Хойд Америкийн Үндэсний Хоккейн Лиг (NHL)-н плэй-оффын хагас шигшээ тоглолт үргэлжилж байна. Өрнөд бүсийн аваргын төлөөх өрсөлдөөнд Вегас Голден Найтс баг цувралын 2 дахь тоглолтонд ялалт байгуулснаар цувралын харьцааг тэнцүүлжээ. Виннипег Жетс багийн талбайд болсон цувралын хоёр дахь тоглолтонд зочин баг Вегас Голден Найтс баг эрч хүчтэй эхлүүлж 1-р үе өндөрлөхөд Т.Татар болон Й.Маршессо нар гоол оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Зочдын давамгайлал тоглолтын турш үргэлжилж шийдвэрлэх 3-р үед Й.Маршессо дахин нэг гоол оруулснаар 3-1 харьцаатай Вегас Голден Найтс баг ялалт байгуулж цувралын харьцааг 1-1 болгон тэнцүүллээ. Энэ өдөр талбайн эзэн Виннипег Жетс баг 31 цохилт гүйцэтгэсэн бөгөөд К.Коннор тоглолтын 3-р үед багийнхаа нэг гоолыг М.Флёригийн хаалганд оруулсан.
Шинэ мянганд NHL-н түүхэнд нээлт болоод буй лигийн шинэ цэрэг Вегас Голден Найтс баг маш сайн тоглолт үзүүлж байна. Тэднийг улирал эхлэхэд энэ хэмжээнд тоглоно гэж таамаглахад бэрх байсан. Гэвч Невада мужийн казиногийн хот Лас-Вегас хотын баг улирлыг тун амжилттай, сюрприз дүүрэн үргэлжлүүлж байна. Одоо Вегас Голден Найтс баг цувралын 3 болон 4 дэх тоглолтыг өөрсдийн талбайдаа хийнэ. Ямартаа ч Өрнөд бүсийн аваргын төлөөх цуврал тун сонирхолтой, өрсөлдөөнтэй үргэлжилж байна.
Б.БЯМБАБАЯР