Хөрөнгө оруулагчид шинэ боломж хайсаар

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид шинэ боломж хайсаар

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу сүүлийн өдөр нь Ази болон Европын хөрөнгийн биржүүдийн хаалтын ханш бүгд уналтын байдалтай гарсан байна. Хэдийгээр тухайн өдрийн эцсээр АНУ-ын худалдааны тогтвортой явц биржүүдийн үзүүлэлтийг нэлээд өсгөсөн ч байдал төдий л сайнгүй байсаар өнгөрсөн долоо хоногийг үдсэн юм.

Тухайлбал, Германы DAX бирж баасан гаригийн арилжааг 3.2 хувийн бууралттайгаар  эхлүүлсэн ч оройдоо нэг хувь болтол буулгаж чадсан бол Францын СаС 3.4 хувийн уналттай эхэлсэн арилжааны ханшаа тал хувиар сайжруулж чадсан байна. Лондоны FTSE 100 бирж цаг хүрэхгүй хугацаанд дөрөв хүртэл хувийн уналтын төвшин үзүүлэн ажиллаж эхэлсэн ч ямар ч байсан нэг хувийн алдагдалтай арилжаагаа дуусгаж чадсан аж. ОХУ-ын биржүүд болох ММВБ, РТС ч мөн адил өнгөрсөн долоо хоногийн хаалтын арилжааны ханш нь хоёр хувиар унасан байжээ. Харин Японы Nikkei хоёр хувиар, Өмнөд Солонгосын бирж Kospi 5.7 хувиар, Австралийн бирж ASX 3.3 хувиар ханш нь унасан байна.

Энэ бүх үзэгдлийг харвал өнгөрсөн долоо хоногт дэлхийн гол биржүүдийн индексүүд бүхэлдээ  аажмаар боловч эргэлтгүйгээр буурсан болох нь харагдаж байгаа ажээ. Харин манай хойд хөрш Орос улс энэ хямралын дунд ноцтой хохирол амсахгүйгээр давж гарч чадна гэж шинжээчид үзсэн байна. Учир нь Орост оруулж байгаа хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой байгаа нь ийм дүгнэлтэд хүргэсэн бололтой. Үүний зэрэгцээ дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэлээд унаж баррель нефтийг 80 ам.доллараар борлуулж байгаа нь одоогоор Орост тийм ч их хохирол авчрахгүй гэж дүгнэжээ.Харин баррель нефть 50 ам.доллараар зарагдаад эхэлбэл жинхэнэ аюул нүүрлэнэ хэмээж байна. Ингэвэл одоо 30 рубль орчим ханштай байгаа нэг ам.долларын ханш 40 рубль болж, инфляци 20 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа аж.

Гэвч бүхэлд нь аваад үзвэл дэлхийн эдийн засаг тэр дундаа АНУ болон Европын орнууд нь эдийн засгийн уналтад түгшүүр зарлахаар ойрхон ирсэн байна гэж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Америкийн санхүүгийн Морган Стэнли компаниас мэдэгджээ. Тэгвэл Германы нэртэй банк болох HSBC-ийн төлөөлөгч хэлэхдээ, “Одоо эдийн засгийн уналтаас зайлсхийхэд туслахуйц арга хэрэгсэл улстөрчдөд үлдсэнгүй гэж хөрөнгө оруулагчид эмээж байна” гэсэн ажээ.

Үнэндээ ч улстөрчдөөс эдийн засгийн зохицуулалтыг залах боломж улам хумигдсаар байгааг харуулах олон үзэгдлүүд өнгөрсөн долоо хоногт бий болсон байна. Жишээ нь АНУ-ын зүүн хойд мужуудын үйлддвэрлэлийн төвшин сүүлийн хоёр жил хагаст гарч байгаагүй хэмжээгээр буурсан нь үүнийг баталж байгаа аж. Хамгийн гол нь энэ үзүүлэлт АНУ-ын үндэсний эдийн засгийн чиг хандлагыг харуулж байдаг гэнэ. Энэ үзэгдэлтэй зэрэгцээд АНУ-д орон сууцны зах зээл огцом унаж, ажилгүйчүүдийн тоо гэнэт өссөн байна. Дээрхи үзэгдлүүд бүхэлдээ хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж улмаар АНУ-ын болон Европын биржүүдийг донсолгож орхижээ.

Эдийн засгийн уналтын эдгээр үзэгдлүүд нөгөө талаар дэлхийн түүхий эд, газрын баялгийн зах зээлд ч нөлөөлж эхэлсэн байна. Нефтийн үнэ өнгөрсөн долоо хоногоос үргэлжлэн унасаар ирсэн бол алтны үнэ шинэ шинэ дээд амжилт тогтоосоор байна. Өнгөрөгч баасан гаригт гэхэд Азийн зах зээл дээр унц алт 1833.81 ам.долларын үнэ хүрсэн нь  бас нэгэн шинэ амжилт болж тогтсон байна. Энэ нь хөрөнгө оруулагчид үнэ цэн нь илүү найдвартай гэгдэх уул уурхайн олборлолт руу түлхүү хөрөнгө оруулж байгаатай холбоотой байж болох аж.

