Хөгжлийн банк “амьд” уу?

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк “амьд” уу?

Монгол Улсыг хөгжилд хөтлөх Хөгжлийн банк өнгөрсөн тавдугаар сарын 12-нд үүдээ нээснээс хойш гурван сар гаруйн нүүрийг үзжээ. Хөгжлийн банкны нээлтийн үеэр Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Манай орны дөрвөн зүг, найман зовхист бүтээн байгуулалтыг өрнүүлж, хөгжилд түүчээлэх Хөгжлийн банкны хөрөнгө сан арвин байж, ард олны итгэлийг дааж, Монгол Улсын үсрэнгүй хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах болтугай” хэмээн ерөөж байсныг олон хүний олон чих сонссон.  Өргөө цагаан гэрийн өрхнийх нь оосрыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо татсанаас хойш өдөр хоногууд харавсан сум шиг өнгөрч, хавар зуны улирал өнгөрсөн байнам.  Хөгжлийн  төлөө хөрөнгөө бэлтгээд, хөрөө сүхээ хурцалж, ирлээд суучихсан уу гэтэл үгүй аж.  Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын хэлсэн ерөөл үнэндээ даапаалсан ч юм шиг, өнөөдрийнх нь үйл ажиллагаанаас үнэлэлт дүгнэлт иймэрхүү л бодол төрж байна.

Анхнаасаа олон нийтийн  шүүмжлэл, хардлага, сэрдлэгийн бай болж байж байгуулдагдсандаа ч тэр үү Хөгжлийн банкны үйл ажиллагаа урагш муутай, хөрөнгө мөнгөөр хангах Засгийн газрынх нь төлөвлөгөө удаашралтай байх. 

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкны байгууллагаас хоёр төрөөр овоглодог. Нэг нь Хөгжлийн банк, нөгөө нь Төрийн банк. Зоос банкны сайн актив дээр “хундаамаа цутгасан” Төрийн банк нь бусад арилжааны банкуудын адил үйлчилгээтэй. Тэгвэл Монгол орныг хөгжилд хүргэх гүүр болохоо амалсан Хөгжлийн банк нь улсын болоод хувийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй.  Манай Засгийн газрын Хөгжлийн банкгүйгээр хөлжсөн улс байхгүй гэж сурталчилж, рекламдан байж байгуулсан тус банк өдгөө “чаа гэх ямаагүй, туу гэх нохойгүй” гэгч л болчихоод байгаа гэнэ. Уг нь Засгийн газраас тус банкны дүрмийн санг 16,7 тэрбумаар тогтоосон. Энэ бол манай томоохон компаниудын халаасанд байдаг л мөнгө. Гэсэн хэдий ч дээрх мөнгийг Монгол Улсын Засгийн газар хаанаас олохоо мэдэхгүй, эрхбаригчдын шүдний өвчин нэгээр нэмэгдсэн дэг.  Үндэсний  хөгжил, шинэтгэл хорооны дарга Ч.Хашчулуун өнгөрсөн хавар Хөгжлийн банкны дүрмийн санг жил бүр өсөн нэмэгдүүлж 100 тэрбумд хүргэх төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаж байсан. Гэтэл нөгөө их санасан газар есөн шөнө хоосон хононо гэгч л болчихоод байгаа аж. Хөгжлийн банк байгуулагдаад эхлэнгүүт хөгжилд хөг нэмэх 26 томоохон төсөлд хөрөнгө оруулна гэсэн Засгийн газар бас хоосон хоноход хүрч байна.  Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулах дээрх төслийн дийлэнх нь уул уурхай болон дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд  чиглэгдэж байгаа гэх. Гэхдээ эдгээр төслүүд энэ жилдээ л лав хэрэгжихгүй болов уу. Учир нь Хөгжлийн банк хөрөнгө мөнгөний гачаалтай байгаа юм.  Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ өнгөрсөн  хавраас том дуугаар, чанга гэгч нь зарласан. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргах ёстой байсан ч хөрөнгө мөнгөгүйгээс болоод хөтөлбөр гацахад хүрсэн гэх.  Уг нь  Засгийн газраас гаргаж  буй 800 тэрбум төгрөгийн бондыг Хөгжлийн банкаар хариуцах учиртай. Энэ нь таван жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 10 жилийн хугацаатай 250 тэрбум төгрөгийн, 15 жилийн хугацаатай 300 тэрбум төгрөгийн бонд байх юм гэдгийг ч Засгийн газрын  хурлаас шийдвэрлэсэн. 

Өнөөдрийн байдлаар Монголын хөрөнгийн биржээр дамжуулан Засгийн газрын гэх тодотголтой 267 мянган ширхэг Засгийн газрын бондыг арилжиж 26.7 тэрбум төгрөг олоод байгаа аж. Арилжааны банкуудын хоолыг булааж, хор найруулахгүй, хадгаламж татаж, хар халзандаа халдахгүй гэдгээ нэгэнтээ илэрхийлсэн Хөгжлийн банкийг хөлөө олоход нь   Өмнөд Солонгосын шилдэг баг өндөр үнээр тусалж буй юм. Үнэнийг хэлэхэд өндөр хөлсөөр ажиллуулж байгаа Өмнөд Солонгосын баг нь бас л юу хийж, ямар ажлыг  амжуулж байгаа нь тодорхойгүй л байна.

Төлөвлөснөөр бол Хөгжлийн банк тэргүүн ээлжинд “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” зэрэг томоохон бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хувийг санхүүжүүлэх ёстой. Даанч мөнгөгүй.  Нэг онигоо байдаг даа. Давстай бол айлаас мах гуйгаад нэг сайхан бууз хийх юмсан. Даанч гурил байхгүй гэгч л Хөгжлийн банкинд нүүрлээд байх шиг. Тэгэхээр  хөгжилд хүргэх гоё уриатай Хөгжлийн банк амьд уу, аль эсвэл…. Арай муу ёрлосон хэрэг болчихгүй байгаа даа.

Ж.ЭРХЭС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж