Хуучирсан мэдээ: 2018.05.15-нд нийтлэгдсэн

Англи-1966

Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Англичууд нутагтаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авлаа. Энэ бол зүй ёсны хэрэг үйл явдал юм. Учир нь Англичууд өөрсдийгөө хөлбөмбөгийг зохиосон гэдэг. Ийм тэд эхний 3 дэлхийн аваргад оролцоогүй бөгөөд мэргэжлийн бус тамирчидтай өрсөлдөх шаардлагагүй хэмээн үзэж байсантай холбоотой. Гэвч хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн жил ирэх бүр зохион байгуулалт, цар хүрээгээ тэлж байсан учраас Англичууд 1950 оны дэлхийн аваргаас оролцож эхэлсэн.

Ихэмсэг бардам Англичууд 1966 оны ДАШТ-ийг зохион байгуулахын тулд Баруун Герман болон Испани улсуудтай өрсөлдсөж авсан. Англичууд 1966 оны 7 сарын 11-30-ны өдрүүдэд 7 хотын 8 цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргыг зохион байгуулсан. Тэмцээнд Европ тивээс 10 баг, Өмнөд Америкийн бүсээс 4, Хойд Америкаас Мексик улсууд оролцсон бол Ази тивээс Ким Ир Сений БНАСАУ анх удаагаа оролцов. Коммунист удирдагч Ким Ир Сений шигшээ баг зүгээр ч нэг тоосоо өргөөгүй. Тэд өмнө нь ДАШТ-нд оролцож байсан Индонез болон Өмнөд Солонгосчуудаас хавигүй өндөр амжилт үзүүлж 4-р хэсгээс Чилитэй тэнцэж, Италийг хожиж хэсгээс 2-р шалгарсан. Энэ бол Ази тивээс тухайн үедээ үзүүлсэн хамгийн өндөр амжилт байсан юм. Умардууд хасагдах шатанд Эйсебиогийн Португал улсын шигшээ багтай гайхалтай тоглож 1-р үе өндөрлөхөд 3-2 харьцаатай хожиж байсан. Гэвч “хар ирвэс” Эйсебио шигшээ багаа гайхалтай удирдан нэмж 3 гоол оруулснаар Умардуудыг 5-3 харьцаатай буулган авч байсан. Португал довтлогч Эйсебио 1966 оны дэлхийн аваргад үнэхээр ганган байж тэмцээний мэргэн буучаар шалгарсан байдаг.

Мөн Англи-1966 дэлхийн аваргад Пеле тэргүүтэй Бразилчууд хэсгээс шалгарч чадаагүй нь бас нэгэн сенсаци болж байсан юм. Хэсгийн эхний тоглолтондоо Пеле, Гарринчи нарын гоолоор Болгарын шигшээг буулган авч тун боломжийн эхлүүлсэн ч Унгар болон Португалын шигшээд дарааллан хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Сүүлийн 2 дэлхийн аваргын цомыг өргөөд байсан Бразилчуудын хувьд энэ нь том ялагдал байсан юм. Бразилын шигшээ багаас гадна Италичуудын уналтын үе үргэлжилж бас л хэсгээс гарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байсан.

Англи-1966 дэлхийн аваргад зохион байгуулагч Английн шигшээ баг одоогийн байдлаар түүхэндээ анхны буюу сүүлчийн удаа шигшээд шалгарч аваргын алтан медалийг хүртсэн байдаг. Б.Мур, Б.Чарльтон, Г.Херст нарын шилдэг тоглогчдоос бүрдсэн Английн шигшээ баг хэсэгтээ Уругвайн шигшээтэй тэнцэж, Франц болон Мексикийн шигшээг хожиж хасагдах шатанд шалгарсан. Хасагдах шатны дунд шөвөгт Аргентин улсын шигшээ багийг Г.Херстийн гоолоор хожоод хагас шигшээд Б.Чарльтоны 2 гоолоор хүчирхэг Португалыг буулган аваад финалд шалгарсан. Шигшээ тоглолтонд Баруун Германы багтай тоглож 4-2 харьцаатай хожиж анхныхаа дэлхийн аваргын цомыг хүртсэн. Шигшээ тоглолт алдарт Уэмбли цэнгэлдэхэд болж тухайн үедээ 100000 орчим хүн үзэж байсан нь рекорд амжилт болж 1994 оны финалын тоглолт хүртэл эвдэгдээгүй юм. Финалын тоглолт үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцсэн бол нэмэлт цагт өнөөх л Ж.Херёт 2 гоол оруулснаар шигшээ багтаа цомыг авчирч байжээ.

1966-англи сонирхолтой баримтууд:

  • Англичууд анх удаагаа аваргын цомыг хүртсэн бол мөнгөн медалийг Герман, хүрэл медалийг Зөвлөлтийн шигшээ багийг хожсон Португалын шигшээ хүртсэн
  • Португалын шигшээ багийн домогт довтлогч “хар ирвэс” хочит Эйсебио 9 гоол оруулснаар тухайн ДАШТ-ний мэргэн бууч болж байжээ.
  • Анх удаагаа бэлэгдлийн шигшээ багийг нэрлэсэн бөгөөд хаалгачаар Английн Г.Бэнкс, хамгаалагчаар Английн Ж.Кохен, Б.Мур, Португалын Висенте, Аргентины С.Марзолини, хагас хамгаалалтанд Германы Ф.Беккенбауэр, М.Колуна, Б.Чарльтон нар нэрлэгдсэн бол довтолгоонд Португалын Эйсебио, Унгарын Ф.Альберт, Германы У.Зееле нар нэрлэгдсэн.
  • Германы домогт хөлбөмбөгчин Ф.Беккенбауэр тэмцээний шилдэг залуу тоглогчоор шалгарсан бөгөөд анх удаагаа шигшээ багтаа дуудагдан 20 настайдаа анхныхаа ДАШТ-нд оролцож байв.
  • Шигшээ тоглолт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд болж 96.924 хүн үзсэн нь тухайн үедээ рекорд амжилт болж 1994 оны ДАШТ-ний финалын тоглолт хүртэл энэхүү амжилт нь эвдэгдээгүй юм.
  • Дэлхийн II дайны үед цэрэг явсан А.Рамсей хэмээх эрхэм Английн “алтан үеийн” шигшээ багийг бүрдүүлэн удирдаж байсан бөгөөд 1966 оны дэлхийн аваргад түрүүлгэж, 1968 оны Европын аваргад 3-р байранд оруулсан нь одоогийн байдлаар Английн шигшээгийн үзүүлээд байгаа хамгийн өндөр амжилт юм.
  • Харин мөнгөн медаль хүртсэн Германы шигшээгийн ахлах дасгалжуулагч Х.Шён анхныхаа дэлхийн аваргад шигшээ багаа удирдан оролцож мөнгөн медаль хүртсэн бол түүнээс хойш 1970 онд хүрэл, 1974 онд шигшээ багаа удирдан алтан медаль хүртэж байсан. Тэрээр 14 жил шигшээ багаа удирдахдаа Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж, мөн Европын АШТ-нээс алт, мөнгөн медаль хүртсэн.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж