Тангараг өргөсөн цагаасаа хойш орон нутагт түлхүү ажиллах болсон Ерөнхийлөгчөөс үлгэрлэл авсан уу, дуурайсан уу, өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажилласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна. Тэрбээр орон нутагт очиж ажиллахдаа “асуудлыг газар дээр нь шийддэг” трэнд үгтэй болоод буй.Эрх баригч намын дарга, Засгийн газрын тэргүүнтэй барьцсан уу, яав сөрөг хүчин гэнэт л Монголоо тойрон аялах аян эхлүүлж байгаагаа зарлаж, нээлтийн ёслол хүртэл үйлдэв. Ардчилсан намаас эхлүүлж буй “Монголоо сонсъё” үндэсний аяны хүрээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд ажиллаж иргэдийн санал бодлыг сонсох гэнэ.Энэ нь сөрөг хүчний ирэх 2020 оны сонгуулийн акц бөгөөд зорилго нь орон нутагт очиж, иргэдээр эрх баригч намыг муулуулахад чиглэгдэж буй биз.
Улс орны байдал, иргэдийн аж амьдралтай танилцаж, эрх баригчдыг ташуурдах нь сөрөг хүчний үүрэг. Тэр тусмаа нэг нам үнэмлэхүй олонх байгаа нөхцөлд Ардчилсан нам сөрөг хүчний хувиар ард түмнийхээ үгийг сонсох ёстой юу гэвэл тийм.
Эрх баригчдын хувьд сонгогчдынхоо амьдрал ахуйтай газар дээр нь танилцаж, бодлого шийдвэртээ асуудлыг нь анхаарч, тусгах нь зөв үү зөв. Гэхдээ эрх баригчид бүрэн эрхийнхээ хоёр жилийн хугацаанд дотроо хагаралдаж, дов тойрон эргэлдэхээс хэтэрсэнгүй.Уг нь У.Хүрэлсүхээс улс төрийн болоод эдийн засгийн их том реформыг иргэд хүлээж байсан нь худлаа биш. Түүнийг жижиг асуудлаар PR-дах тусам танхимынх нь рейтинг дагаад жижгэрч байгаа нь худлаа биш. Тиймээс засгийнх нь сайд нараас шүд сугалах, бүр цаашлаад танхимаар нь огцруулах асуудал хөндөж буй Ардчилсан намыг үгүйсгэх аргагүй. Үндсэндээ аль ч сөрөг хүчний улс төр нь сөрөх довтолгоо байдгийг Ардын нам ч өөрсдөө сайн мэдэж байгаа байлгүй.Нэгэн цагд М.Энхболдыг улдан долоож байгаад унагаасан Ардын намынхан У.Хүрэлсүхийг хайрцаглах тусам “хаан шалдан” харагдаж байна. Долоон сарын өмнө засгаа шүүмжилж, танхимаа унагаасан У.Хүрэлсүхийн зориг зүрхийг бүлгийнх нь талцал, Ерөнхийлөгчийн шахалт мохоосон уу, юутай ч улс төрийн хайчин галын дунд тэрээр асуудлыг газар дээр нь шийддэг аж ахуйн менежер хүн болгожээ.Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар довоо тойрч эргэлдээд, УИХ-ын дарга нь дов жалганаасаа ч гарч чадахгүй байсаар 2020 оны улс төр эхэллээ. Сонгууль эхэлчихээд байхад юун эдийн засаг гэгчээр, энэ хаврын чуулганаар амжиж хийгдэхгүй бол У.Хүрэлсүхийн засагт өгсөн гэрийн даалгаврууд хийгдэхгүй. Том төслүүд хөдлөхгүй. Татварын болоод Үндсэн хуулийн хүрээнд хийгдэх өөрчлөлт шинэчлэлт ч явагдахгүй. Иймээс “танилцах аялал”-аа дуусгаж, бодлогын том ажилдаа орохгүй бол эдийн засгийн болоод иргэдийн хүлээлт алдарч байна.Мэргэжлийн засгийн Шадар сайдын имижээсээ салахгүй бол Ардын засгийг унагаах Ардчилсан намын сценарийг Ардын намынхан ч дэмжихэд бэлэн байх шиг. Экс сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр Ардын намд бол буй зодооныг анхааралтай ажиглахад ийм л “хар ухаан” төрж байна. Эрх баригчид ингээд довоо тойрох уу, довоо шарлуулах уу…. эсвэл бодлогоо зарлаад, ажлаа хийх үү!
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