Олон улсын зах зээл дээрхи хөрөнгө оруулагчид өдгөө дэлхийн хэмжээний эдийн засгийн багахан өөрчлөлтийг ч шууд тусгаж авахаар эмзэг болсон бөгөөд энэ долоо хоногт зарлагдахаар хүлээгдэж буй АНУ-ын ДНБ-ний сүүлийн үеийн мэдээлэлд анхаарлаа хандуулж байна. Мөн харьцангуй тогтвортой байсан дэлхийн томоохон валютийн ханшнууд хөдөлж эхэлсэн ажээ. Тухайлбал, швейцарь франкийн евротой харьцах ханш чангарч эхэлсэн бөгөөд хэдийгээр Швейцарийн эрх баригчид хичээл зүтгэл гаргасан ч швейцарь франк улам өндөр ханштай болж улмаар тус улсын экспортод муу нөлөө үзүүлж эхэлжээ.

Зөвхөн улс орнууд төдийгүй олон улсын эдийн засгийн нийгэмлэгүүд ч хямралын сүүдэрт “харлаж” эхэлсэн аж. 2010 оны эхний улирлаас хойш гаргасан дүн мэдээгээр бол БРИК (Бразиль, Орос, Энэтхэг, Хятад гэсэн орнуудын нэрний латин товчлол.ред) -ийн орнуудын бүсэд хамаарах хөрөнгө оруулалтын сангаас гадагшаа “урссан” санхүүжилтийн хэмжээ 9.5 тэрбум.ам.долларын хэмжээтэй болсон бол нийт  активнх нь хэмжээ дөрөвний нэгээр багасч 28 тэрбум ам.доллар болсон аж. Энэ байдлыг ажиглагчид дүгнэхдээ хөрөнгө оруулагчид Ази Номхон далайн бүсээс анхаарлаа холдуулж эхэлсний шинж тэмдэг гэж оношилжээ. Ажиглагчид энэ шинж тэмдэг бол хөрөнгө оруулагчид тус бүс нутгаас  зугтах болсныг харуулж байна гээд БРИК-ийн орнуудад оруулсан хөрөнгө оруулалтаас ашиг бага олох болсон нь гол шалтгаан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Бразиль улс мөнгөний бодлогоо чангатгаж тус улсад байгаа хөрөнгө санхүүг хянаж цагдах нь их болсон зэрэг улстөрийн нөлөөлөл ч бас байгаа аж.

Нэг хэсэг дэлхийн хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхол татсан бүс болж эдийн засгийн өсөлт нь өндөр гарна хэмээн тооцоолж байсан БРИК-ийн орнууд одоо цагт дээрх давуу талуудаа алдаж байгааг ажиглагчид онцлон дурдаж байна. Учир нь БРИК-ийн орнуудын эдийн засаг АНУ болон Европын орнуудын улстөр, эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарч байгаа нь хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байгаа аж. БРИК-ийн гишүүн орнууд тэр дундаа Хятад болон Бразилийн зах зээл ийм хамаарлаас болж хэрэв АНУ, Европын орнуудад эдийн засаг унавал маш эгзэгтэй нөхцөл байдалд тулж болохоор байгаа аж.  

Харин ойрын арван жилд дэлхийн эдийн засгийн хөгжлийн хэмнэлийг илүү тодорхойлох орнууд нь Зүүн Өмнөд Азийн орнууд байх болно гэж шинжээчид ярьж эхэлжээ. Эдгээр улс орнууд уламжилж ирсэн тогтвортой эдийн засгийн бүтцүүдээ 2008 оны үеийн эдийн засгийн хямралаас хойшхи хугацаанд маш хурдан сэргээж чадсаны дээр экспортын олон талт сувгуудыг бий болгож ирсэн байна. Мөн зарим шинжээчдийн хэлснээр бол энэ бүсийн орнууд эрчим хүчний хэрэглээгээ хянаж зохицуулж чаддаг нь давуу тал болж байгаа гэнэ.

Мөн сүүлийн үед Латин Америкийн орнууд эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдэл-интеграци бий болгохоор чармайлт гаргаж байгаа нь дэлхийн хөрөнгө оруулагчдын анхааралд өртөж байна. Латин Америкийн орнууд АНУ-аас бага хамааралтай эдийн засгийн өсөлтийг олж харж байга гэж яриглдах болсон нь ийнхүү анхааралд өртүүлэх нэг шалтгаан болж байгаа аж. Гэвч энэ бүс нутагт улстөрийн тогтвортой байдал, харилцан бие биеэ дэмжсэн эдийн засгийн интеграци дутагдаж байдаг нь одоогоор хөрөнгө оруулагчдын голлох онилгоог өөр дээрээ тусгахад нь саад болж байгаа юм.

М.НАСТ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж