж байсан. Хэдийгээр ДАШТ-ний өмнө бүрэн эдгэрэх эсэх нь тодорхойгүй байсан ч Неймар шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд дуудагдаад байна. Бразилын шигшээ багт Английн Премьер лигээс 6 тоглогч, Испаний лигээс 5 тоглогч, Итали, Франц лиг болон Бразилын дотоодын лигээс тус бүр 3 тоглогч дуудагдсан бол Украйны лигээс 2, Хятадын лигээс 1 тоглогч дуудагджээ. Харин Челси клубын Д.Луис дуудагдаж чадаагүй бол Д.Алвес өвдөгний бэртлийн улмаас гэртээ үлдэж байна.
Б.БЯМБАБАЯР