Богд хааны ордон музейн баруун хойд талын хамгаалалтын бүсэд хөлбөмбөгийн задгай асар барихаар бэлтгэж байсан газарт очвол чингэлэг буулгаснаа буцаагаад ачаад явжээ. Гэхдээ ажил эхэлж байсныг гэрчлэх зассан талбай, цементээр цутгасан шонгийн суурь, зарим газрын хөрсийг нь хуулж, хайрга чулуу асгасан байлаа. Олон нийтийн шахалт, шаардлагаар хийж байсан ажлаа зогсоосон нь энэ аж.
Уг нь 2001 онд Засгийн газрын тогтоолоор Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсийг 5,7 га байхаар тогтоож өгчээ. Хамгаалалтын бүс гэдэг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн наймдугаар бүлгийн 45-р зүйлд зааснаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
- 45.3.1.газар, түүний хэвлийг хөндөх;
- 45.3.2.мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй мод бут, төрөл бүрийн ургамал тарих;
- 45.3.3.гэр, сууц, барилга, байгууламж барих;
- 45.3.4.мал бэлчээх;
- 45.3.5.онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд өөрөө явагч хэрэгсэл нэвтрүүлэх, нисэх онгоц буулгах;
- 45.3.6.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах;
- 45.3.7.мод, элс, хайрга, чулуу авах гэж заажээ.
Гэтэл 2008-2012 онуудад нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргын захирамжаар хамгаалалтын бүсээс хэсэгчлэн газар олголт хийгдсэн байна. Энэ нь Засгийн газрын 2001 оны тогтоолыг зөрчөөд зогсохгүй, газар эзэмшсэн байгууллагууд тухайн газар дээрээ барилгын ажил гүйцэтгүүлжээ.
Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд газар авсан компаниудыг судалж үзэхэд Вантрейд ХХК-д нийслэлийн засаг даргын 2012 оны А/492 дугаар захирамжаар 15993 м2, Номун гэрэл төвд 2010 оны 415 дугаар захирамжаар 5512 м2, Интернэйшнл медикал центр ХХК-д 2011 оны 539 дүгээр захирамжаар 1319 м2, 2010 оны 415 дугаар захирамжаар 1365 м2 газрыг тус, тус эзэмшлээр олгосон байна.
Өнгөрсөн хугацаанд Вантрейд ХХК нь дээрх хамгаалалтын бүс дотор буюу Богд хааны ордон музейн чанх ард талд нь хоёр барилга барьсан аж. Нэг давхар, гаднаа автомашины зогсоолтой ижил загварын хоёр барилгын нэгэнд нь фитнесс ажилладаг бол нөгөөд нь АПУ ХХК-ийн нэрийн барааны дэлгүүр ажиллаж байжээ. Одоо харин ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй гэдгийг Богд хааны ордон музейн холбогдох албаны хүн хэллээ.
Мөн тэрбээр тус компанийн газар эзэмших эрх 2012 онд дуусгавар болоход нийслэлийн Засаг даргын захирамжаар 17 жилээр дахин сунгуулсан байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас Богд хааны ордон музейн хамгаалалтын талбайг 5,7 га байхаар тогтоосон ч өнөөдрийн байдлаар 3,4 га газар болж, хэмжээ нь багасчээ.
Бид Богд хааны ордон музейн бүртгэл мэдээллийн санч Ц. Гүнчин-Ишээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямар байна?
-Хөлбөмбөгийн асар барих гэж байсан хүмүүс үйл ажиллагаагаа зогсоосон байдалтай байна. Гэхдээ газрын хөрсийг эвдсэн.
-Цаашдаа танай байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Засгийн газрын тогтоолоор хамгаалалтын бүсийг тодорхой заасан байхад яагаад танай байгууллага тогтоол хэрэгжихгүй байгааг холбогдох байгууллагуудад хандаагүй юм бэ?
-Манай музейн хамт олон 2001 оны Засгийн газрын тогтоолыг зөрчиж нийслэлийн удирдлагууд газар олгож эхлэх үеэс л шат шатны байгууллагад шаардлага хүргүүлж, ажлыг нь зогсоохыг шаардаж байсан. Өнөөдөр ч гэсэн тэр шаардлага минь хэвээрээ бид бүхэн 5,7 га газраа бүрэн авч хамгаалалтын бүсээ хэвээр нь хадгалахыг хүсч байгаа. Энэ засч янзалсан газраа эргүүлээд хэвэнд нь оруулна гэж найдаж байна.
Мөн сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр манай газрын асуудлаар нэлээн бичлээ, ярилаа. Энэ нь бидэнд эргээд эерэг дүн авчирч байгаад баяртай байна. Ерөнхийлөгч ч анхааралдаа авсан.
Биднийг сурвалжлага хийж явахад өчигдөр /2018.05.14/ хотын дарга С.Батболд “Ван трейд” ХХК-д олгосон газар эзэмшлийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.
Н.Ганбат