Лаборатори бүс нутгийн хэмжээнд ажиллах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.23-нд нийтлэгдсэн

Лаборатори бүс нутгийн хэмжээнд ажиллах боломжтой гэв

Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д Японы Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Микобактери судлалын лабораторийн  эрхлэгч, бүсийн лабораторийн зөвлөх ерөнхий захирал Сатоши Митарай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лабораторид  үнэлгээ өгөхөөр ирж ажиллаж байна. Ингээд түүнтэй ярилцлаа. ДашрамдХӨСҮТ- ийн захирал Д.Нямхүү дэлхийн хэмжээний томоохон мэргэжилтэн, манай лабораторийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, шинээр нэвтрүүлж буй шинжилгээний аргуудад  дунд шатны хяналт хийхээр ирснийг онцлоод “Өмнөх болон энэ удаагийн үнэлгээгээр манай лаборатори өндөр үнэлгээ авч байгаа нь ЭМЯ болон Глобаль сангийн дэмжлэг, манай төвийн эмч ажилчдын хөдөлмөрийн үр дүн бөгөөд, бид маш их баяртай байна” гэлээ. Ингээд Сатоши Митарайгийн яриаг хүргэж байна.

-Таны ажилладаг лаборатори Supranational гэсэн статустай байх юм, энэ ямар учиртай бэ?

-Манай лаборатори бүс нутгийн хэмжээний түүн дотроо Номхон далайн баруун бүсийн орнуудын сүрьеэгийн лабораториудад гадаад чанарын хяналт хийх, үнэлгээ өгөх, сургалт зохион байгуулах, техникийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа давхар эрхэлдэг юм. Өөрөөр хэлбэл, нэг орны хэмжээнд биш олон улсын хэмжээнд ажилладаг.

-Та манай ХӨСҮТ ийн харьяа Сүрьеэгийн лавлах лабораторийн үйл ажиллагаанд ямар үнэлгээ өгч байна?

-Би танай лабораторитой олон жил хамтран ажиллаж байгаа. Тус лабораторийн эрхлэгч Б.Буянхишиг, эмч  Ц.Цэрэлмаа, Т.Оюунтуяа болон лаборантуудын ур чадвар техник дэлхийн хэмжээнд хүрсэн.  Лабораторийн гол үзүүлэлтүүдийг бид гадаад чанарын хяналт буюу Японы лабораторид тогтмол шалгадаг, энэ үзүүлэлтээрээ танай лаборатори бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх төвшинд хүрчээ. Бид танай лабораторийг улам өргөжүүлж бүс нутгийн орнуудад хяналт, сургалт явуулж, манай лабораторийн ачааллаас хөнгөлөх хүсэлт тавьж байгаа юм. Учир нь манай бүс нутагт хамгийн шилдэг нь танай лаборатори юм. Үүний тулд танай лаборатори хүчин чадлаа нэмэгдүүлж, орчин үеийн оношлогооны шинэ аргуудыг  олноор нэвтрүүлэх шаардлагатай.

-Та сүрьеэг оношлох лаборато­рийн шинжилгээний шинэ аргуудын талаар ярихгүй юу?

-Сүрьеэгийн микобактерийг илрүүлэх уламжлалт аргуудаас гадна шингэн тэжээлт орчинд өсгөвөрлөх, мөн түүнчлэн эмэнд мэдрэг чанар тодорхойлох аргыг Монголд нэвтрүүлээд хоёр сар гаруй болж байгаа бөгөөд  энэ шинэ аргыг шинжилгээнд нэвтрүүлснээр сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, эмэнд дасалтайг оношлох хугацааг хоёр сараар богиносгох ач холбогдолтой юм.

Танай лабораторийн үзүүлэлтээс харахад энэ шинжилгээний аргыг хэрэглэснээр сүрьеэгийн илрүүлэлтийг 23 хувиар нэмэгдүүлсэн нь лабораторийн эмч ажилчдын  уйгагүй ажлын үр дүн юм. Тус лаборатори нь сүрьеэгийн лабораторийн сүлжээндээ аймаг, дүүргийн, сумдын төвшний 37 лабораторийг хамруулж тэдгээр лабораторийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, лаборант нарыг сургаж, дадлагажуулан, шинжилгээний чанарт  хяналт  тавин ажиллаж байна. Мөн Глобаль Сангийн дэмжлэгтэйгээр сүрьеэгийн өвчлөл өндөртэй аймгуудад өсгөвөрлөх шинжилгээний нэгж байгуулсан.

Монголын лаборатори орчин үеийн аргуудыг уламжлалт аргуудтай хослуулан маш сайн ажиллаж байгаа лаборатори бөгөөд олон үзүүлэлтээрээ манай лабораториас илүү байдаг нь Б.Буянхишиг эмчийн ажлын үр дүн юм.

-Та эмэнд дасалтай сүрьеэгийн илрүүлэлтийн талаар ярьсан энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу, энгийн уншигчдад илүү ойлгомжтой үүднээс?

-Монголд олон эмэнд дасалтай сүрьеэ ноцтой асуудал болж, одоогийн байдлаар 900 орчим хүн өвчлөөд байна.  Сүрьеэгийн эсрэг эмийг эмчилгээний явцад эмээ тасалснаас ихэвчлэн шалтгаалж сүрьеэгийн үүсгэгч эмэнд дасалтай болсноор эмчилгээ үр дүнгүй болж байгаа юм. Ийм учраас аль эмэнд дасалтай болсныг лабораторийн шинжилгээнд тулгуурлан батлах шаардлагатай байдаг. Уламжлалт арга нь найман долоо хоног түүнээс дээш хугацаа  шаарддаг бол танайд нэвтрүүлж буй энэ арга нь богино хугацаанд ойролцоогоор дөрвөн долоо хоногт хариу гарах боломжтой.

-Та Монгол дахь Сүрьеэгийн өвчлөлийн байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Сүрьеэг үүсгэгч Микобактери бол 150 сая жилийн өмнө буюу хүнтэй цуг үүсэж дэлхий дээр тархсан. Дэлхийн хүн амын 33 хувь, Монголд ч адилхан гурван хүний нэг нь энэхүү өвчний үүсгэгчээр халдварлагдсан байдаг бөгөөд хүний дархлал сулармагц өвчилдөг. Улаанбаатар хот дахь хөдөлгөөнт хүн ам буюу хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд, оюутнууд, эмзэг бүлгийхний дунд өвчлөл өндөр байна. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүргүүдэд өвчлөл хамгийн өндөр байгаа юм. Монгол улсын хувьд Эрүүл мэндийн Яам, Халдварт өвчин Судлалын үндэсний төв, Глобаль сан зэрэг байгууллагууд нь  Сүрьеэгийн Алба, Лабораториа маш сайн дэмжиж ажилладаг. Харин дүүрэг, аймгуудын Засаг дарга, Эрүүл мэндийн нэгдэл, Эрүүл мэндийн газрууд нь Сүрьеэгийн эмч ажилчдаа дэмжих, Сүрьеэгийн диспансеруудын байрны халдвар хамгаалал дээр анхаарах, лабораториудыг дэмжих тал дээр хангалтгүй тал ажиглагддаг. Сүрьеэ бол нмйгмийн халдварт өвчин энэхүү өвчинтэй тэмцэхэд зөвхөн сүрьеэгийн эмч ажилчид бус нийгмийн бүх л хэсгийн оролцоо маш чухал байдаг, манай оронд тийм байдаг.

А.АНАР

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж