Сүүлийн жилүүдэд Баянгол дүүрэгт томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм байна. Тухайлбал, 2015 оны арваннэгдүгээр сарын 3-нд тус дүүрэгт Хүүхдийн яаралтай тусламжийн төв, амбулатори, 140 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг бүхий Хүүхдийн нэгдсэн эмнэлэг ашиглалтад оржээ. 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр 60 ортойгоор Баянгол дүүргийн Ахмад настны нөхөн сэргээх эмнэлгийг нээсэн байна. Мөн энэ сарын 30-нд 60 ортой дүүргийн хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг ашиглалтад оруулна. Шинээр эмнэлэг баригдсанаар ор, тумбочик гээд юм, юм л шаардлагатай болдог гэдгийг Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ө.Батжаргал онцлов.
News агентлаг нийгмийн хариуцлагаа ухамсарлан Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт өнөөдөр /2018.05.15/ хүүхэд хэвтэн эмчлүүлэхэд шаардлагатай 20 эвхдэг ор хүлээлгэж өгсөн нь цагаа олсон бэлэг болов. Дээрх 20 орыг оргил ачааллын үед ашиглах юм байна.
Баянгол дүүрэгт 2015 онд 0-16 насны 73 мянга гаруй хүүхэд бүртгэлтэй байжээ. Энэ үед хүүхдийн нэгдсэн эмнэлэг баригдаагүй байсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдээ Сонгино-Хайрхан, Хан-Уул дүүргийн эмнэлэг рүү шилжүүлдэг байсан аж. Харин одоо шинэ хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй болсноор дүүргийнхээ хүүхдүүдийг бусад дүүрэг хэсүүлэлгүй эмчлэх боломжтой болж байгаа төдийгүй ор хүрэлцэхгүй гэх асуудал гарахгүй болж буй юм.
Э.Бурам