Д.Хаянхярваа: Ажил ярихаар найран дундаа болчих юм

Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: Ажил ярихаар найран дундаа болчих юм

Д.Хаянхярваа: Ажил ярихаар найран дундаа болчих юм

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Тус байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.

Энэ төсөлд татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих гэх мэт олон зорилтыг үндсэн чиглэлд тусгажээ.

Эдийн засгийн бодит өсөлт найман хувь, инфляцийн түвшин найман хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байна гэж төсөөлж байгаа юм.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ирэх онд цалин тэтгэврийг нэмж, зээлийн хүүг бууруулах асуудлыг тусгасан эсэхийг тодруулав. Энэ асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн зөв бодлого явуулснаар зээлийн хүү буурна. Тэр утгаараа банкны зээлийн хүү 0,2 функт, Төв банкны бодлогын хүү 1 функтээр буурсан. Цалин тэтгэврийн инфляцтай уялдуулж нэмнэ” гэв.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

-Цалин нэмэх асуудлаар Ч.Хүрэлбаатар сайд тайлбар өгсөн. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Тиймээс төсөв хэлэлцэх үеэр энэ асуудлыг ярих нь зүйтэй.  Эдийн засаг өссөн ч төсвийн алдагдал 2 их наяд төгрөг хэвээр байгаа. Өртэй айл орлогоо нэмэгдүүлэхийн тулд өрөө төлөөд, дутуугаа гүйцээж явдаг. Үүнтэй ижил процессоор өрөө олсон орлогоороо өрөө дараад л явж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Сүүлийн хоёр жил төрийн албан хаагчид тэр дундаа үйлчилгээний ажилтан болох багш, эмч нарын цалин хөлсийг дорвитой нэмээгүй. Сангийн сайд, Ерөнхий сайдууд эдийн засгийн боломжтой болохоор багш, эмч нарын цалинг нэмнэ гэсэн. Хамгийн багадаа 30-50 хувиар нэмэгдүүлнэ гэдэг амлалтыг өгч байсан. Тэгвэл одоо уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Тиймээс ч Монгол Улсын эдийн засаг харьцангуй сайжирсан. Тиймээс 2019 онд багш, эмч нарын цалинг 50 хувиар нэмэх нь зүйтэй.

Үүний дараа тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн  хэрэгжилтийг шалгаж, тайлангаа тавив. МАН-ынхан өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газар байгуулсан. Ингээд 2017 оны огцорсон, томилогдсон Засгийн газрын үйл ажиллагааг хангалтгүй гэж дүгнэж байгаагаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

Тэрбээр “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 382 зорилт туссан. Үүнээс 2017 оны байдлаар 14 зорилт нь 100 хувийн хэрэгжилттэй байна. Гэвч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 1,5 жил өнгөрч байхад хөтөлбөрт тусгасан зорилт арга хэмжээний 44,3 хувийн биелэлттэй явж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Ажлын хэсгийн гишүүд илүү дутуу зорилгоор ажиллаагүй шүү. Г.Занданшатар сайд аа Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр ач холбогдол өгөөч. Яг ажил ярихаар найран дундаа болчих юм. Бид ийм байдлаар асуудалд хандах юм бол цаашид мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг бүлэг дээр ч ярих шаардлагагүй. Яагаад гэвэл ярих ёстой юм аа ярьж чадахгүй байж дэмий улстөржилт садаа болж байна. Ер нь та нар ажлын хэсгийн дүгнэлтийг судлаад үзээрэй. Энэ бол сайн дүгнэлт болсон шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг бүлгийн хурал дээр ярьсан. Монголын төрд их сонин дэглэм тогтсон. Ерөөсөө сонгууль өнгөрөөд хоёрхон жил ажил хийдэг. 2019 оноос сонгуулийн цикл явдаг. Энэ жишээгээр л явах гээд байх шиг байна. Тэгэхээр одоо жил гаруй хугацаанд эрчимтэй ажиллах шаардлага байна. Энэ дүгнэлт бол өмнөх Засгийн газрын хийсэн ажлыг дүгнэсэн шүү.  Цаашид салбарын сайд бүхэн идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа, зээлийн хүү, цалин тэтгэвэр, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байна. ЗГХЭГ-ын дарга та бол сайд нарын ангийн дарга. Тэгэхээр Сангийн сайдаа шахаж ажиллаарай.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж